Орчин цагт бидний тархи нэг зүйл дээр төвлөрч ажиллахдаа сул, нэгээс нөгөө рүү байнга үсчих болжээ.
Интернэтэд мэдээ уншиж байгаад нөгөө рүү шилжих зэргээр нэг зүйлдээ удаан төвлөрөхөө больсон байна. Тиймээс сүүлийн үед мэдээллийн цахим хуудаснууд хүртэл тухайн нийтлэлийг хэдий хугацаанд унших боломжтойг ч тооцоолон гаргах болжээ.
Их Британид судалгаа явуулахад судалгаанд оролцогсдын дөрөвний нэг нь утсаа бариад дэлгэц ширтээд явж байгаад гэрлийн шон мөргөчихсөн хэмээн хариулжээ.
БИДНИЙ АЛТАН ЦАГИЙГ ЮУ ХУМСАЛДАГ ВЭ?
Нийгмийн сүлжээ, зорилтот сурталчилгаа, Youtube болон аппликейшнуудаар дамжуулж технологийн компаниуд бүхэлдээ бидний анхаарлыг татаж, түүгээрээ мөнгө олж байна.
"Технологийн салбар бүхэлдээ бидний анхаарлыг татахад чиглэгдсэн байдаг" хэмээн мэдээллийн технологийн салбарт ажиллаж байсан мэргэжилтэн Белинда Пармар ярьжээ. Тэрбээр технологийн хамааралтай тэмцэх аяны идэвхтэй тэмцэгч бөгөөд технологийн нөлөөлөл бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж буйд ихээхэн санаа зовнидог аж.
"Энэ салбар биднийг дэлхийтэй ойртуулна гэдэг ч үнэн хэрэгтээ цагийг маань хумслах зорилготой" хэмээжээ. “Зарим компаниуд, жишээ нь Netflix тэрийгээ ч нуудаггүй. Netflix-ийн тэргүүн Рид Гастингс тэдний хамгийн том өрсөлдөгч бол нойр гэж хэлснийг бодолцож үзэх хэрэгтэй” хэмээн Пармар ярьжээ. "Хэрвээ та дутуу нойртой яваад байвал яаж анхаарлаа төвлөрүүлэх вэ?” хэмээн ярьсан байна.
Тэрбээр “Шинэ технологид эерэг зүйл их байдаг ч сөрөг тал ч бий” гэдгийг тэмдэглэжээ.
Google компанид ажиллаж байсан Жэймс Уильямс “Технологийн томоохон компаниудын зорилго өөрсдийнх нь үнэ цэнтэй нь нийцэхгүй байна. Хэрэглэгч утас, таблетад аль болох удаан хугацаа зарцуулж, олон товчлуур дарж, олон юм үзэж байх нь тэдний зорилго" хэмээн ярьжээ.
Тэрбээр “Технологийн ийм орчин нөхцөлд хүн зорилгоо биелүүлж, өөртөө цаг зарцуулан, тайван бодож сэтгэх орон зайгүй болж байна” гээд “Боолчлол гэдэг нь өнөөдрийн хувьд бие махбодынх бус бидний анхаарал төвлөрлийн тухай асуудал болоод байна” гэв.
Ихэнх контент үнэгүй байдаг ч хамгийн үнэт зүйл болох цаг хугацааг биднээс хумсалж байна гэжээ.
ҮҮНИЙГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ
Хэрэглэгчийн зан төлөвөөр мэргэшсэн Нир Эяль технологийн компаниуд хүмүүсийн анхаарлыг татахын тулд ямар арга хэрэглэдэг талаар мэддэг байна. Учир нь тэрбээр компаниудад энэ талаар сургалт явуулдаг байсан аж.
Тэрбээр сатаарахаа болиход дараах зөвлөгөөг өгчээ.
Алхам 1- Нийгмийн сүлжээ, утас таблет үзэхэд тусгай цаг гарга
Өөртөө нийгмийн сүлжээ, утас таблет, зурагт үзэхэд тусгай цаг гарга. Тэгснээр энэ нь таны үнэтэй цагийг хумсалж байгаа мэт санагдахгүй.
Алхам 2- Анхаарал сарниулагчаас ангижир
Таны анхаарлыг сарниулдаг утасныхаа дуу болон notification-ийг унтраагаарай
Алхам3- Хянах аппликейшн суулгаарай
Та утсандаа өнгөрүүлж буй цаг хугацааг хянадаг аппликейшн суулгаад өөртөө дүгнэлт хийгээрэй. Таны анхаарлыг утас эсвэл таблет сарниулдаг гэдгийг ойлгосон цагт та өөрөөсөө холдуулж эхэлнэ.
ТЕХНОЛОГИОС БҮРЭН АНГИЖРАХ УУ?
"Томчууд, хүүхдүүд ялгаагүй бүгд дэлгэцийн хамааралтай болчихоод байна. Бид бие биетэйгээ харилцахаа больж байна" хэмээн Австралийн сэтгүүлч, ээж Сьюзен Мосхарт хэлжээ.
"Технологи бидний гэр бүлдээ тавих анхааралд сөргөөр нөлөөлж байсан. Тиймээс бид бүх дэлгэцээ унтраагаад хагас жил амьдарч үзлээ. Бид зүгээр л бүх төхөөрөмж, зурагт, нөүтбүүкээ агуулахдаа хийчихсэн" хэмээн ярьсан байна.
Тэрбээр "Хүмүүс бие бие рүүгээ харж ярилцаасай гэж хүссэн юм. Хамтдаа хоолны ширээний ард сууж байхдаа зурвас бичиж, бичлэг үзэхийн тулд хоолоо яарч идээсэй гэж хүсээгүй юм. Би гэр бүлээ эргүүлэн авчрахыг хүссэн" гэжээ.
Төхөөрөмжүүдээ хураасны үр дүнд бие биетэйгээ харилцан ярилцахад илүү анхаарах болсон хэмээн Сьюзан ярьжээ.
Эх сурвалж: BBC