XBB.1.16 хэмээх Омикрон шинэ хувилбар АНУ-д тархаж байгаа бөгөөд бусад хувилбараас өөр шинж тэмдэг илэрч байгаа аж. Уг шинэ хувилбарыг Арктурус буюу хамгийн тод одны нэрээр нэрлээд байгаа юм. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, уг шинэ хувилбар АНУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын 10 орчим хувийг эзэлж байна. Вандербилт их сургуулийн Анагаах ухааны төвийн халдварт өвчний профессор, доктор Уильям Шаффнер “TODAY.com” сайтад өгсөн ярилцлагадаа "Шинэ хувилбар АНУ-д ажиглагдаж буй хоёр дахь хамгийн түгээмэл хувилбар юм" гэжээ.
XBB.1.16 буюу Aрктурус
XBB.1.16-г анх 2023 оны нэгдүгээр сард ДЭМБ анх бүртгэсэн. Одоогоор АНУ зэрэг 33 оронд илэрсэн ч яг одоо Энэтхэгт хамгийн түгээмэл тархаад байна. XBB.1.16 нь ДЭМБ-ын мэдээлснээр рекомбинант буюу BA.2 дэд ургийн эрлийз юм. Жонс Хопкинсийн их сургуулийн вирус судлаач, доктор Энди Пекос "АНУ-д давамгайлсан хувилбар бөгөөд хэсэг хугацаанд энд болон бусад олон оронд давамгайлсан хувилбар байсаар ирсэн XBB.1.5-тай маш төстэй байна" гэжээ.
Aрктурус бусад хувилбараас илүү халдварлах чадвартай
Уильям Шаффнер "Одоогоор уг хувилбар илүү хүнд өвчин үүсгэдэг гэсэн шинж тэмдэг байхгүй. Халдварлах чадвар нь илүү сайн” гэжээ.
Йелийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн халдварт өвчний эмч, профессор доктор Альберт Ко "Шинэ хувилбарын хүнд өвчин үүсгэх чадвар нь өмнөх Омикроны хувилбаруудтай төстэй юм шиг харагдаж байна" гэжээ.
XBB.1.16 Арктурын шинж тэмдэг
Шаффнерын хэлснээр, XBB.1.16 хувилбараар халдварласан хүүхдүүдэд хэд хэдэн өвөрмөц шинж тэмдэг илэрч байгаа аж. Тухайлбал,
Хоолой өвдөх
Нус гоожих
Найтаах
Ханиалгах
Толгой өвдөх
Ядрах
Булчин өвдөх
Үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.