Хүн амын дунд томуугийн А хүрээний H1N1, N3N2 вирус илэрч, тархалт өндөр, өвчлөлийн явц хурдан хүндрэх төлөвтэй байгаа тул Эрүүл мэндийн яам болон ЭХЭМҮТ-ийн эмч нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа ажээ.
H1N1 вирус нь 38-40 градус хүртэлх халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх зэрэг хүндрэл дагуулдаг байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн их эмч Б.Ариунхишигтэй ярилцлаа.
-ЭХЭМҮТ-ийн ачаалал ердийн өдрүүдээс ямар төвшинд байна вэ?
-ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгдэж байгаа. Гамшгийн хэмжээнд бол арай хүрээгүй байна. Гэхдээ урд шөнө Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 390 орчим хүүхэд үзүүлсэн байна. Томуугийн улирлын үед хамгийн ихдээ нэг шөнө 200 гаруй хүүхэд үзүүлдэг. Урьд шөнийн байдлаар бол нэлээд олон хүүхэд үзүүлсэн байна. Хэвтэлтийн тасгийн ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Манай Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг гэхэд 40 ортой өнөөдрийн байдлаар бол 58 хүүхэдтэй байна. Гэхдээ бид нөөц боломжоороо өрөө гаргаад хүүхдүүдээ хүлээж авч байна.
-Хүн амын дунд томуугийн А хүрээний H1N1 вирусийн тархалт өндөр байгаа гэлээ. Хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл хүүхдээ хүндэрч байна гэж үзэх вэ, клиникийн ямар, ямар шинж тэмдэг давамгай илэрч байна вэ?
-Томуугийн вирус ихсэх хандлагатай байна. Вирусийн онцлогоос хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг янз бүр байдаг. Одоо бол H1N1 вирус зонхилж байгаа тул хүүхэд өндөр халуурч ирж байна. Өндөр халуурснаар таталт өгөх, өвчин хүндрэх эрсдэл дагуулдаг. 38,5 градусаас дээш халуурсан бол эмчид хандаж, эмээр буулгах ёстой. Мөн дараахь шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай байна.
Нэгд, амьсгаадах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд юм. Хүүхэд халуураагүй, уйлаагүй, хөхөө идээгүй тайван байх үедээ амьсгаадаж байвал эмчид хандана. Гэхдээ тайван байх үедээ нярай хүүхэд 60 буюу түүнээс дээш, 2 нас хүртэлх хүүхэд 50 буюу түүнээс дээш, 2-оос дээш настай хүүхдийг 40 буюу түүнээс дээш тоогоор амьсгаадаж байвал эмчид хандах ёстой.
Хоёрт, цээж хонхолзох шинж тэмдэг илэрвэл. Цээж болон хавирганы доод нумаар амьсгал дотогш татагдахыг цээж хонхолзох шинж гэж байгаа юм. Амьсгал дутагдлын шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Энэ тохиолдолд эмчид хандана.
Гуравт, идэж, уухдаа муудах шинж тэмдэг илрэх. Бөөлжиж болно. Дээрхи шинжүүд илэрвэл яаралтайгаар өрх болон дүүргийн эмнэлэгтээ хандах шаардлагатай.
-Эцэг эхчүүдийн зүгээс юунд анхаарах шаардлагатай байна вэ?
-Томуугийн вирусыг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Эмнэлэг бол хурц үеийг нь дарж өгөөд эцэг, эх болон өрхийн эмчид нь зөвлөгөө өгөөд даатгаад гаргадаг. Гэтэл эцэг, эхчүүд дутуу эмчилсэн гэх яриа гаргадаг. Эмнэлэг бол хурц үеийг нь дарж өгдөг. Эмнэлгээс гаргаад өрхийн эмчийн хяналтад хүүхдээ бүрэн эмчлэх ёстой. Эмнэлгээс гарсан бол өрхийн эмчийн хяналтад зайлшгүй орх шаардлагатай байна. Тухайлбал, хатгалгаа гэхэд сарын дараа бүрэн гүйцэд эдгэрдэг. Хэд хоног эм уучихаад эдгэчихлээ гэж ойлгож болохгүй. Гэрээр эмчийн хяналтад бүрэн гүйцэт эмчлэх шаардлагатай. Эмнэлэгт бол 5-7 хоног хэвтүүлж хурц үеийг нь дарна, цаана нь үлдсэн 2 долоо хоногийг эцэг эхчүүд анхаарах ёстой. Асарч сувилах ёстой. Таны бичиж өгсөн эмийг уугаад эдгэхгүй байна, эмнэлэгт хэвтсэн мөртлөө дахиад хүндэрчихлээ гэдэг. Угаасаа зүгээр болохгүй. Тухайн хүүхдийн дархлаа сэргээгүй байгаа учраас юм. Тэгэхээр эцэг, эхийн асаргаа сувилгаа маш чухал.
Томууг бол антибиотек хэрэглэхгүйгээр хүүхдийн дархлааг дэмжих замаар эмчилж болдог. Суурь эмгэгтэй, хавсарсан эмгэгтэй хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж байгаа. Эцэг, эхчүүдийн хувьд эмийн замбараагүй хэрэглээ маш их байна. Хүүхэд халуурахаар шууд эмийн сан дээр очоод эм авч байна. Эмийн сан ч гэсэн тухайн хүүхдийг өөрийг нь үзээгүй байж энэ ханиадад энэ эм сайн гээд зөвлөж байх жишээтэй. Халуун буулгаж байна гээд дур мэдэн эм хэрэглээд байна. Худалдааны нэршил нь өөр мөртлөө нэг найрлагатай эмүүдийг дахин дахин уулгаад, тэгээд хүндрүүлээд ирж байна. Томуугийн үед бол антибиотек хэрэглээд үр дүнгүй байдаг. Антибиотикийг нянгийн халдвараар хүндэрсэн тохиолдолд хэрэглэх заалттай байдаг. Хатгалгаа болчихсон тохиолдолд л антибиотек хэрэглэнэ гэсэн үг.
-Хүүхдийн дархлааг дэмжих аргаас зөвлөхгүй юү?
-Хамгийн чухал зүйл бол асаргаа сувилгаа. Ядаж эрт унтуулах шаардлагатай. Орой 9 цагаас өмнө амрааж хэвшүүлэх хэрэгтэй. Зурагт үзүүлээд, утас тоглоод байгаа хүүхдүүд орой унтаад, орой сэрдэг. Энэ нь дархлаанд сөргөөр нөлөөлж байгаа. Мөн шингэн зүйлийг хангалттай хэмжээгээр уулгах шаардлагатай. Ердийн үеэсээ 2-3 дахин илүү өгөх ёстой. Шингэн зүйл гэдэг нь ундаа биш ус, цай, хярмыг хэлж байгаа юм. Дээрээс нь өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, утаагүй үед гэр орноо агааржуулж байх ёстой. Тэгээд хоол, унд маш чухал. Гурил махаа холиод бантан хийгээд өгчихдөг. Тэжээллэг хүнсээр баяжуулах шаардлагатай.