Ходоод хогийн сав болж, хүнсний АЮУЛГҮЙ БАЙДАЛ алдагджээ

Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Хүн амьд явах эрхтэй" гэсэн суурь зарчим нэгэнт алдагджээ. Гэхдээ бид энхийг сахиулахдаа тулж, амиараа дэнчин тавьсангүй, хариас, хилээс ямар нэг заналхийлэл ч алга. Тэр тусмаа далайн хүчтэй шуурга, цунами, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс ч хол улс орон юм. Гэтэл хүнсний аюулгүй байдал алдагдаж, бидний амь насанд заналхийлэх боллоо. 
 
Геополитек, эдийн засгийн аюулгүй байдал, олон улсын харилцаа гээд индэр дээрээс том том номлол айлдах хойгуур Монгол Улсад хүнсний аюулгүй байдал нэгэнт алдагдаж, сүйрлийн ирмэгт ирснийг саяхны нэгэн жишээ дахин баталж өгөв. Учир нь “Таван фүүдс” компанийн түргэн хоолны “KFC” сүлжээ газраар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, өнөөдрийн байдлаар 80 гаруй хүн пицца, бургер, тахиа идсэн гэх шалтгаанаар эмнэлэгт хандаж, 22 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Зөвхөн энэ удаагийн “KFC” сүлжээ хоолны газрын асуудал тэр чигтээ хүнсний аюулгүй байдалд заналхийлгүүлсэн орон болсныг харуулж байна.
 
Эх сурвалж, албаны хүмүүсийн хэлж байгаагаар “KFC” сүлжээ газар нь БНХАУ-ын Шаньдун мужаас тахианы мах бусад түүхий эдээ импортолдог юм байна. Ямартай ч “KFC' сүлжээ хоолны газрын тахианаас халуунд тэсвэртэй бактери, их хэмжээний нитрит илэрсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Нөгөө талаас нь харвал, дэлхийн 135 оронд салбартай дэлхийн брэнд болсон “KFC”-ийг энэ айл шороотой нь хутгаж орхилоо. Үүнийг хатуугаар бол "KFC"-д монголчууд бидний сервис гологдлоо гэж ч хэлж бас болно. Уг нь бид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл эзнээ олдог бол өмнөд хөршөөс муудсан тахиа бусад түүхий эд импортлохооргүй боломжтой улс. Гэтэл өнөөдөр хүнсний хэрэглээний 50 гаруй хувийг импортоор авдаг гэсэн статистик бий. Тэр тусмаа жимс жимсгэний 90 хувийг импортоор авч байгаа шүү дээ. 
 
Чухам яагаад ийм хэмжээний хорыг хүнс нэрийн дор хил гаалиар оруулаад байгаа юм. Мэргэжлийн хяналтын болон бусад холбогдох байгууллагууд иргэд олон нийтэд хоол хэмээн хор өгөөд байхад яагаад мэдэхгүй байгаа юм бэ?. Нийслэлийн мэргэжлийн хяналтын гэх газар энэ тал дээр ямар ч анхаарал хандуулаагүй байж. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр хордсон хойно нь тус газрын Лабораторийн төвийн эрхлэгч М.Бадамцэцэг "Бүх дээжнээс эрсдэлтэй" гэсэн хариу гарсан хэмээн мэдэгдэж зогсоно. Мөн холбогдох газраас бүх салбарыг хаах тухай шийдвэр дөнгөж сая гарч байх жишээтэй. 
 
Өнгөрөгч онд гэхэд “Ханару” нэртэй солонгос компани хугацаа нь дууссан далайн бүтээгдэхүүний шошгийг өөрчлөн хугацаа нь дуусаагүй мэт болгон сүлжээ ресторан, дэлгүүрүүдээр тарааж байсан зөрчлийг “Босоо хөх Монгол”-ынхон илрүүлж байв. Өнөөх хил гааль, Мэргэжлийн хяналт болон бусад байгууллага бус иргэний нийгмийн байгууллагынхан илрүүлж байгаагийн цаана Монгол Улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан, нэгдсэн бодлого, стандарт байхгүйг харуулсан явдал болсон. Мэргэжлийн хяналтынхан хэмээх эрхмүүд гудамж, талбайд наймаа эрхэлж байгаа хүүхэд хөгшид, ТҮЦ-үүдийг айлгахаас хэтэрдэггүй нүсэр бүтэцтэй байгууллага юуны тулд төсвөөс санхүүжин суугаад байна вэ гэж асуухад хүргэж байна. Дээрх “Ханару”-гийн бүтээгдэхүүний хугацаа 2015-2017 онд дууссан, Өмнөд Солонгостоо устгалд оруулах заалттай байсан гэдэг. Энэ бол монголчууд биднийг доромжилж байгаагийн нэгэн хэлбэр ч гэж болно. Хууль хяналт нь чанга, мэргэжлийн байгууллагууд нь ажлаа сайн хийж байгаа бол гадны нэг наймаачин бидэнд хугацаа нь дууссан хор аягалаад барихгүй нь лавтай. 
 
Үүнээс гадна “Монгол Ламиан” компанийн харьяа Хятад зоогийн газар жоомтой орчинд дизель түлш ашиглан хоол хийж, жоом их хэмжээгээр бэлчсэн зөрчил ч илэрч байв. Үүнийг бас л мэргэжлийн байгууллагынхан бус хувь иргэн илрүүлж байв. Уг нь 2012 онд баталсан Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Энэ хуулиар Аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, дотоод хяналтыг нь бэхжүүлэх дэвшил бий болгосон гэдэг. Гэтэл өнөөдөр “KFC” хэмээх улсад бүтгэлтэй Аж ахуйн нэгж нь олон арваар нь хүн хордуулчихсан байгааг харахад энэ хууль хөрсөн дээр хэрэгжиж байгаа нь үгүй гэдгийг харж болно. Аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмсэн ч тэдэнд төрөөс үзүүлж буй дэмжлэг алга. Өнөөх ЖДҮ нь томоохон жишээ юм. 
 
Гэхдээ энэ хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын жишиг буюу ул мөрийг мөшгин тогтоох бүртгэлийн тогтолцоог бий болгох хамгийн чухал журмыг нь хүчингүй болгосонд ч бас учир байдаг аж. Мөнхүү 2016 онд “Органик хүнсний тухай хууль”-ийг батласан. Энэ хуулийн хэрэгжилт бас л алга. Өнөөх л импортын хүнсний бүтээгдэхүүн зах зээл дээр зонхилж, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог хятад бүтээгдэхүүнтэй холин зарсаар байна. Яагаад мэргэжлийн хяналтынхан энэ мэт зүйлээ хянаад явчихаж чаддагүй юм бэ? Нэг талаараа эх оронд үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг дэмжсэн энэ хуульд “Таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн заавал органик байна” гэсэн заалт үгүй тул үүнийг зохицуулах, хянах чадамжгүй гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж байна. 
 
Шинэ тутам хөгжиж байгаа манай орныг бизнес хийхэд тохиромжтой улс гэж олон улсад хардаг байна. Гэхдээ тухайн орныхоо хууль хяналтын дагуу ажиллах чадваргүй, хөрөнгө чинээ нь хүрдэггүй гэх мэт олон шаардлагын улмаас Монгол Улсыг зөөлчлөн зорьдог үзэгдэл ч бий гэх. Тэгэхээр монголчуудын ходоодыг хогийн сав гэж санадаг ч хүмүүс байдаг бололттой. Энэ мэт сүлжээ бизнесийг Монгол Улсад тохирох тохирохгүй нь хамаагүй, нутагшуулахад нь түшиж тулдаг эрхэм түшмэд ч байдгийг нуусангүй. Уг нь цаг уурын эрс тэс уур амьсгалтай, уламжлалт арга барилаас эхлээд ахуйн олон зүйлээр өвөрмөц онцлогтой монголчууд бидэнд нутагших, эс нутагших зүйл гэж байгааг ч санахад илүүдэхгүй. 
 
Бид уг нь гуравхан сая хүн амтай, 70 гаруй сая толгой малтай, нэг сая гаруй га тариалангийн эргэлтийн талбайтай улс оронд амьдарч байна. Гэтэл хүнсний хэрэглээнийхээ талаас илүү хувийг импортоор авч байгаа нь эрсдэлт нөхцөл яахын аргагүй мөн.
Zindaa.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан