Хүн төрөлхтөн КОВИД-19-өөс ангижрахыг хичээж байгаа ч вирус мутацид орж хувирч өөрчлөгдсөөр байна. Сүүлийн саруудад ихэнх улс оронд халдварын улмаас нас барсан тохиолдсон болон эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 2020 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч Хятадад халдварын тоо өссөөр байгаа юм. Манчестерийн Их Сургуулийн Лидия Бекерийн нэрэмжит Дархлаа судлал, үрэвслийн хүрээлэнгийн профессор Шиена Круикшанк "BA.2 Омикроны хоёр өөр омог нийлж шинэ омог үүсгэсэн. Гэхдээ үнэндээ энэ бол зүгээр л XBB болон XBB.1-ийн мутацлагдсан хувилбар” гэжээ.
XBB.1.5 хаана анх бүртгэгдсэн бэ
"Кракен" гэж нэрлэгдсэн дэд хувилбар нь 2022 оны 11-12 сарын хооронд АНУ-ын Нью-Йорк муж эсвэл түүний эргэн тойронд үүссэн гэж таамаглаж байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр уг омог нь одоо байгаа КОВИД-19-ийн тохиолдлын 41 хувийг эзэлж байна. АНУ-ын дараа Европ, Австрали болон Зүүн Өмнөд Азийн зарим хэсэгт шинэ омог бүртгэгдсэн байна.
Бусад омгуудаас илүү аюултай юу
Круикшанк “Кракен нь бусад омгуудаас илүү аюултай гэж хэлэхэд эрт байна” гэжээ. Хүн амын олонх нь вакцинд хамрагдсан тул шинээр халдвар авах магадлал бага байх ёстой гэж Круикшанк үзэж байна. Энэхүү омог нь эпидемиологич, мэргэжилтнүүдийн санааг зовоосон бололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын доктор Мария Ван Керхове энэ долоо хоногийн эхээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, шинэ дэд хувилбар нь тус байгууллагын санааг зовоож байгаа тухай онцолсон. Тэрбээр "Бидний санаа зовоож байгаа зүйл бол энэ нь хэр дамждаг вэ гэдэг. Энэ вирус хэдий чинээ их тархах тусам өөрчлөгдөх боломж улам их байх болно” гэжээ. Арванхоёрдугаар сарын 29-нд Twitter дээр XBB.1.5 тархсан тухай бичсэн тархвар судлаач доктор Эрик Фейгл-Динг “Шинэ дэд хувилбар нь "#BQ & XBB-ээс илүү дархлаатай, халдвар авахдаа илүү сайн" гэж хэлсэн.