Их Британид “омикрон” хувилбараар халдварласан хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Тэрбээр иргэддээ хандан, бүүстер тундаа идэвхтэй хамрагдахыг уриалав.
Их Британийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, тус улсад одоогоор “омикрон” хувилбараар халдварласан арван өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн нас 18-85 хооронд хэлбэлзэж байгаа ба ихэнх нь вакцины хоёр тундаа хамрагджээ.
Их Британийн Засгийн газар “омикрон” хувилбарын тархалт геометрийн прогрессоор нэмэгдэж байгаа тул энэ өвөл тус хувилбар давамгайлна гэж анхааруулж байна.
Энэ оны сүүлч гэхэд “омикрон” хувилбараар халдварласан хүний тоо нэг саяыг давна гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдэгджээ.
“Омикрон” хувилбар Антарктид тивээс бусад бүх тивийн 64 улс оронд бүртгэгдээд байна. Хамгийн олон тохиолдол буюу гурван мянган тохиолдол Их Британид бүртгэгдсэн бол Данид 1.2 мянган хүн “омикрон” хувилбараар халдварлаад байна.
Их Британи, Швейцар зэрэг улс ойрын үед “омикрон” хувилбар тархалтаараа “дельта” хувилбарыг тэргүүлнэ гэж үзэж байна.