Бага, дунд ангийнхан электрон тамхийг ихээр хэрэглэх болжээ


Үүлний завсраар үе үехэн ёлтойх илч муутайхан нарны өөдөөс нүдээ гурвалжлуулж саравчлах ахмадыг хажуугийн тоглоомын талбайд цангинатал хашхирах хүү цочоов. Хичээл амарч тоглоомын талбайд хүүхдийн хөлд дарагджээ. Нийслэлийн 11 дүгээр сургуулийн хойд талд байрлах хүүхдийн тоглоомын жижигхэн талбайд хүүхдүүд шпрот шиг чихцэлдэнэ. Сургууль цэцэрлэг амарч тэд чөлөөт цагаа энд өнгөрүүлж байгаа нь энэ. Энд өмнөхөөс өөр зураг харагдах нь дунд ангийн юм уу гэмээр хүүхдүүд амандаа тамхи зууж, утаа баагиулах юм. Эр, эмгүй л халааснаасаа электрон тамхийг гаргаж хэд сормогцоо цааш нь хийгээд огло үсэрч тоглохоор гүйлдэнэ. Төд удалгүй өнөөхөө гаргаж хэд сороод л гүйлдээд алга болно. Электрон тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд ингэж л дэлгэрчээ. 10 хэдхэн настай хүүхдүүд амнаасаа утаа саагиулаад гүйлдэх зураглал захын тоглоомын талбайгаас л ил цагаан харагдаж байна. Тэднийг тоож байгаа хүн ч алга
Тавдугаар ангийн сурагч н.Оргил: Электрон тамхи аваад явахад ах нар мөнгө нэхдэггүй

Том цагаан малгай, бариу улаан подвалкоор гоёсон жаахан хүүг н.Оргил гэнэ. Шинэ хувцсаа найзууддаа гайхуулж, чамирхаж ярих дэгжин хүү 111 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч. Хүүхдийн баяраар аав, ээжээрээ хувцас авхуулаад гоёж яваа нь энэ. Түүнтэй ярилцлаа.

-Электрон тамхи татдаг юм уу, чи?
-Тийм ээ.
-Гэрийнхэн нь авч өгсөн үү?
-Би өөрөө авсан. Манай ангийн хүүхэд зарж байсан юм. Ээжийн өгсөн хоолны мөнгөөр авсан.
-Сороход ямар санагдаж байна?
-Жимс амтлагдаад, чихэр шиг санагддаг юм.
-Танай ангийнхан татаж байна уу?
-Завсарлагаанаар л татдаг. Багш хэд хэдэн хүүхдийн тамхийг нь хураагаад авчихсан. Зарим нь ээждээ хэлээд буцааж авсан. Би багшид мэдэгдэхгүйгээр хичээл завсарлахад л гараад татчихдаг.
-Электрон тамхи тийм гоё байна уу. Гэртээ татаж байна уу?
-Жимс л амтлагдаад байдаг. Дахин дахин сороход илүү гоё амттай. Гэртээ татахгүй ээ. Татаж байгаад л ордог. Ээж мэддэггүй юм. Өвөөгийн тамхи шиг үнэртдэггүй шүү дээ, энэ чинь.
-Танай ангийнхан хаанаас электрон тамхи авч байна, чи мэдэх үү?
-Байрныхаа дэлгүүрээс л авсан гэдэг. Би лав ангийнхаа хүүхдээс авсан.
-Үүнийг заавал татах гээд байдаг юм уу, зүгээр зайрмаг идэж болохгүй байна уу?
-Чихэр, жимс амтлагдаад байдаг. Дээд ангийн ах нартай уулзахад ч тамхи татахад гоё байдаг юм. Тамхи бариад явж байхад тэд мөнгө нэхдэггүй. Тамхинаас хэд сороод л явуулчихдаг.
-Үнэхээр татмаар санагдаж байна уу?
-Завсарлагаан бүрээр л гарч татмаар санагдаад байдаг.
-Танай эмэгтэй найзууд хүртэл татаад байна уу?
-Зарим нь татдаг. Тэгж их татдаггүй ээ” гэсээр бидний яриа өндөрлөв. н.Оргил ч электрон тамхинаасаа хэд сорж жижигхэн амандаа тамшаалаад бөмбөгөө хөөгөөд гүйв.
Түүний хэлж буйгаар хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар цахилгаан тамхиа сордог гэнэ. Тэд электрон тамхины чихэр, чимсний үнэр амтад болдог гэнэ. Үнэр нь ч таатай сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Хачирхалтай нь эмэгтэй хүүхдүүд ч электрон тамхи хэрэглэх нь түгээмэл болж. Тэднээс тодруулахад ээж, эгчийнхээ тамхинаас хэд сорж явсаар хамааралтай болсон талаараа хэлж байна. Гэр бүлийнхэн нь электрон тамхийг соёлтой хэрэглээ гэх ойлголтыг дүү нартаа өгснөөр хамааралтай болгож. Тэдэнд электрон тамхины хор хөнөөлийн талаар наад захын ойлголт харагдсангүй. Зарим нь модтой чихэр шиг амнаасаа салгахгүй сорж байх юм.
Электрон тамхины худалдаа ч дэлгэрчээ. Захын байрны дэлгүүр ороход л шажигнатал зарагдаж байна. 17500-гийн электрон тамхийг дунд ангийн хүүхдүүд булаацалдаад аваад гарч байх. Хаа сайгүй тааралдах CU, GS25-ын салбаруудаар ч электрон тамхи талх шиг л зарагдаж байна. Түүнчлэн электрон тамхи татах залуусын цуглах газар гэх 20 орчим мянган гишүүнтэй бүлгэм сошиалд тун идэвхтэй ажилладаг юм байна. Тухайн бүлгэмээр шагайхад гишүүд нь гол төлөв дунд сургуулийн хүүхдүүд байдаг бололтой. Анзаарахад тийм өнгөтэй тамхи нь ийм жимстэй, тийм мэдрэмж төрүүлдэг гэхчлэн зар байршуулжээ. Тэнд ийм тамхийг зарж байна ийм ч гоё гэх постууд ар араасаа хөвөрч байх.

Э.Тэмүүлэн: Электрон тамхи татдаг хэд маань хичээлээ хаясан
ХУД-ийн 115 дугаар сургуулийн X ангийн сурагч Э.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Электрон тамхи хэр удаан татаж байна вэ?
-Дунд ангид байхаасаа л татсан. Дөрвөн жилийн хугацаанд л тасралтгүй татаж байна.
-Анх яагаад татах болов?
-Ангийн хүүхдүүд татдаг байсан юм. Сорж үзэхэд чихэр амтлагдаад гоё санагдаад л татдаг болчихсон. Татаж байгаа хүмүүс гоё харагддаг байсан л даа. Дуурайгаад л татаад эхэлсэн. Удаан татахад их муу юм байна.
-Нэлээн хугацаанд татжээ. Эрүүл мэндэд өөрчлөлт гарч байх юм уу?
-Эхэндээ анзаардаггүй юм билээ. Чихэр амтлагдаж байгаад л нэг мэдэхэд донтчихдог. Цахилгаан тамхи байхгүй л бол байж сууж чадахаа болино. Хичээл биш цахилгаан тамхи бодогдоод байдаг болсон. Одоо би биеийн тамирын хичээлдээ ороод гүйж чадахаа больсон. Өнгөрсөн хавар хатгаа тусаад уушгиа рентгенд харуулахад эрүүл бус гэх онош гарсан. Үүнийг электрон тамхины хэрэглээтэй л холбоотой гэж харж байгаа. Ээж аав маань ч надад ингэж л хэлдэг.
-Гэнэт л салж чадахаа больсон хэрэг үү?
-Тийм ээ. Тамхиа л сорохгүй бол хичээлдээ ч анхаарч чадахгүй. Тамхи хайгаад л хаа сайгүй тэнэдэг болсон. Хичээлээ бараг хаясан. Сүүлд нь уушги өвддөг, амархан ханиад хүрдэг боллоо. Гэхдээ одоо би электрон тамхи татахаа больсон гэв.
Электрон тамхины уршгийн талаар сурагч дээрх байр суурийг илэрхийлж байна. Эхлээд соёлтой хэрэглээ гэх байдлаар татаж байсан бол сүүлдээ эрүүл мэндэд нь эрсдэл учрах болсон талаар хэлж байна. Электрон тамхи татдаг хүүхдүүд ч эрүүл мэнд нь доголдоод эхэлснийг тэр онцолж байв. Өнөөдөр байрны гаднах дэлгүүрүүдэд ихээр зарагдаж буй электрон тамхи арваадхан настай хүүхдүүдийн эрүүл мэндийг устгахад ойрхон байгааг Эрүүл мэндийн яамнаас ч анхааруулж байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр Өмнөговь, Дархан-Уул аймгуудад электрон тамхи худалдаалахыг хориглоод байгаа юм.
Өнөөдөр тоглоомын талбайд утаат тамхинаас илүү электрон тамхины хурц, ихүүн үнэр сэнгэнэх болжээ. Бага дунд ангийнхан электрон тамхиар амьсгалж байна.

https://dnn.mn/%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B0-%D0%B4%D1%83%D0%BD%D0%B4-%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%D1%85%D0%B0%D0%BD-%D1%8D%D0%BB%D0%B5%D0%BA%D1%82%D1%80%D0%BE%D0%BD-%D1%82%D0%B0%D0%BC%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%B8%D1%85%D1%8D%D1%8D%D1%80-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D0%BB%D1%8D%D1%85-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D-dnn-mn/
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан