Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн гурван жилийн мөн үеэс 6.9 хувиар бага байгаа юм. Хэдийгээр амбулаторийн үзлэгийн хувь бага байгаа боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол их байгааг Эрүүл мэндийн яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Тэрбээр, "Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүүхдүүд эмнэлэгт хэвтэх нь 50-60 тохиолдлоор илүү байна. Сүүлийн 10 хоногт улирлын томуугийн буюу А хүрээний вирус гарч байгаа. Энэ нь хүндрэл ихтэй бөгөөд, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа болох магадлал өндөртэй” гэлээ.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлжээ. Тухайлбал, нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1,396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа юм. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Мөн А хүрээний вирусийн тархалт их байгаагийн улмаас Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас улирлын томуугийн 1,200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакциныг тус тус захиалаад байгаа тухай мөн мэдээллээ.
Б.АРИУНХИШИГ: АМЬСГААДАХ, ЦЭЭЖ ХОНХОЛЗОХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ДАРУЙ ЭМЧИД ХАНДАХ ЁСТОЙ
Гэрэл зургийг mpa.mn
Олон улсын нэршил нь нэг боловч үйлдвэрлэгч байгууллагуудын өөр өөр нэршилтэй эмийг олон дахин авах, хүүхдэдээ өгөх явдал гарч байгааг ЭХЭМҮТ-ийн эмч Б.Ариунхишиг анхаарууллаа. Тиймээс хүүхдийг 38.5 ба түүнээс дээш хэмээр халуурвал эмчийн зөвлөснөөр халуун бууруулах эм өгөх нь зүйтэй гэв.
Мөн "Томуугийн үед хавсарсан эмгэггүй хүүхдийн дархлааг дэмжсэнээр эмчлэгддэг тул ямар нэг антибиотик өгөх шаардлагагүй” гэсэн юм. Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу гэлээ. Эмчилгээ хийлгэсний дараагаар олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хүнс хэрэглэж байхыг эмч нар зөвлөж байлаа. Харин эмчилгээ хийлгэсний дараагаар хүүхдэд амьсгаадах, цээж хонхолзох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл даруй эмнэлэгт хандах ёстой гэв.
ikon.mn
ХҮНД ШИНЖ ТЭМДГҮҮД
- Амьсгаадах - Хүүхдийг тайван үед амьсгалыг тоолох бөгөөд нярай хүүхэд 60 ба түүнээс дээш, хоёр сартай хүүхэд 50 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзнэ. Харин хоёр настай хүүхдийн хувьд 40 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзэн, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай.
- Цээж хонхолзох – Хүүхэд амьсгал авахад цээж болон хэвлийн голд хавирганы доод нумаар дотогшоо татагдахыг хэлнэ.
- Хоол унданд муудах