Орост УЛААН БУРХАН эрчимтэй тархаж байна


ОХУ-ын Москва, Дагенстан, Краснодарын хязгаар, Свердловск муж зэрэг 44 бүс нутагт улаан бурхан буюу корь тархжээ. 
Корийг хэрхэн таних вэ?
Халдвар авснаас хойш дунджаар 10-12 хоногийн дараа өвчтөн 4-7 хоног үргэлжлүүлэн халуурдаг байна. Энэ үед хуурай ханиалгаж, нүд улайх, нулимс гоожих, хацрын дотор талд улаан хүрээтэй цагаан юм туурдаг байна. Хэд хоногийн дараа улаан тууралт эхлээд толгой, нүүр, хүзүүний дээд хэсэгт гарч эхлэх ба гурван хоногийн дараа хөлийн ул хүртэл туурдаг байна. Энэ үер 40-41 градус хүртэл халуурдаг. Долоо хоногийн дараа улаан тууралт харлаж эхэлдэг. Энэ нь эдгэрч буйн шинж гэнэ. Бүрэн эдгэрэхэд дахин арван хоног шаардагдана.
Улаан бурхан насанд хүрэгсдэд аюултай юу?
Вакцин бүтээхээс өмнө голдуу хүүхдүүд энэ халдварт өвчнөөр өвддөг байжээ. Харин сүүлийн үед Европын зарим орон, тэр дундаа Орост насанд хүрэгсдийн дунд илүү тархах болжээ. Корь нь хатгалгаа, энцефалит буюу тархины үрэвсэл, хараагүй болох, чих дүлийрэх, ховор тохиолдолд үхэлд хүргэдэг тархины гэмтэлд хүргэх зэрэг хүндрэл өгөх магадлал өндөр байдаг тул аюултай. Вакцин бүтээхээс өмнө жилд энэ өвчнөөр 2.6 сая хүн нас бардаг байжээ. ДЭМБ-ын мэдээллээр, 2021 онд есөн сая хүн халдвар авч, 128 мянган эндсэн байна. Тав хүртэлх насны хүүхдүүд, 20 дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлал муутай хүмүүс, А витамины дутагдалтай хүмүүст хүндрэл илрэх нь элбэг.
 

Олон нийтийн газар халдвар авах боломжтой юу?
Корь нь хамгийн халдвартай өвчнүүдийн нэг. Халдвар авсан хүн 12-18 хүнд халдвар тараах эрсдэлтэй бол ковидын эхэн үед коронавирусний халдвар 2.5-3 хүнд тархдаг байжээ. Улаан бурхны вирус агаар болон гадаргуу дээр хоёр хүртэлх цаг амьдрах чадвартай. Тиймээс олон нийтийн газар халдвар авах эрсдэл өндөр. Халдвар авсан хүн эхний шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах чадвартай болдог байна. Халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол вакцин.
Хүүхэд байхдаа өвдөж байсан бол дахин халдварлах уу?
Улаан бурхны эсрэг хоёр тун вакцин хийлгэсэн эсвэл багадаа өвдөж байсан хүн 20 жил эсвэл насан туршдаа дархлаатай болдог байна. Нэг тун вакцин сайн хамгаалалт болж чаддаггүй байна. Зарим хүнд эсрэг биет огт үүсдэггүй тохиолдол ч байдаг аж.
Вакцин хийлгэж болохгүй тохиолдол бий юу?
Вакциныг нэг ой хүрээгүй хүүхэд, хортой, хоргүй хавдрын эсрэг дааврын эмчилгээ хийлгэж буй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс, дархлалын системийн хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүст хийхийг хориглодог байна. Неомицин, желатин, өндөгт харшилтай хүмүүст вакцин хийдэггүй байна. Вакцин хийлгэсний дараа халуурах, тууралт өгөх сөрөг үр нөлөө ажиглагддаг. Ховор тохиолдолд цусны ялтас эс багасах шинж тэмдэг илэрдэг ч хэдэн долоо хоногийн дараа хэвийн хэмжээнд очдог байна.

Zindaa.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан