Манай улсад зонхилон тохиох зүрх судасны өвчний талаар Мэлтэс мед эмнэлгийн Зүрх, судасны эмч Б.Анхбаяртай ярилцлаа.
-Манай улсад зүрх судасны өвчлөл их байгаагийн шалтгаан нь юу юм бэ?
-Зүрх судасны өвчний шалтгаан гэхээс илүүтэй эрсдэлт хүчин зүйлүүд гэвэл онох байх. Эрсдэлт хүчин зүйл нь өөрчилж болох өөрчилж болохгүй гэсэн хоёр янз байдаг. Өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлийн нэгд давсны хэрэглээ ордог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүний хоногийн давсны хэрэглээ зургаан граммаас доош байх ёстой гэсэн байдаг. Иргэд давс гэхээр дан ганц хоолны давсыг л бодоод байдаг. Гэтэл бид гадуур авч идэж байгаа бүтээгдэхүүн, бусад бүх зүйлээсээ давсыг авч байгаа шүү дээ. Тэгэхээр дан ганц хоолны давс гэж ойлгож болохгүй. Ер нь, хоногийн давсны хэрэглээ зургаан граммаас хэтэрвэл судас хатууруулах маш том эрсдэлт хүчин зүйл болдог. Хоёрт, өөх тосны хэрэглээ байна. Ингэхдээ ханасан болон ханаагүй өөх тосны хэрэглээг гэж ярьж болно. Ханаагүй өөх тос нь ургамлын тос, оливын тосонд агуулагддаг. Тэгэхээр ханаагүй тосны хүчил агуулсан зүйлийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Ханасан тосны хүчил гэхээр амьтны гаралтай өөх тосыг хэлнэ. Мөн хэтэрхий их халааж хэрэглэдэг тос ч транс тосонд ордог. Транс тос нь эргээд хавдар үүсгэх хүчин зүйл болдог юм л даа. Тиймээс ханасан өөх тосыг их хэрэглээд байвал тэр нь судас хатууруулах эрсдэлт хүчин зүйл болно гэсэн үг. Судас хатуурна гэдэг нь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл болно гэж ойлгож болно.
Гуравт, дасгал хөдөлгөөний асуудал байна. Дасгал хөдөлгөөнийг дотор нь дөрөв ангилдаг юм. Бидний хувьд эрүүл мэндэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байх нь маш чухал байдаг. Эрүүл мэндэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь өдөрт 30 минутын хугацаанд идэвхтэй байдлаар дугуй унах, алхах, ямар нэг спортоор хичээллэхийг хэлнэ. Ингэхдээ долоо хоногийн таван өдөр буюу долоо хоногт дунджаар 150 минутаас дээш хугацаагаар идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийвэл эрүүл мэндэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн гэж үздэг. Анзаарвал сүүлийн үед гудамжаар алхахад таргалалттай хүн элбэгшсэн байгаа. Дээрээс нь бага насны хүүхдүүд ч гэсэн таргалалттай болчихсон. Тэгэхээр энэ нь амьдралын буруу хэв маягтай шууд холбоотой. Ер нь, хүн өөрийгөө жоохон хүүхэд мэтээр хооллох хэрэгтэй. Бага насны хүүхэд өглөө хэдэд сэрдэг билээ, ээж аав нь яаж эрүүл хоол хүнс өгдөг билээ. Яг тэр зарчмаар өөрсдийгөө хооллоорой. Орой 21:00, 22:00 цагт унтдаг шиг унтаж, жоохон хүүхэд мэт өөрийгөө хайрлах нь зүйтэй.
Дөрөвт, хорт зуршлын асуудал байна. Архи болон тамхины хэрэглээ хор зуршлын асуудалд зайлшгүй орж ирнэ. Дээр нь мансууруулах бодисын хэрэглээ нэлээд элбэг болж байна шүү дээ. Анзаарч байхад бүх насныханд мансууруулах бодисын хэрэглээ маш их байна. Архинд олон төрлийн бодис агуулагддаг. Тэр дундаас хамгийн их анхаарах зүйл нь этанолийн хэмжээ. Уг нь архины стандарт хэмжээ гэж бий. Стандартаараа тухайн хүн 50 мл-ыг хэрэглэж байвал эрүүл бие махбодид асуудал үүсэхгүй. Гэхдээ манай монголчууд хэцүү шүү дээ. Аливаа нэг зүйлийг заасан хэмжээгээр нь хэрэглээрэй гэвэл хэзээ ч тэр хэмжээгээр нь хэрэглэдэггүй. Заавал заасан хэмжээнээс хэтрүүлж хэрэглэж байж санаа нь амардаг.
Архины хувьд стандарт хэрэглээ 50 мл байдаг. Нэг удаадаа 50 мл архи угаад л болно. Илүү уух юм бол элэг болон бусад эрхтэнд хортой нөлөөтэй гэсэн үг. Айраг 500 мл, шар айраг 330 мл, дарс 100-150 мл нь нэг удаагийн стандарт уулт болдог юм. Энэ хэмжээнээс илүү хэрэглэх юм бол бусад эрхтэнд хор нөлөөг үзүүлэх нь байна.
-Тамхины тухайд?
-Тамхины талаар яривал тамхинд никотин болон бусад олон төрлийн хорт бодис агуулагддаг. Тамхи нь зүрхний шигдээс, зүрх судасны өвчлөл гэлтгүй ходоод, уушги зэрэг бусад эрхтнийг гэмтээдэг гол эрсдэлт хүчин зүйл. Тамхинд олон төрлийн хорт бодисыг агуулдаг тул донтуулж, судасны ханыг хатууруулж, цусыг өтгөрүүлж байгаа. Иймд тамхины хэрэглээгээ танаж, хаях хэрэгтэй. Архинд төдий хэмжээг уух юм бол таны эрүүл мэндэд хор нөлөөгүй гэсэн стандарт уулт гэж байна. Харин тамхинд төдий хэмжээнийхийг татах юм бол таны эрүүл мэндэд сайн гэсэн зүйл огт байхгүй. Тиймээс л тамхийг болих хэрэгтэй. Ходоодны шарх, шархлаа гээд тамхины нөлөөлдөггүй эрхтэн гэж байхгүй. Тамхинаас гаргах зургаан “Z”-ийн дүрэм, эм, лазер гээд эмчилгээнүүд бий шүү дээ. Хэрэв өөрөө чин сэтгэлээсээ хүсэх юм бол ямар ч хүн тамхинаас гарч болно. Дээр хэлсэн энэ бүхэн бол бидний зүрх судасны өвчнийг өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлүүд. Үүнээс гадна өөрчилж болохгүй эрсдэлт хүчин зүйлүүд байна. Жишээлбэл, удамшил. Тухайн хүний эцэг, эх чихрийн шижинтэй, даралт өндөртэй байдаг бол тухайн хүнд ч өвчин удамших магадлал өндөртэй. Тэгэхээр өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлээрээ даралт ихсэлт, чихрийн шижингээ засах нь зөв гаргалгаа.
Товчхондоо, таргалж, хор зуршилтай болж болохгүй гээд өөртөө анхаарах хэрэгтэй. Таргалалт дээр нэмж хэлэхэд, эрэгтэй хүн бүсэлхийн тойрог нь 90 см-ээс дээш, эмэгтэй 80 см-ээс дээш байх юм бол төвийн таргалалттай гэж үздэг. Таргалалттай болж, өөх нэмэгдэх тусам судас ургадаг. Биеийн нэг хэсэг нь өөх учраас тэжээхийн тулд судас ургадаг гэсэн үг. Судас ургах тусам биеийн бүх эд, эрхтэндээ цусаа түгээж шахахын тулд зүрх хүчтэй ажиллаж эхэлдэг юм. Хэвийн хүний зүрхний цохилт 60-80 хооронд байдаг бол таргалттай хүнийх 80-аас дээш, дэлсэнгүй байдаг. Тэгэхээр бүх эд эрхтнүүддээ цусаа түгээж, шахаж ажиллахын тулд зүрх хэвийн хэмжээнээсээ ачаалалтай ажилласнаасаа болж судасны эсэргүүцэл нэмэгдээд даралт ихсэлт үүснэ. Даралт ихсэлттэй удаан явах юм бол зүрхний дутагдлыг үүсгэнэ гээд олон эрсдэлт хүчин зүйлийг дагуулдаг. Тиймээс ялангуяа 40-өөс дээш насныханд зөвлөхөд өөрчилж болох эрсдэлт хүчин зүйлээ маш сайн засаарай.
-Зүрх судасны өвчний гол нэг зүйл нь даралт байдаг шүү дээ. Даралтад олон зөрүүтэй ойлголт байдаг. Жишээлбэл, эмийг байнга уух ёстой, ёсгүй гээд... Та үүн дээр юуг хэлэх вэ?
-Зүрх судасны өвчлөл дотроо хамгийн их тохиолддог өвчин нь даралт ихсэлт байдаг. Гэхдээ даралтын ихсэлтийн шалтгаанаас болж зүрхэнд өөрчлөлт өгдөг юм. Даралт ихсэлт гэдэг өвчин нь өөрөө судасны биеэ даасан эмгэг л дээ. Өөрөөр хэлбэл, удамшил, эрсдэлт хүчин зүйлүүд нь нөлөөлөөд судасны эмгэг үүссэн гэсэн үг. Тэрнээсээ шалтгаалаад даралт ихсэж байгаа гэдэг нэг ойлголт байна. Даралт ихсэлтийг дотор нь шалтгаанаар нь анхдагч буюу шалтгаан тодорхойгүй, хоёрдогч буюу бусад эрхтний шалтгаантай гэж хуваадаг. Анхдагч буюу шалтгаан тодорхойгүй гэдэг нь даралт ихсэлтийн 80-85 хувийг эзэлдэг. Харин хоёрдогч буюу бусад эрхтний шалтгаантай нь 15 хүртэлх хувийг эзэлдэг, харьцангуй цөөн.
Ер нь, 40-өөс дээш насанд эмгэг жамаараа хүний судас хатуурч эхэлдэг юм. Нас залуу, цус шингэн гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Тэгэхээр залуу насанд харьцангуй амьдралын идэвхтэй, ялгарах бүх гормонууд нь хэвийн хэмжээгээр ялгарч байгаа болохоор гайгүй. Харин нас явах тусам хүн жамаараа, физиологиороо судас нь хатуурч эхэлдэг. Тиймээс 40-өөс дээш насныханд даралт ихсэлт илүү их тохиолдоно гэсэн үг. Түүнчлэн, харьцангуй залуу насанд тохиох үе байна. 17, 16 настай хэр нь даралт нь 150, 140-тэй, 20 настай хэр нь даралт нь 200-тай хүн олон биш ч тодорхой байдлаар байдаг. Тийм хүмүүсийн хувьд аль болох хоёрдогч шалтгааныг нь үгүйсгэх зорилгоор бүх шинжилгээнүүдийг хийдэг. 40-өөс дээш насныхны хувьд судас нь жамаараа хатуурахаас гадна, амьдралын буруу хэв маягаас үүдээд таргалалт зэрэг эрсдэлт хүчин зүйлүүд үүсчихсэн байдаг учраас түүнийгээ багасгахыг, даралтны эмээ байнга уухыг зөвлөдөг.
-Эмээ уух, уухгүй гэдэг дээр?
-Даралтны талаар ярихаар хүмүүс даралтны ямар эм уух уу, өглөө уух уу, орой уух уу, байнга уух юм уу, үгүй юм уу, эмээ насан туршдаа уух уу гэх зэргээр асуудаг. Үүн дээр нэмж хяналтын асуудал яригдана. 100 хувь даралт ихсэлтийг эмчилье гэж бодоход эмч 20 хувийг, үйлчлүүлэгч 80 хувь буюу маш чухал үүрэг, оролцоотой байдаг. Тэр хүн гэртээ эмээ ууна, даралтаа үзнэ, тэмдэглэнэ, эмийн тохирох, тохирохгүй байгаагаа эмчид мэдэгдэх ёстой. Тэгж байж эмч даралтны эм нь таарахгүй байна, туныг нь нэмье гэх зэрэг чиглүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Үндсэн үүргийг нь өвчтөн өөрөө гүйцэтгэнэ гэсэн үг. Гэтэл үүнийг иргэд ойлгохгүй даралт гэхээр л заавал эмчээр үзүүлж, эмчээр эмээ солиулна гэдэг. Харин өөрөө гэртээ зүгээр л байж байх юм шиг сэтгээд байдаг. Даралтны эмийг уух тал дээр бол байнга, тогтмол нэг цагт ууна. Тэр нь өглөө юм уу, орой байж болно. Өглөө хоол ундаа идсэний дараа уух ёстой бол орой 6-9 цагийн хооронд уухыг зөвлөдөг.
-Ярилцсанд баярлалаа.
https://itoim.mn/a/2024/02/20/healthy-mongolia/pcy