Шүдний 199 эмнэлэг 2-6 насны хүүхдэд ҮНЭГҮЙ үйлчилнэ

Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгууллаа. 
Хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Шүд, эрүү, нүүрний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус төлөөллүүд оролцов. 
Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос  хөдөө орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдах боллоо.
Дээрх эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг  худалдан авах гэрээ”-г байгуулаад байна. 
Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм. 
Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ. 
Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх харин эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжих юм.
 
Эх  сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан