Монголд хорт хавдрын 7.2 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж байна

ИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгал, зүрх судасны өвчин, харшлын эмгэг болон хавдар, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дархлааны түвшинг бууруулдаг болохыг Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар тогтоосон бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлийн нэгд агаарын бохирдлыг оруулсан болохыг онцолсон.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад яамдтай хамтран 2017 оны 03 дугаар сард “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр Засгийн газрын 98 дугаар тогтоол батлуулсан аж. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбараас манлайлан 15 багц үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн хэмээн дэд сайд мэдээлэлдээ дурдсан. Мөн Эрүүл мэндийн салбарынхаа хэмжээнд уг ажлыг эрчимжүүлэх, ялангуяа хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2017 оны 08 дугаар сард “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 225 дугаар тогтоол батлуулж, уг тогтоолыг хэрэгжүүлэхээр 2018 онд 55 ажил төлөвлөсөнөөс хэрэгжилт 97.0 хувьтай байна гэлээ.
“Уушгины хатгалгааны эсрэг вакцин”-д 2018 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор нийслэлийн 9 дүүргийн 72,264 хүүхдийг хамруулаад байгаа аж.
Агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн эсрэг дархлаажуулалтад 117,215 хүнийг хамруулж, хамралт 94 хувьтай яваа гэсэн мэдээллийг өглөө.
Мөн улсын хэмжээнд тав хүртлэх насны 390,000 хүүхэд, 40,200 хөхүүл эхэд А аминдэм, 4,819 жирэмсэн эмэгтэйд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, тав хүртэлх насны 416,000 хүүхдэд урьдчилсан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор цайрын бэлдмэл түгээх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ДЗ аминдэмийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, эмзэг бүлгийн 22,300 жирэмсэн эмэгтэйд түгээжээ.
Түүнчлэн агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг салбарын сайдын тушаалаар өөрчлөн баталсаныг тэрбээр дурдсан.
Улаанбаатар хотын өвлийн улиралд бүртгэгддэг амьсгалын замын өвчлөлийн бараг тал хувь нь агаарын бохирдол болон цаг уурын хүчин зүйлстэй хавсран гарч байгаа бөгөөд нийт хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 20 орчим хувь нь, амьсгал болон зүрх судасны улмаас нар барагсдын 30 шахам хувь нь, уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохидлоос үүдэлтэй болохыг манай судлаачид тогтоосон хэмээн дэд сайд онцлоод амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд 2008 онд 10,000 хүн ам тутмаас 972.9 хүн өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгдээд байна гэлээ.
Монгол Улсад 2017 онд хорт хавдрын 6,073 шинэ тохиолдол оношлогдсоноос 7.2 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж, нийт хавдрын өвчлөлөөс 3 дугаар байрыг эзэлж байгаа аж.
Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж, уушгины хатгалгаа 25.4 хувь, цочмог бронхит 21.0 хувь, томуу, томуу төст өвчлөл 10.9 хувийг тус тус эзэлж байна.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1,426 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын халдвартай хүүхдүүд эзэлж, хүүхдийн орны ачаалал 46 хувиар хэтэрсэн байгаа хэдий ч орны зохицуулалт хийх ажлыг шуурхай зохион байгуулсан гэв. Насанд хүрэгчдийн 244 орыг хүүхдийн оронд шилжүүлж, зөөврийн 214 орыг нэмэлтээр нөөц орон зайд байрлуулан нийт 458 ороор нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ.
Цаашид агаарын бохирдлын өртөлтөөс сэргийлэхэд иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхитэй оролцоог дэмжих, иргэдийн дунд сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулах, улирлын чанартайгаар агаарын бохирдолтой хавсран дэгдэлт хэлбэрээр тохиолдож буй амьсгалын замын тогтолцооны өвчний үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангаж, иргэдэд тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дэд сайд мэдээллээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан