С.Одонтуяа: Засгийн газар ЭМД-ын санг "цөлмөх" гэж байна

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (Засгийн газар өргөн мэдүүлсэн) хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Цар тахал 223 орныг хамарч, 180,8 сая хүн өвчилж, 3,8 сая хүн нас барж, 167,7 хүн эмчлэгдээд байна.   
Харин Монгол Улсад 100263 хүн өвчилсөн ба 554 нь зөөвөрлөгдөж ирсэн. Үүнээс 99709 иргэн эдгэрсэн бол харамсалтай нь 479 иргэн нас бараад байна. Өнгөрсөн хугацаанд таван удаагийн хөл хорио тогтоож, хоёр удаа хугацаа сунгасан байна. 
Байнгын ажиллагаатай 14 боомт ажиллаж байна. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. 
Эм оношлуурын нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт, ор дэлгэхэд нэгдмэл зардлын хүндрэл үүсч байна. 
Энэ жилийн төсөвт Засгийн газрын нөөц сангийн мөнгө 40 тэрбум байхаар батлагдсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52,4 тэрбум гараад байна. Цаашид санхүүгийн асуудал үүсэхээр байх тул шинэчлэн оруулж байна. 
Эрүүл мэндийн даатгалын сангийн 1,2 их наяд төгрөгөөр батлагдсан боловч зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 32,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай байгаа тул хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Үе үеийн Засгийн газар Нийгмийн даатгалын сангаа цөлмөөд дууссан. Одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа цөлмөх гэж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн зардлыг гаргах ёстой. Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эм, шинжилгээний мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахад зөрчилдөхгүй. Төсвийн цоорхойг нөхөх тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж болохгүй хуультай байтал та бүхэн хууль зөрчөөд энэ сангаас гаргуулаад авсан. Үүнийг яаралтай хүчингүй болго. Дээр нь өнгөрсөн гурван жил улс төлөөгүй Эрүүл мэндийн даатгалын сангийн 201,5 төгрөгийн өрийг яаралтай энэ санд төвлөрүүл. Эрүүл мэндийн даатгалын сангаас өвдсөн иргэндээ эмийн багц олго. 
Сангийн сайд Б.Жавхлан:
-1,4 их наяд төгрөгийн төсөвтэй. Үүний 200 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт тоног төхөөрөмж, төвлөрсөн арга хэмжээнд зориулж болж байгаа юм. Бусад 1,2 их наяд нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө юм. Та Нийгмийн даатгалын сантай харьцуулж ярьж байна. Нийгмийн даатгалын сан хуримтлагдаад явдаг, харин Эрүүл мэндийн даатгалын сан жилийн эцэст тэг үлдэгдэлтэй байх ёстой. Энэ жилийн 1,2 их наядаас 370  тэрбум төгрөг нь даатгуулагчийн шимтгэл, 580 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа.  259,4 тэрбум төгрөг нь өнгөрсөн жилийн үлдэгдэл юм. Өрхийн түвшинд эмчилгээний зардлыг энэ сангаас гаргах ёстой гэж байна. Зарцуулагдаад явж байгаа. Тарифаараа. Өрхийн зүгээс зайнаас зөвлөгөө өгөх, тулж очиж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бүр зардлуудыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зохицуулаад явж байгаа. Гэтэл нэг сар гүйцэтгээд санхүүжилтээ тайлагнаад мөнгөө авах гэж хоёр сар болоод байгаа юм. Тиймээс Засгийн газар урьдчилж өгдөг эрх мэдэлтэй болох хэлбэрээр зарцуулалт хийх гээд байгаа юм. Түүнээс биш Засгийн газар тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх гээд байгаа юм биш. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан