Эрүүл мэндээс чухал зүйл гэж юусан билээ. Түүнийг дэлгүүрийн лангуунаас хүссэнээрээ биш юмаа ганцыг сэлгээд, солиод авах боломж бийсэн билүү. Хүн өөрийн эрүүл мэндийг нүдний цөцгий мэт хайрлаж, энхрийлэхгүй бол түүнийг хэн захирч, энэрэх билээ дээ. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн хэтэрхий хайхрамжгүй, хэнэггүй зангаасаа болж өвдөж, цаашлаад наснаасаа эрт хорвоог орхиж байна.
Дэлхий дахинд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлд зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, мөн илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, саахарын хэмжээ нэмэгдэх зэрэг байгааг ДЭМБ-аас тогтоожээ. Ингэснээр халдварт бус өвчлөл нь энэ зууны “Чимээгүй тахал” гэж нэрлэгдээд буй. Хотжилт, хүн амын нягтаршил, орчны болон агаарын бохирдол, амьдралын буруу хэвшил нь халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх шалтгаан болсоор байгааг тэд тайлбарладаг. Энэ нь манай улсын хүн амыг ч тойроогүй. Тэрбүү хэл өвчлөлөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Тухайлбал, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас хамгийн сүүлд 2016 онд хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл, тэдгээрийн 32 хувь нь 30-70 насныхныг хамран цагаас эрт нас барж байгааг тогтоосон байдаг. Уг үзүүлэлтийг бага болон дунд орлоготой бусад оронтой харьцуулахад манай улс дэлхийд халдварт бус өвчний өндөр тархалттай хоёр дахь орон гэж нэрлэгдсэн юм. Цаашлаад өвчний архагшсан, хожуу үед өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээ хийж, үүнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгааг тогтоосон байдаг. Тэгэхээр бид хайхрамжгүй, залхуу, хэнэггүй, өөртөө хайргүй байна гэсэн үг юм. Үүнийг товчхоноор тоон мэдээлээр баталъя.
-2011 онд 20 хүүхэд тутмын нэг нь тарган байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо зургаа болж нэмэгдсэн.
-Хорт хавдраар нас барж буй таван хүний нэг нь тамхи татдаг.
-Хавдраар оношлогдож байгаа найман хүний нэг нь тамхи татдаг.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэхэд тохиромжтой гэдгийг тогтоон зөвлөсөн байхад манай улсын иргэдийн давсны хэрэглээ энэ тооноос 2.5 дахин их буюу 11.5 грамм байгаа.
-Чихрийн шижин өвчин арван мянган хүнд 100 байна гэх мэт. Энэ бол түүвэрлэсэн зөвхөн энгийн жишээнүүд.
Үүнтэй тэмцэхээр манай улс “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” хүртэл боловсруулаад буй. НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын хүрээнд манай улс “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар тухайн өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь, архины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомсдлыг 10 хувь, давс, тамхины хэрэглээг 30 хувь, цусны даралт ихсэлтийг 25 хувь,таргалалт, чихрийн шижингийн өсөлтийг тогтоон барих”-аар, хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүнд чанар, стандартыг чанд мөрдүүлэх, 10000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 17.4, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хүртэл бууруулах”-аар дэвшүүлээд буй.
Өнгөрсөн оны Эрүүл мэндийн яамны төсвийн 42 хувийг халдварт бус өвчний эмчилгээ, оношилогоо, иргэдэд мэдээлэл өгөх зэрэгт зарцуулсан байна. Хэдийгээр Монгол Улсын иргэн эрүүл амьд явах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Төр иргэнд үйлчлэх үүрэгтэй. Мөн өнөөдөр иргэдийнхээ эрүүл мэндэд заналхийлсэн нийгэмтэй. Утаандаа униартаж, хүнсний аюулгүй байдал алдагдсан, импортын бүтээгдэхүүнд дотоодын зах зээл эзлэгдсэн ч эрүүл мэндээ хайрлах нь тухайн иргэний өөрийн ухамсарын асуудал юм. Хоол хаяж болохгүй, амны хишигт муу гэдэг ардын үгэнд автаад хоносон хоолоо өглөө нь халааж иддэг. Стрэсс их байна гэдэг шалтгаанаар хэсэг хэсгээрээ энд тэнд тамхи асааж, архи уух. Сүүлийн үеийн амьдралын хэв маяг гээд хөдөлгөөнийг мартах. Хүйтэн, халуунд хувцасаа тохируулж өмсөх, өөртөө тохирсон жингээ барих, нэгэнт л хүнсний аюулгүй байдлыг төр анхаарахгүй болсон цагт өөрийнхөө идэж буй хүнсэнд анхаарах, аливаа асуудалд буурьтай хандаж, сэтгэл зүйн хувьд зөв тайвшрах, цайны цагаараа хэдхэн минут ажлын цагнаасаа холдоод тайван хооллох гэх мэтэд хэвших л асуудал. Дор хаяж утаатай байгааг нь мэдсээр байж амны хаалт зүүж хэвших, давсыг цагаан гаа, сармисаар орлуулах гэх мэт таны багахан хичээл зүтгэл өөрийн тань эрүүл мэндийг аливаа эрсдэлээс хамгаалж чадах юм. Өөрөөр хэлбэл, төрөөс жилд зарцуулсан 700 тэрбум төгрөгөөс, аюулгүй байдлыг төрөөс хүсэж цахим ертөнцөд бухимдахаас илүү амьдралын зөв хэвшил эрүүл мэндийг тань аварна.