. Жирэмслэлт нь хэдийгээр эмгэг процесс биш ч гэсэн харааны үйл ажиллагаанд хэд хэдэн өөрчлөлт үзүүлдэг байна. Энэ нь физиологийн өөрчлөлтүүд болохоос биш эмгэг биш юм. Үүнд нүдний дотоод даралт буурах, эврэвчийн мэдрэг чанар багасах, аккомодацийн үйл ажиллагаа сулрах зэрэг өөрчлөлтүүд ордог.
. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд нүд хуурайших, мөн харааны хугарлын гажигт нь өөрчлөлт бий болно. Иймээс тэдэнд төртлөө нүдний шил, контакт линзний хүчийг өөрчлөхгүй байхыг зөвлөх хэрэгтэй. Төрсний дараах эрт үед болоод хүүхдээ хөхөөр хооллож байгаа эхчүүдэд харааны хугарлын гажиг засах мэс засал хийлгэхгүй байхыг зөвлөнө.
. Жирэмслэлтийн үед нүдэнд физиологийн өөрчлөлтүүдийн хажуугаар эмгэг өөрчлөлтүүд ч үүсэх боломжтой. Жирэмсэн эмэгтэйчүүдэд төвийн шүүдэст хориоретинопати, судсавчаас шингэн шүүрч хавагнах (chorоidаl effusion) зэрэг өөрчлөлтүүд үүсэх магадлал харьцангуй өндөр байдаг.
. Жирэмслэлттэй холбоотой үүссэн артерийн даралт ихсэлт нь скотом, диплопи, хараа бүрэлзэх гэх мэт зовиур өгч болно. Преэклампситай эмэгтэйчүүдэд дээр дурдсан харааны өөрчлөлтүүд илрэх нь манас таталтын урьдал дохио байж болно.
. Жирэмсний хордлогын үед торовчийн хэсэгчилсэн болоод тархмал артериолын нарийсалт илэрч болдог. Ховор тохиодолд торовчийн цус харвалт, экссудат, тархмал торовчийн хаван, харааны мэдрэлийн хаван үүсч болно. Эклампситай нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 10%-д торовчийн шүүдэст хуурал үүсдэг. Жирэмслэхээс өмнө өвчилж байсан чихрийн шижингийн ретинопати гэх мэт эмгэг тодорхой хэмжээгээр сэдэрч болзошгүй.
. Чихрийн шижинтэй бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг эхний 3 сард багтаан хяналтын үзлэгт зайлшгүй хамруулна. Чихрийн шижинтэй боловч торовчийн өвчлөл үүсээгүй байсан эмэгтэйчүүд жирэмсний явцад нь өөрчлөлт гарах магадлал өндөр. Харин жирэмслэхээс өмнө нэгэнт чихрийн шижингийн ретинопатитай байсан эмэгтэйчүүдэд жирэмсний хоёр дахь 3 сард ретинопати хүндэрч, харин гурав дахь 3 сард болоод төрсний дараа өвчний явц нь намжиж, сайжирдаг онцлогтой. Иймээс нүдний эмч жирэмсэн эмэгтэйчүүдэд дор хаяж 3 сар тутам үзлэг хийх шаардлагатай.
. Пролифератив ретинопати жирэмсэн үед улам даамжрах хандлагатай байдаг тул эдгээр тохиолдолд нүдний эмч жирэмсэн эмэгтэйг сайтар хянах хэрэгтэй бөгөөд төрсний дараа шар толбоны хаван болоод пролифератив ретинопати аяандаа арилдаг гэх судалгаа байдаг боловч зарим тохиолдолд лазер эмчилгээ хийх шаардлага гарч болох юм. Харин жирэмсний чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд ретинопати үүсэх эрсдэл харьцангуй ховор байдаг байна.
П.Баясгалан АШУҮИС “Global Partnership for women and child healt” FMH 90th anniversary. International seminar.