Улирал солигдох үеэр буюу гурав, гурван сараар бидний биед тодорхой өөрчлөлт явагдаж байдаг. Энэ үед хүний бие ч бас мэдрэг болж, дархлаа унаж, хууч өвчих сэдрэх эрсдэлтэй. Мөн улирал солигдох үеэр халдварт болон халдварт бус өвчний дэгдэлт ч нэмэгддэг. Тиймээс улирал солигдоход өөрийгөө болон хайртай гэр бүлийнхнийгээ бэлдэж, дархлаагаа тордох нь хэн бүхэнд нэн чухал юм.
Дархлаа тогтолцоо муудсаныг илтгэх шинж тэмдгүүд:
- Тогтмол халдварт өртөх
- Архаг хууч өвчин сэдрэх
- Арьсан дээр тууралт гарах
- Арьсны идээт үрэвсэл
- Булчин, үе мөч өвдөх
- Шарх удаан эдгэх
- Архаг ядралын хам шинж
- Нойр ханахгүй байх
- Үс, арьс, хумс өнгөө алдах, гэмтэх
- Стресст өртөмтгий болох
Дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
- Стрессээс ангид байх. Байнгын стресс бол дархлааны том дайсан. Өдөр бүр өөрт байгаа зүйлдээ талархаж, ирээдүйд бий болох сайхан зүйлсийнхээ төлөө баярлаж, хамгийн өчүүхэн зүйлд ч гэсэн сэтгэл ханамжтай байхыг хичээгээрэй. Аливаа бодит байдлыг эергээр хүлээн авах чадвар нь эрүүл мэнд, урт наслалтын "нууц" юм.
- Хорт зуршлаас татгалзаарай. Архи, тамхины хэрэглээ нь дархлаа сулруулах "шидтэй". Эрдэмтдийн тогтоосноор тамхи нь вирус олшруулах нөхцлийг бүрдүүлдэг аж.
- Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.
- Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн сайн бактери устгагч юм.
- Зохистой хооллолт нь дархлаа дэмжих чухал хүчин зүйл. Мөн өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болохгүй.
- Хүний бие витамин үйлдвэрлэдэггүй, бас тэдгээрийг удаан хугацаанд хадгалдаггүй тул хоол хүнсээр тэдгээрийг хангахын зэрэгцээ, нэмэлтээр хэрэглэх шаардлагатай байдаг. Гэвч өөрт тохирсон витамин, эрдэс бодисыг хэрэглэхдээ шинжилгээ өгч, эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Витамины илүүдэл нь дутагдалтай ижил хэмжээний сөрөг нөлөө эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлтэй юм. Нэмэлт витамин, эрдэс хэрэглэх хугацаа дунджаар 1-3 сар байх ба курс эмчилгээг жилд 2-4 удаа давтах нь зохимжтой гэж үздэг.