О.Оюун-Эрдэнэ: Дотоод орчны бохир агаар аюултай

Эмч мэргэжилтнүүд нүдэнд харагдаж, агаар бохирдуулагч элдэв зүйлээс гадна дотоод орчны агаарын бохирдлын талаар ярьж, сэрэмжлүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан О.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа
- Дотоод орчны агаарын бохирдол гэж юуг хэлээд байгаа талаар мэргэжлийн үүднээс тайлбар өгнө үү?
-Хүн амьдралынхаа 80-90 орчим хувийг дотоод орчинд буюу ажлын байр, сургууль, цэцэрлэг, машин, гэрийн нөхцөлд өнгөрүүлдэг. Дотоод орчны агаар гэдэг нь ямар нэгэн байгууламжаар гадаад орчноос тусгаарлагдсан газарт байгаа агаарыг хэлнэ.
Дэлхийн хэмжээнд гурван тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэл дагуулдаг.
  ДЭМБ-ын үзэж байгаагаар дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл үүсэхэд нөлөөлдөг томоохон эрсдэлт хүчин зүйл болдог бөгөөд дэлхий нийтийн өвчлөлийн 2.7 хувь нь үүнээс үүдэлтэйг тогтоосон. Түүний 91 хувь нь хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орны хүн амын дунд, түүнээс 80 хувь нь Зүүн, Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хүн амд хамааралтай гэж үздэг.
Дотоод орчны агаарын чанарт гадаад орчны агаарын бохирдол, тамхины утаа, гэрт гал түлэх, хоол хийх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, барилгын материал болон хулдаас, тавилга, угаалга цэвэрлэгээний бодис зэрэг хүчин зүйл багтдаг.
Эдгээрээс нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, хүхрийн давхар исэл, тоос тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд, формальдегид зэрэг бохирдуулагч бодис мөн түүнчлэн хөгц мөөгөнцөр, нян, хачиг зэрэг нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, зүрх судасны өвчлөл, харшил, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдгийг судалгааны дүнгээр эрдэмтэд тогтоогоод байна.
-Агаарын бохирдолд хүүхэд хамгийн их өртдөг гэсэн. Манай улсын эрдэмтдэд дотоод орчны агаарын бохирдлын хүрээнд хийсэн судалгаа байдаг уу?
-Агаарын бохирдол хүний тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд байх үеэс нь ноцтой хор хөнөөл учруулдаг. Агаарын бохирдлын улмаас өвдөж, эмнэлэгт хандсан иргэд, хүүхдийн тоо жил ирэх тусам өсч байгаа. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг илтгэж байна. Манай оронд дотоод орчинд агаар бохирдуулагчдыг судалсан хэд хэдэн судалгаа байдаг. Хүүхдийн эрүүл мэнд, тэдний суралцах чадварт сургуулийн хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөл 20-70 хувь, тухайлбал сургуулийн дотоод орчны агаарын чанар, бичил цаг уур, цэвэрлэгээ зэрэг эрүүл ахуйн нөхцөлөөс гадна бусад хүчин зүйл сөргөөр нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байдаг.
Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаажав нарын судлаач Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг баталсан. Түүнчлэн агаарын бохирдол хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөлд 24 хувиар нөлөөлдгийг тогтоосон байдаг.
Хамгийн сүүлийн судалгаа гэвэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 онд хийсэн “Сургуулийн дотоод орчны агаарын чанар, сургалтын орчны эрүүл ахуйн үнэлгээ”-ээр сургуулийн анги танхимын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж өндөр байгаа нь агааржуулалт хангалтгүй, анги танхимын бичил цаг уурын үзүүлэлт эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын үндсэн үзүүлэлтийн нэг болох нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ өндөр байгаа нь суралцагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байгааг тогтоосон.
-Дотоод орчны бохирдлын тухай иргэдийн ойлголт хэр байдаг вэ?
-Иргэд болон албан байгууллагууд дотоод орчны агаарын чанарын талаар тодорхой ойлголтгүй, зөвхөн гадаад орчны агаарын бохирдлын асуудалд санаа зовниж байна. Мөн дотоод орчны агаарыг бохирдуулагч олон эх үүсвэр байдаг.
Тухайлбал, иргэд гэртээ тамхи их татдаг нь дотоод орчны агаарыг бохирдуулагч томоохон хүчин зүйлд багтдаг. Тамхинаас 4000-7000 төрлийн хорт хий ялгарч, тэр нь агаар мандалд бусад химийн бодистой урвалд орж эрүүл мэндэд  хортой нөлөөг үүсгэдэг.
Дотоод орчиндоо анхаарал хандуулдаг иргэн, аж ахуйн нэгж бараг байдаггүй. Харин бизнесийн байгууллагуудын агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийн сурталчилгаа, түүнийг Засгийн газраас түгээсэнтэй холбогдуулан иргэд дотоод орчиндоо тэдний танилцуулсан төхөөрөмжийг авч ашиглах нь нэмэгдсэн байх талтай.
Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нь хувь хүний эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл бөгөөд тодорхой эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ үүнийг ашиглах хугацаа, шүүлтүүрийг хэзээ солих зэрэг заавар зөвлөмжийг заавал сайн мэдэж байх нь зүйтэй. Хугацаа дууссан эсвэл хэт бохирдсон шүүлтүүр нь эргээд дотоод орчиндоо улам их бохирдол үүсгэдэг.
-Тамхины утаа дотоод орчны агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн нэг. Агаарын бохирдол тамхины утаанаас илүү хортой гэх болжээ?
-Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Агааржуулалт, агаарыг шүүх зэрэг нь дангаараа буюу хосолсон ч дотоод орчин дахь тамхины утаанд өртөх эрсдэлийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй.
Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг. Сүүлийн үед хийсэн судалгаагаар хоёр өрх тутмын нэгд тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна. Дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь өвлийн улиралд тамхи татдаггүй орчинд бага байдаг. Иймээс гэртээ галладаг, тамхи татдаг тохиолдолд эрүүл мэндэд учрах сөрөг нөлөө төдий их байна гэсэн үг юм.
Тамхины утаа нь бүх насны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
-Ахуйн нөхцөлд дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
-Хамгийн түрүүнд эх үүсвэрүүдээ өөрийнхөө ажлын байр болон гэртээ тодорхойлоод үзэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, манай гэрт дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэр юу байна гэж цонх, хаалганы бүрэн бүтэн байдал, салхи сийгээд байна уу, гал түлэхдээ зуухнаасаа утаа их гаргаж байна уу, хоол хийхдээ хэт их шарж хуурч үнэр гаргадаг эсэх, гэрт агаарын үнэртүүлэгч, ахуйн цэвэрлэгээний бодисыг хэр их хэрэглэж байгаад анхаарал хандуулах шаардлагатай.
Түүнчлэн хивс хивсэнцэр ихтэй эсэх түүнийгээ цэвэрлэхдээ тоос сорогчоор соруулдаг уу эсвэл шүүрээр шүүрддэг үү, чийгтэй цэвэрлэгээний давтамж гэх зэргээ тодорхойлж үзэх хэрэгтэй. Эдгээрийг сайн ажигласны үр дүнд та дотоод орчныхоо агаарын чанарыг сайжруулах аргуудаа сонгоод ашиглаж болно. Жишээлбэл, бүх дотоод орчинд тамхи татахгүй байх, өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг хамгийн багадаа 30 минут хийх хэрэгтэй.
Ахуйн цэвэрлэгээний бодисоос татгалзаж, хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал үнэр багатайг сонгох нь чухал. Гэр, цонхоо сайтар дулаалах нь дотоод орчны бохирдлоос сэргийлнэ. Гал түлдэг бол зуух болон түлшээ зөв сонгох нь чухал юм.
Гэрээ цэвэрлэхдээ тоос сорогчоор соруулж тогтмол цэвэрлэж хог хаягдлаа тагтай саванд хадгалснаар дотоод орчны бохирдлоос сэргийлнэ.
Өнөөдрийн манай нөхцөлд зарим өдөр гадаад орчны агаарын чанар муу байгаа үед цонх салхивч, хаалгаар бохир агаар их нэвтэрдэг. Энэ тохиолдолд агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг зөв ашиглах нь бохирдлыг бууруулах нэг арга.
-Манай улсын хүн амын гурван хувь нь харшилтай байдаг гэсэн судалгааны дүн бий. Үүнд дотоод орчны агаарын бохирдол нөлөөлөх үү?
-Харшил үүсгэгч гадаад болон дотоод орчинд аль алинд нь байгаа. Тоос, тоосонцрын муур, нохойн хачиг, бөөс, үсний харшил гээд олон үүсгэгч бий. Үүсгэгчийг устгаж байж харшил устана. Дотоод орчны бохирдол их байх нь тэр тусмаа бага насны хүүхдийн хажууд тамхи татах, гал түлэхдээ утаа гаргах зэрэг нь хүүхдийн өсөлт хөгжил, ерөнхий дархлааг дарангуйлан өвчлөмтгий болгодог.
Олон улсад хийсэн судалгаагаар хүүхэд насандаа агаарын бохирдолд өртөж өвчилж байсан хүүхдүүд насанд хүрээд архаг хууч өвчтэй болдог. Үүнээс үүдэн нийгмийн амьдралын чанар муудаж байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэр дундаа хүүхдийн амьсгалын эрхтэн систем нь бүрэн хөгжөөгүй, бодисын солилцоо нь хурдан байдаг тул биеийн ерөнхий дархлаа дарангуйлагдан хөгжил удааширч, өвчлөмтгий, олон төрлийн харшилд өртөмхий болгодог.
-Харшлаас сэргийлэх ямар арга байдаг талаар зөвлөгөө өгнө үү?
-Хамгийн түрүүнд харшлын анхны шинж тэмдэг илэрвэл өөрөө эсвэл хэн нэгний ам дамжсан яриагаар эмчлэхгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Улмаар юунаас харшилж байгаагаа тогтоолгож шуурхай эмчилгээ хийлгэж, харшил үүсгэгчийг даруй бууруулах арга хэмжээ авах нь чухал.
 Түүнчлэн биеийн ерөнхий дархлааг сайн буюу хэвийн байлгахын тулд дасгал хөдөлгөөн хийх, ажил, амралт, хоол ундаа зөв тохируулах хэрэгтэй. Мөн түүнчлэн гараа угааж занших, гадна өмсдөг хувцсаа шүүгээнд хийдэг байх, хашаа болон гэрийнхээ жорлонд хөрөнгө оруулалт хийж засварлаж, ялаа шумуул орохгүй битүүмжлэх гээд эрүүл ахуйн зөв дадлуудыг өөртөө болон гэр бүлдээ мөрдөж занших нь эрүүл саруул байх үндэс болдог.
Жишээлбэл, зусланд байгаа айлууд хашааныхаа шарилж, луулийг устгах гэж зулгаах эсвэл шатааж байгаад харшилтай болдог. Гэтэл шарилж, луулийг зулгааж, шатаалгүй жилд 2-3 удаа тайралт хийгээд байхад 3-4 жилийн дараа өөрөө алга болоод оронд нь зүлэг ургадаг.
Шим тэжээлгүй, эвдэрсэн хөрсний хамгийн эхний ургамал ургах нөхцөлийг шарилж, луулийн төрлийн ургамал ургаж байж дараагийн шим тэжээлтэй ургамал ургах нөхцөлийг бүрдүүлдэг.
Зулгаах нь үрийг агаар мандалд цацаж улам их ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм болохоор тавдугаар сарын сүүл зургаадугаар сарын дунд үеийн хугацаанд тоосоо хүртээх (үржил)-ээс нь өмнө 5-8 см тайраад, долоодугаар сарын сүүл гэхэд дахин тайрахад үрлүүлэхгүй, үрээ цацахаас нь өмнө дахин 5-10 см тайраад л болно. Ингээд л хэдэн жил зөв арчилчихад танай хашаа сайхан зүлэгтэй болно.
Г. СҮРЭН
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан