ВАШИНГТОН./BBC/.Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой улаан бурхан өвчний халдвар авсан хүмүүсийн тоо 700 давсан нь сүүлийн 25 жил байгаагүй өндөр үзүүлэлт болсон тухай АНУ-ын эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид даваа гарагт мэдээлжээ.
Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ-ын 22 муж улсад улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байна.
“1994 оноос хойш хамгийн олон хүн халдвар авсан жил энэ болсон бөгөөд хэн нэгэн хүн нас барсан талаарх мэдээлэл байхгүй байна. Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хэмээн үзэж буй өвчний тархалт нэмэгдэж буйд бид санаа зовниж байна” гэж АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар хэлжээ.
Аутизм зэрэг өвчнийг үүсгэдэг гэх шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээллийн улмаас хүүхдүүдээ вакцинжуулалтад хамрагдуулахгүй байгаа эцэг эхчүүдэд хандан А.Азар хэлэхдээ, бид вакцинуудыг аюулгүй гэдгийг мэднэ, эдгээр нь бидний хамгийн сайн судалсан анагаах ухааны бүтээгдэхүүнүүдэд багтдаг гэжээ.