Д.Энхзул: Контакт линз хуурай уур амьсгалд тохиромжгүй

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Д.Энхзултай ярилцлаа.
-Эмийн сан, цахим худалдааны дэлгүүрээр нүдний цагаан хэсгийг цайруулна гэсэн тайлбартай дусаалгуудыг төрөл бүрээр нь борлуулах боллоо. Нүдний цагааныг цайруулах сонирхол ч их байдаг. Эдгээр дусаалгыг хяналтгүй борлуулж, эмчийн зааваргүй хэрэглэж болох уу?
-Нүдний цагаан хэсэг буюу склер бол нүдний алимны гадна талын хатуу бүрхүүл юм. Зарим хүний нүдний склер нь нүдний судасны улайлт үүсэж, өөхлөлтөөс үүдэн шарлаж харагддаг. Эрүүл хүний нүдний гадаргуу ямар нэг торох зүйлгүй, цэвэрхэн, нулимсан давхаргаар бүрхэгдсэн байдаг. Нүдний өөхлөлт үүсэх олон шалтгаан бий. Гол шалтгаан нь тухайн хүний мэргэжил, ажиллах орчин, уур амьсгал, эрүүл мэндийн байдал, харшлаас үүдэлтэй. Мөн ухаалаг утас, дэлгэцийн хэрэглээ ихсэж дэлгэц удаан ширтэх тусам анивчих тоо багассанаар нүд хуурайших шалтгаан болж байна. Хүн нүдээ нэг минутад 10-12 удаа анивчих ёстой. Анивчих бүрт нулимсан давхарга шинэчлэгдэн нүдийг чийглэж байдаг. Нулимсан давхарга гурван давхаргаас бүрдэх нарийн бүтэцтэй. Тодруулбал, тосон, усан, салслаг гэсэн давхаргаас бүрддэг. Энэ давхаргын үйл ажиллагаа алдагдсанаар нүд хуурайшдаг. Нүдний хуурайшилт хөнгөн, дунд, хүнд зэргээр тодорхойлдог нүдний эмгэг юм. Сүүлийн үед ухаалаг утас, дэлгэцийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор нүдний хөнгөн хэлбэрийн хуурайшилт үүсдэг. Энэ үед иргэд эмчээр жор бичүүлэлгүй хиймэл нулимс хэрэглэж болно. Хиймэл нулимс нь хүний нулимсны найрлагатай төстэй нулимсан бүрхэвчийг орлох чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Энэ нь ямар нэгэн судас агшаагч, эмийн найрлагагүй учраас өдөрт 4-6 удаа дусааж болно.

Харин судас агшаагчтай дусаалгыг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Гэтэл эмчилгээний зориулалтаар өдөрт цөөн удаа зааврын дагуу хэрэглэх ёстой дусаалгыг хиймэл нулимстай адил  тайлбартайгаар борлуулж байгаа нь  буруу.  Жишээлбэл, харшлын үед дусаах ёстой судас агшаагчтай Солонгос улсад үйлдвэрлэсэн нэр бүхий дусаалгыг хиймэл нулимстай адил нүд аргах, ядрах үед дусааж болох мэтээр борлуулж байна. Энэ маш буруу. Судас агшаагчтай дусаалгыг нүдний өвчин, эмгэгийн үед хэрэглэдэг. Тухайлбал, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед нүд их хуурайшдаг учраас энэ төрлийн дусаалгыг дусааж болно. Мөн нүдний хагалгаанд орсон, бамбайн эмгэгтэй, үе мөчний өвчтэй хүнд нулимс ялгаралт багасах, огт ялгарахгүй байх нөхцөл гардаг тул эмчийн заалтаар хэрэглэдэг.
-Нүдний мах, өөх ургах шалтгааныг тайлбарлавал. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нүдний хуурайшилт нь өөхжилт, мах ургах шалтгаан болдог. Манайхны дунд нүдний өөхлөлтөөс гадна нүдний мах ургах асуудал түгээмэл тохиолддог. Нүдний далавчин хальс, өөхжилт хоёр ялгаатай ойлголт. Өөхжилт нь нүдний цагаан буюу склерт ургадаг. Энэ нь хүний харах үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Харин нүдний далавчин хальс буюу мах нь хар руу түрж ургаснаар хараанд сөрөг нөлөөтэй. Энэ хоёр нь мэс заслын эмчилгээний заалттай байдаг. Тэгэхээр өөхлөлт, мах ургалтаас урьдчилан сэргийлэх энгийн арга бол бичиг цаасны ажил хийдэг хүмүүс удаан хугацаагаар ажиллахдаа нүдээ амраах, чийгшүүлэх дусаалга дусааж нүдний дасгал хийх хэрэгтэй. Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай, хуурай, тоосжилт ихтэй, салхитай орчинд нар, салхинаас хамгаалах шил зүүх хэрэгтэй. 
-Өвдсөний дараа эмчлэх биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь чухал гэдэг. Гэтэл эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлдэг урьдчилан сэргийлэх 18-64 насны багцад нүдний үзлэг байдаггүй. Нүдний өвчлөл, хараа муудах эмгэг залуужаад байгаа шүү дээ?
-Урьдчилан сэргийлэх багцад 65-аас дээш насны бүлэгт нүдний үзлэг бий. Энэ бүлгийн хүмүүст нүдний үзлэг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. 40-өөс дээш насанд эрсдэл нэмэгддэг учраас жилд нэг удаа нүдний эмчид үзүүлж байх нь зүйтэй. Цахим хэрэглээ өсөхийн хэрээр нүдний хугарлын гажгаас үүдэж залуучууд шил зүүх нь ихэссэн.
-Сүүлийн хоёр жил ажил, хичээл цахим болсноос дэлгэцийн өмнө суух цаг ихэссэн. Үүнтэй холбоотойгоор ялангуяа, бага насны хүүхдүүдийн хараа муудаж багаасаа шил зүүх болсон?
-Тийм ээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цахимаар ажиллаж, хичээллэх болсон нь нүд хуурайших нөхцөлийг нэмэгдүүлсэн. Дэлгэцийн өмнө суух цаг нэмэгдсэнээр харааны хугарлын гажиг үүсэж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал хараа муудах буюу нүдний шил зүүх шаардлагатай болж байгааг хэлдэг. Хүүхдүүдийн тоглох орчин хязгаарлагдмал учраас ухаалаг утас, компьютер дээр олон цагаар суух болсон. Энэ нь зөвхөн нүдний хуурайшилт, хугарлын гажиг үүсгэхээс гадна цэнхэр туяа тархинд нөлөөлөх, дэлгэцийн донтолттой болоход нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу хүүхдийнхээ нүдийг амрааж аль болох дэлгэц ширтэх хугацааг багасгах хэрэгтэй. Тухайлбал, 0-2 нас хүртэл ухаалаг утас, дэлгэцийн хэрэглээг хязгаарлахыг зөвлөдөг. Түүнчлэн 2-6 насны хүүхэд өдөрт дээд тал нь 30 минут ухаалаг утас, дэлгэц ашиглаж болно. Зөвхөн дэлгэц, ухаалаг утас гэлтгүй ЕБС-ийн сургуулийн сурагчид, оюутан, бичгийн ажилтай хүмүүс удаан хугацаагаар суухдаа нүдээ амрааж байх хэрэгтэй. Эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу 20/20 дүрмийг баримтлах нь зөв юм.
-20/20 дүрэм гэдэг нь?
-Энэ дүрэм нь 20 минут ажил, хичээлээ хийгээд 20 минут нүдээ амраахыг хэлнэ. Нүд амраах дасгал, хол, ойрын бараа харах, хиймэл нулимс дусаах зэргээр амрааж болно. Нүдийг хамгаалах зөв алхам бол удаан хугацаагаар ширтэхгүй нүдээ амраах юм. Мөн гэрэлтүүлэг их чухал.
-Сүүлийн үед зонхилон тохиолдож байгаа нүдний ямар эмгэг байгаа вэ?
-Нүдний олон төрлийн эмгэг бий. Гэхдээ хамгийн санаа зовниж байгаа зүйл нь нүдний гэмтэл. Ялангуяа, залуучууд биеэ хянах боломжгүй буюу архидан согтуурсан үедээ бие биеэ гэмтээх тохиолдол гарч байна. Тиймээс залуус биеэ зөв авч явж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Нүд бол эмзэг эрхтэн. Гэмтлийн улмаас хараагаа алдсан харамсалтай тохиолдол гарч байна. Хос хараа ямар чухлыг хүмүүс төдийлөн ойлгодоггүй. Хоёр нүдээрээ нэгтгэн харж байж орон зайн бүрэн баримжаатай болдог. Бид технологийн дэвшил, 3D, 4D гэж ярьдаг. Тэгвэл тэр технологийн дэвшил, бодит мэт дүрслэлийг мэдрэх мэдрэмжийг хос хараа өгдөг учраас нүдээ хайрлах хэрэгтэй. Түүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах шаардлагатай байна. Ажиллахдаа нүд хамгаалах хэрэгслийг зайлшгүй хэрэглэж дадах нь зүйтэй. Зонхилон тохиолдох өвчин буюу болор цайх, нүдний даралт, удамшлын шинжтэй өвчний үед шаардлагатай арга хэмжээ, эмчилгээг хийж технологийн дэвшлийн ачаар нүдний олон төрлийн хагалгааг амжилттай хийдэг болсон. Гэхдээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь илүү чухал. 
-Гоёлын болон харааны янз бүрийн өнгө, загвар, материалтай контакт линз хэрэглэх болжээ. Манай орон шиг хуурай уур амьсгалтай оронд контакт линз хэрэглэх нь зохимжтой юу?
-Контакт линз бол нүдний хуурайшилт үүсгэх нэг хүчин зүйл. Контакт линзийг хэрэглэх хугацаа, материал, агаар, ус нэвтрүүлэх чанараас хамаарч олон төрөлтэй болсон. Залуучууд линз зүүх цагийг хэтрүүлэх, нэг удаагийн линзийг олон удаа зүүх, линзний чанарыг судлахгүй хэрэглэж байна. Манай орны эрс тэс, хуурай уур амьсгалтай орчинд контакт линз хэрэглэх нь зохимжтой биш. Контакт линз борлуулж байгаа газарт мэргэжлийн эмч ажиллаж,  зөвлөгөө өгсний дагуу хэрэглэх ёстой. Контакт линз хэрэглэх сонирхолтой бол заавраа баримтлах нь чухал. Харамсалтай жишээ дурдахад залуухан охин нүдний өнгөндөө дургүй, сэтгэл ханамжгүйгээс хиймэл солонгон бүрхүүл суулгаж нүднийхээ өнгийг өөрчилсөн. Гэтэл түүнээсээ болоод хараагаа алдсан байна. Технологи хөгжиж хиймэл солонгон бүрхэвчийг нүдэнд хийдэг болсон нь сайн ч энэ төрлийн мэс заслыг хүнд гэмтлийн үед хийх зориулалттай. Тэгэхээр эмчилгээний зориулалттай аливаа зүйлийг эмчийн зааваргүй хэрэглэх нь эцэстээ харамсалтай байдалд хүргэхэд нөлөөлж байх жишээтэй. Үүнийг залуустаа сэрэмжүүлж хэлж байгаа юм. 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 74 (6806)
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан