Нүд улайх түгээмэл шалтгаанууд

Ихэвчлэн тунгалаг байдаг байсан нүднээс чинь сүүлийн үед улаан судлууд салахаа байчихсан уу? Хамгийн түгээмэл шалтгаануудаас эдгээх аргыг нь хайгаад үз дээ.
1. Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл
Энэ бол нүд улайдаг хамгийн түгээмэл шалтгаан. Нүдний алимыг бүрхдэг тунгалаг хальс буюу салст бүрхүүл үрэвсэх маш олон шалтгаан бий. Вирус, мөөгөнцөрийн гаралтай халдвараар, салхин цэцэг мэтийн зарим хүнд өвчний үед мөн нүд хэт ядрах, нүдийг дааруулах, хэт ягаан туяаны түлэлт, тоос, бохир орсноос болж ч үрэвсэх нь бий. Энэ нь ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог. Нүдний салст бүрхүүлийн үрэвслийн үед нүд тэр чигтээ ягаарч, элс орчихсон юм шиг загатнаж, нулимс, идээт шингэн гоождог. Шалтгаанаасаа хамаараад өөр өөр эмчилгээ хийгдэх ч, бүх тохиолдолд давхар эмчийн заавраар альбуцидийн уусмал дусааж эдгээдэг.
2. Нүдний хуурайшил
Бидний нулимсны сүвнээс нүдийг бүхэлд нь чийглэхэд хангалттай хэмжээний нулимс ялгарахгүй байх үед хуурайшил үүсдэг. Их хэмжээний хуурайшлын үед нүдний гадаргуу улайж, хорсоно. Хуурайшлын шалтгаан олон янз. Хуурай уур амьсгалтай үед, агааржуулагч ихтэй орчинд ажилласнаас, зарим төрлийн антибиотикны хэрэглээ гэх мэт. Мөн компьютер харах, ном унших зэрэг ширтэх үйлдлийг удаан хугацааны туршид хийвэл нүд их хэмжээгээр улайдаг. Учир нь энэ нь нүдэнд анивчиж, нулимс ялгаруулах боломж олгохгүй байгаа юм. Хуурайшсан нүдэнд хиймэл нулимс дусааж эмчилнэ.
3. Харшил
Бидний дархлааны систем тоос, амьтны үс, ургамлын тоосонцор зэрэг гадны биетэд харшлах хариу үйлдэл үзүүлэх үед биеэс маань хистамин ялгарч, тэр нь нүдэн дэх цусны эсүүдийг томруулж улайлгадаг. Харшлын гаралтай улайлтын үед нүд давхар маш усархаг болж өөрчлөгдөх нь олонтаа. Харшлын сорил тавиулж, эмчийн зөвлөсөн дусаалгыг авч хэрэглээрэй.
4. Контакт линзний нөлөө
Линзийг хэт удаан хугацаанд зүүж, арчилгааг зөв хийхгүй байснаар гадны биетийн нөлөөтэй микробууд нүдэнд цугларч улайх шалтгаан болох тохиолдол олон. Линз зүүх үед улайгаад байвал тэр нь нүдний мөөгөнцөр, кератит зэрэг бүр ноцтой шалтгаантай ч байж болзошгүй. Тийм учраас эмчид яаралтай үзүүлээрэй. Линз зүүснээр эвэрлэг бүрхэвчинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг учраас хуурайшлыг нэмэгдүүлж, тэр нь улайх шалтгаан болох нь ч бий.
5. Компьютерийн нөлөө
Оффисын ажилтай хүмүүсийн нүд улайж, хорсож, зовхио анимаар санагдтал ядарч байвал “компьютерийн харааны синдром”-той болсон гэж ойлгож болно. Үүний нэг шалтгаан нь бид компьютер дээр ажиллахдаа нүдээ хэт бага анивчдаг учраас гадаргуу нь хуурайшдагтай холбоотой. 2 цаг тутамд 10 минут амарч, өдөрт 3-4 удаа чийгшүүлэх дусаалга дусааж, тусгай зориулалтын шил зүүж хэвшвэл ажлаас болж нүд чинь улайхгүй.
6. Ханиадтай, халуурах үеэр
Хамар битүүрэхтэй зэрэгцэж нүд улайж “дарлаад” байвал гайхах зүйлгүй. Нүд, хамар орчмын хөндийнүүд бөглөрч, үрэвссэнээс болж улайлт үүсч байгаа юм. Харшлын үе дуусахад дагаад зүгээр болчихно.
7. Жирэмслэлт
Бие давхар болсны дараах гормоны өөрчлөлтүүд бидний нүдэнд олон талаараа нөлөөлдөг. Нүд улайж, цус хурж, хуурайшиж, загатнаж, гэрэлд мэдрэг болж ч болно. Мөн жирэмслэлт нь эвэрлэг бүрхэвчний хэмжээг өөрчлөх магадлалтай учраас нүд бүрэлзэж, линз зүүж чадахаа больж магадгүй. Эдгээр өөрчлөлтүүд нь бүгд түр зуурын бөгөөд, амаржсанаас хэдэн долоо хоногийн дараа хэвийн байдалдаа эргэн ордог.
8. Тамхи татах
Тамхи чиний зүрх, уушгийг хангалттай зовоож байгаа. Гэтэл утаа нь чиний нүдийг ч гэсэн хорсгож, хуурайшуулж, бүрэлзүүлдэг гэдгийг мэдэх үү?
Эдгээр түгээмэл шалтгаануудаас гадна цөөн тохиолдолд эвэрлэг бүрхэвчийн шарх, нүдний херпес, нүдний даралт зэрэг шалтгаанаар нүд тогтмол улайх нь бий. Хэрвээ дээрх тохиолдлууд биш гэж үзвэл нүдний эмнэлэгт цаг аваарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан