Тархины харвалтын эрсдэл хүчин зүйлсийн товчхон ойлголт
Анагаах ухааны эмнэлзүйн практикт нэн тулгамдсан асуудлын нэг бол тархины судасны эмгэг болох тархины харвалт юм. Дэлхий дахинаа жилд тархины харвалт дунджаар 100.000 хүн амд 100-300 тохиолддог бол монголын насанд хүрэгчдийн дунд 100.000/290 тохиолдол, үүнээс нас баралт 100.000-д 130 хүрч байгаа нь манай улс харвалтын давтамжаар дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд тооцогдож байна.
Монгол Улсад тархины харвалтын өвчлөл, нас баралт сүүлийн 20 жилд 30%-иар нэмэгдэж буй мэдээллээс үзэхэд цусны даралт ихсэх өвчин, тархины судасны хатуурал, зүрх судасны эмгэг, бусад хүчин зүйлсийн эзлэх хувь ихсэж буйтай (чихрийн шижин, таргалалт, гиперлипидеми, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ) шууд холбоотой. Хамгийн чухал сэргийлэлт бол тархины харвалт эмгэгээр өвдөж хүндэрсний дараа бус түүнээс урьдчилан сэргийлж тархины харвалт өвчлөлийн тухай ойлголтой байж шалтгаан эрсдэл хүндрэлийн талаар мэдлэг сайтай байх нь маш чухал юм.
Ингэхийн тулд хүн бүр амьдралын зөв хэв маягийг дагах, өөрөөр хэлбэл илүүдэл жингүй байх, цусан дахь өөх тосны үзүүлэлт, сахар, эрдэсүүдийг хэвийн хэмжээнд барих, тогтмол биеийн тамир дасгал хөдөлгөөнөөр хичээллэж хөдөлгөөний хомсдолгүй байснаар цусны даралт хэвийн хэмжээнд байх , хөдөлгөөний идэвхтэй байснаар өндөр цусны даралт бууж тогтворжин зүрхний ачааллыг багасгахад чухал ач холбогдолтой. Тархины харвалтын хамгийн гол эрсдэл хүчин зүйл бол артерийн даралт ихсэлт бөгөөд даралтыг хэвийн хэмжээнд (120/80мм.муб) барих, даралтаа бичиж тэмдэглэх, эмчийн зөвөлсөн эмийг тогтмол ууж байх нь хүндрэлээс сэргийлж чадна. Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх судасны өвчлөл ихэссээр байгаа нь анхаарал татаж байна.
Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 2.5 дахин их байна гэсэн судалгаа байдаг. Тиймд хоол ундандаа натрийн давсны хэрэглээг өдөрт 5-6гр-аас хэтрүүлэхгүй байх сухал шаардлагатай. Хэрэв хувь хүн архаг хууч өвчинтэй бол ялангуяа элэг бөөрний эмгэг, ходоод гэдэсний шарх, цус алдалт, В,С вирус, үе мөч гэх мэт эмгэг хууч өвчинтэй бол түүнийг нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж хяналтанд эмчлүүлж байх, тоохгүй хянахгүй эмчлэхгүй бол тархины судасны эмгэг болох тархины харвалтаар хүндрэх эрсдэлтэй байдаг.
Тархины харвалт нь насжилттай холбоотой 50-аас дээш насныханд зонхилон тохиолддог эмгэг гэж үздэг байсан боловч сүүлийн үед залуу нас, жирэмслэлт, төрөлттэй холбоотойгоор төрөх насны эмэгтэйчүүдэд цөөнгүй тохиолдох боллоо. Жирэмслэлтэй холбоотой үүсдэг ач холбогдол бүхий эмгэгийн 4т цусны даралт ордог.
Харвалтын тасгаар сүүлийн 2 жилд жирэмсэн, төрсний дараах тархины харвалтаар хүндэрсэн 16-41 насны 19 эх хэвтсэн байх жишээтэй. Эдгээр тохиолдолуудын өвчний түүхэнд дескриптив аргаар дүн шинжилгээ хийж үзвэл үндсэн эрсдэлт хүчин зүйлст цусны даралт ихсэх өвчин, жирэмсэн үеийн хяналт муу байдал багтаж, жирэмсний хожуу үед ТХ болох магадлал өндөр байна. Цаашид жирэмсэн, төрөх болон төрсний дараах үеийн хяналтыг цогц байдлаар сайжруулах, төрөх насны эмэгтэйчүүдийн жирэмслэлт төрөлттэй холбоотой эрүүл мэндийн мэдлэг боловсролд анхаарах шаардлагатай байна.
Дараагийн нэг тархины харвалтад хүргэх анхаарал татах эрсдэлт хүчин зүйл бол хорт зуршилууд байна. Архи тамхины хэрэглээ манайханд их түүнтэй улбаатай тархины харвалт болж хүндэрсэн тохиолдолууд сүүлийн 5 жилийн судалгаагаар харагдаж байгаа нь бидний анхааралыг татаж илүү ихээр хөндөж яримаар байгаа юм. Ид хөдөлмөрлөх насандаа ажил хөдөлмөр, амралтаа зохицуулж чадахгүй нойр хоолгүй, архи тамхины хэт хэрэглээнээс болж 20-49 нас буюу залуу насандаа тархиндаа харваж тахир дутуу болох, насан туршдаа хөдөлмөрийн чадваргүй болж сэтгэл санаагаар гутарч унах, тэр бүү хэл амь насаа алдаж байгаа тохиолдолууд сүүлийн үед ихэссээр байгаа тул манай мэргэжил нэгт эмч нар тархины харвалт өвчний талаар сургалт мэдээлэл их хийж байгаа ч ард түмэнд хувь хүнд хэр хүрч мэдээлэл болж буйг сайн мэдэхгүй л байна.
Гэсэн хэдий ч манай УГТЭ-ийн хамт олон халдварт бус өвчлөл болох зүрх судасны өвчлөл, тархины харвалт өвчний талаар олон нийтэд тууштай тогтмол сургалт мэдээлэл хийж, анхдагч урьдчилан сэргийлэлтэнд анхаарч ажилласаар байна.