Сүүлийн үед хүүхэд, залуучууд электрон тамхийг ихээр хэрэглэх болж ёстой л зах замбараагаа алдаж байна. Тэд "Тамхинаас хор багатай, тамхи татсанаас дээр" гэх мэдээлэлд хэт итгэсэн учраас тэр. Тамхины аюулгүй хувилбар гэж ердөө ч байхгүй гээд шуудхан хэлчхэд нэг их мэдээллээс гажсан асуудал ч болохгүй.
Хүүхэд залуусын шунан дурлаад байгаа электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд маш муугаар нөлөөлдөг байна.
Электрон тамхинд ч гэсэн донтуулах бодис болох никотин агуулагддаг. Тиймээс тамхи, электрон тамхины аль аль нь хортой учраас хоёуланг нь хэрэглэхгүй байхыг ДЭМБ-аас зөвлөдөг.
Манай улсын хувьд өсвөр үеийнхнийг электрон тамхийг хэрэглэхгүй байх тал дээр хатуу анхаарал хандуулах ёстой байна. Хувь хүн, хүнсний дэлгүүр, том сүлжээ дэлгүүрүүдээр гээд хэн дуртай нь оруулж ирж зардаг болсон. Үүнд хатуу хяналт тавих хэрэгтэй.
Зарим улс орнуудад электрон тамхийг энгийн тамхинд тооцох хуулийн төсөл санаачилж байна. Гэтэл манай улсад “Тамхинаас 95 хувиар хор хөнөөл багатай" гээд бүгд итгэчихсэн явна. Тиймээс хүүхэд, залуучууд ихээр хэрэглэх болсон энэ хоронд хяналт, шалгалт тавьж Тамхины хяналтын тухай хуульд ч тусгаж өгөх хэрэгтэй байна.
АНУ-д 5 жилийн өмнө 17 настай нэг хүү электрон тамхи татаж байхад нь тамхи нь хэт халж дэлбэрсний улмаас нүүр гар нь түлэгдэж эмгэнэлтэй мэдээлэл гарч дэлхийн улс орнууд электрон тамхинаас татгалзаж эхэлсэн. Гэтэл Монголд өнөөдөр дэлгэрч, цэцэглэн хөгжих нь бололтой. Тиймээс электрон тамхийг хориглоё.