Шатаар өгсөх нь жин хасах хамгийн үр дүнтэй арга байж болзошгүй гэсэн дүгнэлтийг нэгэн судлаач гаргажээ.
Тухайлбал шатаар өгсөхөд тэгш газарт алхсанаас 20 дахин илүү илчлэг шатаадаг бол шатаар уруудахад хүний булчингууд биеийн уналтыг удаашруулахын тулд ажилладаг тул ойролцоогоор тав дахин илүү илчлэг шатаадаг гэнэ.
Миланы Их сургуулийн физиологич, биомеханикч доктор Альберто Минетти хүний хөдөлгөөний өргөтгөсөн судалгаа явуулаад ийм дүгнэлтэд хүрчээ.
“Энэ бол хүн бүрийн хийж чадах дасгал. Таны ойролцоо шат үргэлж байдаг. Спортын заал танхимтай харьцуулахад үнэ төлбөргүй” гэж Минетти ярьж байна.
“Нэг килограмм биеийн жинг хэвтээ чиглэлд нэг метр зайд шилжүүлэхийн тулд хүн 0.5 калор зарцуулдаг. Хэрвээ нэг килограмм биеийн жинг босоо чиглэлд шатаар ижил зайд шилжүүлбэл 10 калор зарцуулна. Тиймээс хэвтээ чиглэлд хөдөлснөөс босоо чиглэлд хөдлөх нь 20 дахин их калор шатаадаг” гэж тэр тайлбарлажээ.
Сүүлийн жилүүдэд шатаар өгсөх дасгал спортын нэг төрөл болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Stairclimbing World Championship) зохион байгуулдаг болсон.
“Ерөнхийдөө шатаар өгсөх үйлдэл илүү их илчлэг шатааж, жингээ хадгалахад тустай байдаг. Нийтдээ хэчнээн калор шатаах нь биеийн жинтэй шууд хамааралтай. Жин их байх тусам их илчлэг шатаадаг” гэж дээрх тэмцээнийг зохион байгуулдаг International Skyrunning Federation холбооны дэд ерөнхийлөгч Лаури ван Хутен ярьжээ.
Энэ төрлийн дэлхийн номер нэг эмэгтэй тамирчин Австралийн Сюзи Уолсэм Нью-Йорк хотын алдарт Empire State Building барилгын 1,576 гишгүүртэй шатаар уралдах тэмцээнд 10 удаа түрүүлсэн байдаг.
Тэрбээр шатаар өгсөлтийн нийтдээ 100 гаруй олон улсын тэмцээнд түрүүлж байжээ.
Тухайлбал Парис хотын Эйфелийн цамхагт шатаар авирах тэмцээнд таван удаа түрүүлсэн юм байна.
Сингапурт амьдарч байхдаа Уолсэм нэг удаа 29 давхар барилгын шатаар 37 удаа дараалан гарч байжээ.
Барилгын дээд давхарт гарах бүрдээ тэр цахилгаан шатаар уруудаж, цөөн минут амарч байсан гэнэ. Тэр ингэхдээ нийт дөрвөн цаг гаруй хугацаа зарцуулж, босоо чиглэлд 3,200 метр зай туулж байжээ.
Өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Японы тамирчин Юри Ёшизүми өөрийн төрөлх хот Осакагийн 285 метр өндөр цамхгийн 1.610 гишгүүртэй шатыг 10 минут, 20.06 секундэд туулж дуусгасан байна.
Эх сурвалж: Associated Press