Шинэ Зеландын эмч нар электрон тамхины хэрэглээг хязгаарлахыг шаардав


Өсвөр насныхан дунд электрон тамхины хэрэглээ огцом нэмэгдэж байгаа тул Шинэ Зеландын эрүүл мэндийн судлаач, эмч нар тус бүтээгдэхүүнийг зөвхөн эмийн жороор олгож хязгаарлалт тогтоохыг шаарджээ.
Шинэ Зеландын иргэдийн дунд утаат тамхины хэрэглээ түүхэн доод хэмжээндээ хүрсэн ч өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ огцом нэмэгджээ. Тодруулбал 2019-2021 оны хооронд электрон тамхи хэрэглэдэг өсвөр насны хүүхдийн тоо гурав дахин нэмэгдсэн байна.
Иймд тус улсын зарим эмч, судлаач электрон тамхийг Австралийн нэгэн адил хязгаарлахыг шаарджээ. Австрали улсад электрон тамхийг зөвхөн жороор олгодог.
Шинэ Зеландын Ерөнхий эмчийн коллежийн эмнэлгийн захирал Брайан Бетти "Электрон тамхийг утаат тамхинаас гарах арга болгон ашиглахыг бид дэмждэг. Гэвч утаат тамхи татаж үзээгүй өсвөр насныхан электрон тамхи хэрэглэж байгаад санаа зовниж байна. Электрон тамхинд агуулагдах никотины хэмжээ донтуулах нөлөөтэй. Энэ бүтээгдэхүүнийг урт хугацаанд хэрэглэвэл ямар хор хөнөөлтэй талаарх мэдээлэл бидэнд үгүй. Дараагийн 10-20 жилийн хугацаанд тодорхойгүй хэвээр байх болно. Гэхдээ урьдчилсан судалгаагаар электрон тамхины хэрэглээ нь цусны бүлэгнэл үүсгэж, амьсгалын эрхтэн тогтолцоог гэмтээх, уушгины цочмог эмгэгт хүргэж болзошгүй" гэв.
Шинэ Зеланд дахь электрон тамхи татдаг ахлах ангийн сурагчдын 30 хувь нь утаат тамхи татаж үзээгүй гэх судалгаа гарчээ.
Эх сурвалж: TheGuardian
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан