М.Энхцэцэг: Ханиад, хатгаа гэсэн онош өөртөө тавиад сүрьеэгээ хүндрүүлээд ирдэг

Хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин ихэсч,  уушгины хатгалгаагаар хүндэрч байна. Хэрэв 14 хоногоос дээш хугацаанд ханиалгаж байвал уушгины  сүрьеэ байж магадгүй гэж үзэн ялган оношлогоог хийлгээрэй гэдгийг эмч нар зөвлөж байна. Энэ тухай П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн их эмч М.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Хүйтний эрч чангарах тусам ханиад томуугийн өвчлөл нэмэгддэг. Мөн дархлаа сулрах, ханиад хатгалгаа хавсарсан байдлаар хүрэх зэргээс шалтгаалан сүрьеэгийн өвчлөл бас  нэмэгдэж байна гэх юм. Танай тасагт сүрьеэгээр өвчлөгсөд хэр их ирж байна вэ?
-Ойрын өдрүүдэд манай тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Сүүлийн үед дүүргийн эмнэлэгт хатгалгаа гэж эмчлүүлээд үр дүн өгөөгүй хүмүүс шатлал ахиулж оношлогоо, эмчилгээ хийлгэхээр манай эмнэлгийг зорин ирж байна.
Сүрьеэ өвчнийг ХӨСҮТ болон харьяа дүүргийн сүрьеэгийн эмчийн хяналтанд эмчилдэг. Харин манай тасаг хавдар, сүрьеэгээс бусад амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүмүүсийг эмчилдэг юм. Ер нь сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байна.
-Сүрьеэгээр хүүхэд, залуус их өвдөж байна гэх юм. Ер нь танай эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүс насны хувьд ямар байна. Монголд жилд хэдэн хүн сүрьеэгээр өвчилдөг юм бол?
-Манай улсад  жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол шинээр бүртгэгддэг.
Үүний 70 гаруй хувийг хөдөлмөрийн насныхан буюу 16-44 насны залуучууд эзэлж байна гэсэн судалгаа байдаг.
Уушгины сүрьеэгээр сүүлийн үед оюутан залуус их өвдөж байна. Энэ нь сүрьеэ өвчин  нийгмийн тулгамдсан асуудал болохыг харуулж байна.
Тэр дундаа манай оронд төдийгүй дэлхий дахинд эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдлууд ихэсч байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож байна.
-Эмэнд дасалтай сүрьеэ үүсэх гол шалтгаан нь юу байх вэ. Мөн та сүрьеэгийн шинжилгээ, оношлогооны талаар товчхон мэдээлэл өгөөч. Иргэд энэ талын мэдээлэл муутай яваад байдаг. Сүрьеэгийн шинжилгээ өгөхдөө иргэд яг юуг анхаарах вэ?
-Эмэнд дасалтай сүрьеэ үүсэхэд тухайн өвчтөн сүрьеэгийн эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэхгүй байх, эмчилгээг таслах зэрэг нь нөлөөлдөг. Дээрээс нь эмэнд дасалтай сүрьеэ нь нийгэмд болон  тухайн гэр бүлд ихээхэн хор уршиг учруулдаг. Энэ төрлийн сүрьеэг эмчилгээний хоёрдугаар бүлгээр эмчлэх бөгөөд гаж нөлөө ихтэй, үр дүн муутай байдаг. Тиймээс иргэд шинжилгээгээ үнэн зөв өгөх хэрэгтэй.
Шинжилгээний тухайд, цэрэнд сүрьеэгийн үүсгэгч илрүүлэх  шинжилгээг хийж уушгины сүрьеэг оношилдог. Тиймээс иргэд цэрнийхээ шинжилгээг хийлгэхдээ зөв ханиалгаж, хангалттай хэмжээний цэр өгөх хэрэгтэй. Мөн уушгины рентгэн зураг авахуулах, шаардлагатай тохиолдолд өндөр нарийвчлалтай уушгины компьютер томографийн шинжилгээг хийж, оношийг бүрэн тавих боломжтой.
-УГТЭ-ийн шинжилгээний оочер дугаар бас хүлээгдэл ихтэй байдаг. Одоо ямар байгаа вэ. Мөн зарим иргэд гурав дахь шатлалын эмнэлэгт ирээд,  давтан шинжилгээ өгөх дургүй байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай эмнэлгийн зарим шинжилгээ арванхоёрдугаар сарыг дуустал очер дугаараа авчихсан байгаа. Тиймээс зарим үйлчлүүлэгч дүүргийн эмнэлэг, хувийн эмнэлгүүдэд шинжилгээгээ өгчихөөд, хариугаа аваад ирдэг.
Харин зарим хүмүүс нь очер дугаараа хүлээгээд, хугацаа алдах явдал бий.
Гэхдээ бид ямар ч тохиолдолд, хүнд өвчтөнийхөө онош тодруулах шаардлагатай  бүх шинжилгээг эмнэлэгтээ хийж байгаа.
Гурав дахь шатлалын эмнэлэг бол илүү нарийвчилсан оношлогоо  шинжилгээнүүдийг хийдэг. Жишээ нь, саяхан аймагтаа шинжилгээ хийлгээд ирсэн, бичиг нь энэ байна гээд уурлах хүн таардаг.
Гэтэл тухайн шинжилгээн дээр шаардлагатай зарим үзүүлэлт нь байхгүй байх тохиолдолд зарим шинжилгээг нэмж хийдэг.
-Хугацаа алдаж оношлогдох нь нөгөө талаараа иргэдийн дунд сүрьеэгийн тухай ойлголт сул байгаатай холбоотой юу. Эсвэл ханиад томуутай андуураад яваад байна уу. Ер нь хүндэрсэн хүмүүс хэр их ирж байна?
-Манай улсад жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод байна. Нийслэлийн бүх дүүрэг ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх гээд хүн ам ихтэй, шилжин суурьшигч олонтой дүүрэгт сүрьеэгийн өвчлөл өндөр байна. Нөгөөтэйгүүр, энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой.
Өнөөдөр л гэхэд уушгины баруун дээд талдаа нэвчдэстэй охин орж ирж байна. Хоёр сар хатгалгаа гээд эмчлүүлчихсэн байсан.
Сүрьеэгийн эмч энэ хугацаанд үзээд л яваад байсан байгаа юм. Гэтэл сүрьеэгийн ойлголтоо өөрөө асуудалтай, эдгэшгүй өвчин мэтээр хүлээгээд авчихсан учраас эмчийнхээ зөвлөснөөр шинжилгээгээ өгөөгүй явж байх жишээтэй.
Энэ мэтчилэн сүрьеэгийн шинжилгээнээс зугтах, үүнээсээ болоод хугацаа алдаж эмчлэгдэх тохиолдол гарсаар байна. Тиймээс сүрьеэгийн өвчлөлийг иргэдэд зөв ойлгуулах, хүндрэл нь уушгинд илүү хор хөнөөлтэй.
Уушгинд бүтцийн өөрчлөлт өгдөг, цооролт үүсдэг, хатуурал үүсгэдэг,  сүрьеэгийн өвчлөл дээр хугацаа алдаж болохгүй гэдгийг иргэдэд  ойлгуулах хэрэгтэй байгаа юм.
Дахиад компьютерийн шинжилгээ хийлгэх ёстой байхад л хийлгээгүй явж байх жишээтэй. Хэдийгээр боломжтой, боломжгүй байгаа ч гэсэн өвчнийхөө оношийг зөв тодруулж, эртхэн эмчлүүлэхийн тулд шаардлагатай шинжилгээнүүдийг хугацаа алдахгүй хийлгэх нь чухал байна.
-Сүрьеэгийн шинж тэмдэг мөн л ханиалгаж, халуурахаас эхлэдэг. Гэтэл зарим иргэд “Ханиад туссан” гэсэн онош өөртөө тавиад, сүрьеэгээ хүндрүүлээд ирдэг гэсэн.  Энэ тухай та юу хэлэх вэ.  Сүрьеэгийн өвчлөл ямар хүмүүст дийлэнх тохиолдож байна вэ?
-Сүрьеэ нь амьсгалын замын халдварт өвчин учраас гаднах болон доторх агаарын бохирдол, орчны таагүй байдал нөлөөлөх нэг хүчин зүйл нь болдог.  Нөгөөтэйгүүр, манай улсын хүн амын дундах хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Сүүлийн үед  оюутнууд сүрьеэгээр их өвчилж байна гэдгийг дээр дурьдсан. Ажил, мэргэжлийн онцлог, ажлын ачаалал зэргээс шалтгаалан цэцэрлэгийн багш нар, банкны теллерүүд, олон нийттэй харилцах үйлчилгээний ажилтнуудад сүрьеэг эрт илрүүлэх шинжилгээг тогтмол хийх хэрэгтэй. Хүмүүс ядрах, биеийн дархлаа сульдах, сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд сүрьеэгээр өвдөх, сэдрэх эрсдэл өндөр байдаг.
-Энэ өвчнийг ханиад, хатгалгаатай андуурахгүйн тулд иргэд юуг илүү анхаарах вэ. Мөн сүрьеэгээр өвдсөн тохиолдолд биед ямар шинж тэмдэг илрэх вэ. Хамгийн гол нь ханиад, хатгаанаас яаж ялгах вэ?
-Нэгдүгээрт маш их ханиалгаж, бага хэмд халуурна. Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж, шалтгаангүй халуурч, хөлрөх шинж илэрч, бие сульдаж байгаа бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Ядарч сульдаад турж эцээд арьс харлах юм бол эмчид хандах хэрэгтэй.
Гэтэл иргэдийн дийлэнх нь ханиад туссан гэсэн онош өөртөө тавиад сүрьеэгээ хүндрүүлээд ирдэг. Хүндэрсэн тохиолдолд хийгдэх эмчилгээнээс эхлээд, эдгэх нь удаан үргэлжилдэг.
Тиймээс иргэд, үйлчлүүлэгчдэдээ нэг л зүйлийг хандаж хэлмээр байгаа юм. Сүрьеэ өвчин  бол  эм уугаад  эдгэрдэг өвчин.  Хэрэв сүрьеэгийн эмчилгээгээ таслах, дутуу орхивол үүнээс шалтгаалж  эмэнд дасалтай сүрьеэ үүсдэг.
Тиймээс иргэд үйлчлүүлэгчдэдээ эмчийн заавраар, эмээ тогтмол, таслалгүй ууж байхыг зөвлөмөөр байна. Биеийн дархлаагаа л сайн дэмжих юм бол сүрьеэгээр өвчлөхгүй байх боломжтой.
-Сүрьеэ бол амьсгалын замын халдварт өвчин гэхээр л  хүмүүс айгаад байдаг. Мөн ханиалгаж, найтаасан хүмүүсээс сүрьеэтэй байх вий гэж их цэрвэдэг. Тиймээс та иргэдэд мэдээлэл өгөх үүднээс сүрьеэгийн халдвар тархах зам, өвчлөх шалтгаан зэргийг товчхон дурьдаач?
-Сүрьеэ өвчнийг уушгины ба уушгины бус эрхтэний сүрьеэ гэж ангилдаг.  Уушгины сүрьеэ 70 хувийг эзлэх бөгөөд дотор нь түрхэц эерэг, түрхэц сөрөг  гэж хуваадаг. Сүрьеэгийн өвчлөл нь ихэнх тохиолдолд (70 хувь) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно. Мөн энэ өвчнөөр бас хэн ч өвчилж болно.
Учир нь, сүрьеэ нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг.
Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг. Уушгины хэлбэрийн сүрьеэг дотор нь халдвартай, халдваргүй гэж хоёр ангилдаг. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян илэрсэн байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг.
Өөрөөр хэлбэл, зөвхөн уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрний шинжилгээнд нь сүреэгийн нян эерэг буюу халдвартай эсрэг байгаа хүн ханиалгах,  найтаах, цэрээ хаях, ярих  зэрэгт  сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг.
Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй. Халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай.
-Эмч сувилагч нарын дунд сүрьеэгийн халдвар авах эрсдэл өндөр байна гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Эрүүл мэндийн байгууллага нь өөрөө сүрьеэгийн халдвар тархах эрсдэлтэй орчин гэж хэлж болно доо. Жишээ нь, амбулаториор үзүүлж байгаа өвчтөн “Би ингэж ханиаж байгаа” гээд л амаа даралгүй өөдөөс ханиалгаад үзүүлдэг.
Тиймээс бид өрөөнийхөө үүдэнд “Та амны хаалтаа зүүж үйлчүүлнэ үү” гэсэн бичиг хадсан байдаг. Гэтэл тэр болгон амны хаалттай орж ирээд үзүүлэх хүн ховор байна. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сүрьеэгийн халдварын талаарх ойлголтыг үнэн зөв өгөх шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан