"Сүү, тараг хэрэглэхийн ач тус" сэдэвт зөвлөгөөг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэр хүргэлээ.
Тараг нь гэдэсний өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилдэг. Хүн өдөрт нэг аяга сүү, нэг аяга тараг ууж хэвших хэрэгтэй.
Цагаан идээ нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, дархлааг дэмжиж, ясны сийрэгжилтээс сэргийлэх олон талын ач холбогдолтойг зөвлөж байлаа.
Тэрбээр үргэлжлүүлэн дараах зөвлөгөөг өгсөн юм.
Цагаан идээний ашиг тусын талаар "НЭМҮТ-ийн Хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувь нь Д аминдэмийн хангалтгүй нөөцтэй, 75 хувьд нь Д аминдэмийн дутагдалтай байгааг тогтоосон.
Эрдэс аминдэмийн дутал байгаа учраас сүү, цагаан идээ хэрэглэх шаардлагатайг дээрх судалгаа илтгэж байна.
Сүү, тараг, цагаан идээ нь кальцын агууламж өндөртэй, ясны сийрэгжилтээс сэргийлэх, агаарын бохирдлын үед хордлого тайлах, гаднын хорт нөлөөнөөс хамгаалах ач тустай тул бүх насныхан өдөр бүр ууж хэвшихийг зөвлөдөг.
Цагаан идээ нь маш өндөр тэжээллэг чанартай, амьтны гаралтай уураг агуулдаг. Уураг нь дотроо үл орлогдох амин хүчлүүдээр баялаг.
Тодруулбал үл орлогдох найман амин хүчлийг бид хоол хүнсээрээ дамжуулан авдаг.
Хүн өдөрт нэг аяга сүү, нэг аяга тараг ууж хэвших хэрэгтэй. Боломжгүй бол нэг аяга таргийг өдөр болгон ууж хэвших нь зүйтэй" гэдгийг зөвлөв.
Үргэлжлүүлэн "Эрүүл хооллолтын зөвлөмжид зааснаар монгол хүн таван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Үүний дотор сүү, цагаан идээ багтана.
Хүний ясны бүтцэд нөлөөлдөг, кальцын агууламж их учраас сүү, цагаан идээг заавал хэрэглэх ёстой.
Бага насныхан, өсвөр насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд кальцын маш өндөр хэрэглээтэй" гэлээ.
Сүү, цагаан идээ хэрэглэхийн ач тус:
- Сүүн хүчлийн нянгууд хүний биед хуримтлагдсан уургийн илүүдлийг задалдаг.
- Хорт бодис үүсгэгч, ялзруулагч нянгийн эсрэг үйлчилгээтэй.
- Тэдгээр бодисыг ялзруулан хорыг саармагжуулж байдаг.
- B-ийн төрлийн аминдэмүүдийг бий болгоно.
- Гэдэсний өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй.
- Биеийн дархлаа дэмжинэ.
- Биеийн эсэргүүцэл сайжруулна.
- Ясны сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой.
- Хорт хавдраас сэргийлнэ.
- Өсөлт, хөгжлийг дэмжинэ.
Сүүн хүчлийн нянгууд тарагт илүүтэй агуулагдаж байдаг. Тараг, сүү хоёул биеийн дархлааг дэмжиж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Ийм чухал бүтээгдэхүүн учраас аль болох өдөр тутам хэрэглэхийг зөвлөдгийг Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны ЭША Д.Оюундэлгэр нэмж хэллээ.
Сүү, таргийг хэдийд хэрэглэвэл тохиромжтой вэ?
- Таргийг өглөө өлөн үедээ уух нь тохиромжгүй. Учир нь ислэг агуулдаг бүтээгдэхүүн учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ.
- Таргийг тав хүртэлх насны хүүхдүүдэд унтахаас нь гурван цагийн өмнө хэрэглүүлнэ. Бусад насныхан таргийг хэдийд ч хэрэглэж болно. Сүү мөн адилхан.
- Махан хоолтойгоо сүү, таргийг хольж ойрхон хэрэглэх нь хамгийн тохиромжгүй. Маханд байдаг төмрийн шимэгдэлтийг сүү, цагаан идээний кальц саармагжуулдаг. Иймд нэг цагийн өмнө эсвэл цагийн дараа хэрэглэх нь зохимжтой.
Сүү, тараг хэрэглэхдээ анхаарах алхам:
Лактоз ферментийн дуталтай болох эмгэг байдаг. Энэ тохиолдолд тараг, сүү, цагаан идээ хэрэглэх үед суулгах, гэдэс тавгүйдэх шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ энэ нь монгол хүмүүст харьцангуй бага.
Тодруулбал бага багаар дасгаж хэрэглэвэл монгол хүний сүү, цагаан идээнд зохицох зохицолдлогоо сайн байдгийг тэрбээр хэлсэн юм.