Х.Оюун-Эрдэнэ: Хүүхдийг эрт унтуулах нь дархлааны системийг сайжруулдаг

Уушгины хатгалгаа өвчний талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн зохицуулагч эмч Х.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 
-Хатгалгаа өвчин хүнд­рэхдээ сүрьеэ болдог гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэтэл зарим хүмүүс үүнийг үгүйсгэдэг. Аль нь зөв ойлголт юм бол?
-Хатгалгаа өвчин сүрьеэ болно гэж байхгүй. Эдгээр өвчнүүд нь адилхан уушгины үрэвсэлт өвчин хэдий ч өөр өөр үүсгэгчтэй, хоёр өөр төрлийн өвчин юм. Өвчин үүсгэгч бактери нь өөр гэсэн үг. Түүнээс биш хатгалгаа хүндрээд сүрьеэ өвчний хэлбэрт шилжинэ гэж байхгүй. Шинж тэмдгийн хувьд ч өөр. Сүрьеэгийн шинж тэмдэг удаан явагддаг бол, хатгалгааны шинж тэмдэг маш богинохон хугацаанд болдог байх жишээтэй. Сүрьеэгийн бактери 24 цагт нэг удаа хуваагддаг учраас шинж тэмдэг нь удаан илэрдэг. Сүрьеэгийн хамгийн эхний шинж тэмдэг 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, ядрах, сульдах, хоолны дуршил буурах, шөнөдөө хөлрөх, орой халуурах, турах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин хатгаа өвчин бол цочмог янзтай, үүсгэгч нь хурдан байна. Хатгалгаа өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхэд өвчилдөг. Хатгалгаа бол халдварт өвчин биш бөгөөд үрэвсэлт, хурц өвчинд ордог. 
-Ихэвчлэн бага насны хүүхдүүд хатгалгаа өвч­нөөр өвчлөөд байгаагийн учир нь юунд  байдаг юм бол. Эцэг, эхчүүд хүүхдээ өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ? 
-Бага насны хүүхдийн биеийн дархлааны систем гүйцэд хөгжөөгүй байдаг тул дархлаа нь сул байдаг. Аливаа томуу, томуу төст өвчин агаар дуслын замаар халдварладаг учраас дархлаа сул хүүхэд амархан өвдөх эрсдэл өндөртэй байна. Тиймээс хүүхдийнхээ дархлааг маш сайн дэмжих хэрэгтэй.
-Сүүлийн үед дарх­лаа сэргээх эм, бэлдмэлүүдийг таашаах­гүй болсон гэсэн. Гэрийн нөхцөлд хүүхдийн дарх­лааг хэрхэн дэмжвэл зохимжтой вэ?
-Хамгийн түрүүнд хүүхдээ сайн унтуулж, амрааж байх хэрэгтэй. 21:00 цагаас шөнийн 00:00 цагийн хооронд хүүхдийн дархлааны систем идэвхжиж байдаг оргил үе тул энэ үед хүүхэд унтаж байх нь дархлаа сэргээх хамгийн сайн арга болдог. Түүнээс гадна шим тэжээллэг хоол, унд сайн өгөх нь дархлааг дэмжихэд шууд нөлөөлнө. Хүүхдийг хэзээ ч өлсгөж болохгүй. Шаардлагагүй бол хүүхдээ олон хүнтэй газраар авч явахгүй, дулаан хувцаслаж байвал ханиад, томуу хүрэх эрсдэл бага байна. Гэрийн нөхцөлд ханиад, томуугаас сэргийлэх хамгийн энгийн арга бол содатай усаар өглөө бүр хоолой болон амны хөндийгөө зайлах юм. Бага насны хүүхдийг ясны шөл, хар цай зэрэгт оруулж, аль болох уламжлалт аргаар дархлааг нь дэмжих хэрэгтэй. 
-Уушги устах нь хатгалгаатай холбоотой юу. Эсвэл өөр үүсгэгчтэй байдаг юм болов уу?
-Уушги устах гэж ярьдаг боловч энэ нь уушги устаж байгаа явдал биш юм. Уушгины гадна талаар хучсан хальс болон хавирганы дотуур байгаа хальс хоёрын дунд 50 грамм шингэн байх нормтой. Энэ шингэн байх ёстой хэмжээнээсээ ихсэхийг уушги устах гэж нэрлээд байгаа юм. Энэ нь үрэвслийн гаралтай, сүрьеэгийн гаралтай, хавдрын гаралтай гээд гарлын хувьд олон янз байна. Хатгалгаа хүндэрч уушги устах ч тохиолдол байна. Тиймээс ямар шалтгаанаар устсаныг шинжилгээгээр тогтоодог. 
-Ямар хүчин зүйл хатгалгаа өвчнөөр өвчлөхөд нөлөөлдөг юм бол. Халуун, хүйтний харшлаас шалтгаалдаг гэж хүмүүс ойлгодог?
-Дулаан орчноос гэнэт сэрүүн орчинд орох, сэрүүн газар удаан хугацаагаар байх, биеийн эсэргүүцэл, дархлаа сулрах үед хатгалгаа тусах эрсдэл өндөр болдог. 
-Хүүхэд ханиалгаж эхлэх үед бага дээр нь гэрийн нөхцөлд дарах арга байдаг уу. Эцэг эхчүүдэд та юуг зөвлөх вэ?
-Дөнгөж ханиалгаж эхэлж байгаа хүүхдэд ойр ойрхон бүлээн шингэн уулгахад ханиалга намдаж болно. Гэхдээ хүндрэхийг нь хүлээх хэрэггүй. Аль болох бага дээр нь эмчид хандах нь хамгийн зөв арга юм. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан