Монголчуудын уламжлалт сар шинийн баяраар айл бүхэн хэвийн боовоор идээгээ засдаг. Гэтэл сүүлд нь тэр олон ширхэг хэвийн боовыг хэрхэн дуусгахаа мэддэггүй. Харин сүүлийн жилүүдэд эзэгтэй нар гэрийн нөхцөлд хэвийг боовыг нунтаглаж, өндөг, чихэр, масло, молоко нэмээд торт, кекс хийх болсон. Энэ нь идэхэд илүү амттай байдаг биз. Гэвч энэ нь буруу зүйл, зөв хооллолтын горим алдагдаж байна гэх шүүмжлэл дагуулаад байгаа.
Энэ тал дээр хоолны технологийн мэргэжилтэн болон хоол судлаачдаас лавлан асуухад судлагдсан зүйл байхгүй ч хүний биед асар их өөх тосыг оруулж байгаа учир тийм ч зөв хоол биш гэдгийг хэлж байсан юм.
Ингээд энэ талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хоол зүйч доктор, дэд профессор М.Пүрэвжаваас тодрууллаа.
-Эзэгтэй нар хэвийн боовоор бялуу, кекс хийх болжээ. Хэдийгээр амттай болдог ч ингэж хийх нь буруу гэдгийг зарим хүн хэлж байна. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Орчны бохирдолтой энэ үед бидний нүдэнд үл үзэгдэх тоос, тоосонцорууд гэрт ширээн дээр ил хоёр, гурав хоносон идээнд наалдсан байдаг. Ширээний тоос арчихгүй нэг хоноход л нүдэнд үзэгдэж, гарт мэдрэгдэх ямар их тоос байдаг билээ. Тэгэхээр яг л тэр хэмжээний тоос, тоосонцорууд хэвийн боовон дээр наалдаж байна гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр ширээн дээр 3-4 хоног ил тавьсан хүнсийг буталж, боловсруулан, амт оруулагч, тос, масло, чихэр нэмээд дахин дулааны ажиллагаанд оруулна гэдэг бол яав ч эрүүл хооллолт биш.
Мөн хэвийн боов өөрөө хийгдэхдээ маш их өөс тосыг агуулсан байдаг. Шар тос, цөцгийн тос, трасс тос, маргарин гээд янз бүрийн зүйл хийсэн байж болно. Чихэр ч найрлаганд нь багтаж байгаа. Дээрээс нь өөрийг нь тосонд шарж болгосон байдаг. Тэгэхээр хэвийн боовны шим тэжээлийн агууламж нь асар өндөр байдаг. Гэтэл дахиад дээр нь чихэр хийгээд масло, өндөг хийгээд бялуу хийнэ гэдэг бол дотор байх ёстой чихэр тосны агууламж асар өндөр болж байгаа юм.
Ингээд ярихаар хүмүүс тасалгааны температурт байгаа, тасалгаанд олон хоног тавьсан хэвийн боовыг бялуу болгодоггүй юм аа иднэ. Хэрэв идэх юм бол бас л тоос наалдсан хэвийн боов идэх юм бишүү гэсэн асуулт гарч ирж байна.
-Харин тийм?
-Ер нь бол дээр үед агаар цэвэр байсан орчинд магадгүй нэг хоёр хоног ил байсан хүнсний бүтээгдэхүүн аюул багатай байсан байж магадгүй. Одоо хотжилт явагдчихсан ийм нөхцөлд ийм байдлаар хоол хүнсийг удаан хадгалж иднэ гэдэг бол өөрөө эрүүл зөв хооллолт, аюулгүй хооллолт гэдгийг зөрчиж байгаа юм. Яалт ч байхгүй бид зан заншлаа эвдэж чадахгүй. Бэлэг дэмбэрэлийнхээ үүднээс таваг засаад баяр тэмдэглэж байна. Гэхдээ зан заншлаа эвдэх гээд байгаадаа биш бид нарын амьдарч байсан орчин өөрчлөгдсөнд байгаа юм.
Юутай ч бидний амьдарч байгаа орчны агаарын бохирдлоос шалтгаалаад хоёр, гурав хоног ширээн дээр байсан хэвийн боовонд тоос, тоосонцор нуугдсан байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь боловсорсон бүтээгдэхүүнийг задлаж, амтлагч чихэр тос, нэмээд дахин боловсруулж, торт, бялуу хийхэд хүний биед очих ёстой тосны хэмжээ төдий хэрээр ихсэнэ гэсэн үг. Ер нь бол иргэд шим тэжээлийн бодисоор дутагдаж, давс чихрээр илүүдэж байна. Энэ харьцаа алдагдчихаад байгаа учир янз бүрийн өвчнөөр их өвчилж байна.
Х.Соёл