Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цус судлаач эмч Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Цус багадалт гэж юу вэ. Ер нь ямар шалтгаанаас болж цус багаддаг вэ?
-Хүний биеийн нэг миллитр цусан дахь улаан бөөм болон гимоглобины үзүүлэлт буувал цус багаддаг. Цус багадалт бол бие даасан өвчин биш. Ямар нэгэн шалтгааны улмаас хоёрдогчоор илэрч байгаа хамж шинж юм. Ямар шалтгааны улмаас, ямар механизмаар цус багадалт үүсэж байна вэ гэдгийг ялгаж оношилдог гэсэн үг. Цус багадалт олон шалтгаанаас үүсдэг. Түгээмэл тохиолдох хэлбэр нь цус алдалтын дараах цус багадалт байдаг. Цус багадалт нь хурц болон архаг хэлбэртэй явагддаг. Хурц хэлбэрийн цус алдалт нь ямар нэгэн байдлаар биеэс их хэмжээний цус гадагшлах үед хурц цус багадалтад хүргэдэг. Архаг цус алдалтын дараах цус багадалт нь илэрхий цусархаг хам шинж өгөхгүй ч ходоод гэдэсний замын шархлаат өвчнүүд, эмэгтэйчүүд, охидод сарын тэмдэг их хэмжээгээр ирэх гэх зэрэг хүчин зүйлүүдээс болоод үүсэж болно. Элбэг тохиолддог цус багадалт бол бага болон өсвөр насны хүүхдүүд, жирэмсэн ээжид илүү тохиолддог. Бага насны хүүхдүүдийн бие организм эрчимтэй өсөн бойжиж байдаг бөгөөд энэ үед эрдэс тэжээлийн хэрэгцээ ихэсдэг. Яг түүнтэй адил цус төлжилтөнд хэрэгтэй микро элемэнтүүд, витаминууд дутагдаад байхаар хүүхдэд цус төлжилт бага явагдаж түүнээс болоод цус багадалт үүсдэг. Энэ нь бага болон өсвөр насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл үед их ажиглагддаг. Ялангуяа жирэмсэн эмэгтэй хүн ургийн болон өөрийн биеийн цусан хангамж ихсэж байгаатай холбоотойгоор цус багадалтад өртдөг. Мөн хоол боловсруулах замын боловсруулалт, шимэгдэлт муутай байгаагаас болж цус багаддаг. Энэ нь настай хүмүүст илүү тохиолдох бөгөөд шүүрлийн үйл ажиллагаа багассантай холбоотой. Хоол тэжээлээр орж байгаа шимт бодисуудын шимэгдэлт багассантай холбоотой тухайн бие махбодод эрдэс тэжээл дутагдаж цус багадалт үүсдэг. Нөгөө талаас хүний биед явагдаж байгаа ямар нэгэн архаг хууч эмгэгийн улмаас хоёрдогчоор цус багадалт үүсдэг.
-Цус багадалттай гэдгээ хэрхэн мэдэх вэ. Биед гарсан ямар нэгэн өөрчлөлтөөр мэдэх боломжтой юу?
-Ясны хэмээс цусны эсүүд үйлдвэрлэгдэж гардаг. Энэ процесст ямар нэгэн өөрчлөлт гарвал цусны эмгэгийн үе дэх цус багадалт юм. Цус багадалт гэдэг нь бие даасан өвчин биш учир цус ямар шалтгаанаас болж багадаад байна вэ гэдгийг олж байж эмчилнэ. Хүмүүсийн дунд цус багадалт удамшдаг гэдэг ташаа ойлголт бий. Ээжээсээ авах микро элементүүдийг дутуу авсантай, мөн хүүхдийн өсөлтийн явцад цус төлжүүлэх эрдсүүд, витаминууд дутагдвал цус багаддаг. Жирэмсэн ээжүүд эрт хяналтдаа орох нь маш чухал байдаг. Жирэмсэн үед цус багадалт ихээр оношлогддог. Жирэмсний явцад хэдий эрт хяналтдаа орж, шинжилгээнүүдээ эрт хийлгэснээр асуудлууд даамжрах эрсдэлийг багасгана гэсэн үг. Цус багадалт гүнзгийрээгүй, хүндрээгүй тохиолдолд оношлогддоггүй. Цус багадалт хүн амын дунд нэлээд их болсон. Ялангуяа залуус дийлэнх хувийг эзэлж байна. Бие махбодын дасан зохицох урвалаас болоод залуу хүмүүст ямар нэгэн зовуурьгүй илэрдэггүй. Цус багадалт нэлээд гүнзгийрээд ирэхээр ядарч сульдах, амьсгаадах, ухаан балартаж унах зэргээр зовуурь илэрнэ.
-Залуучуудад цус багадалттай хүмүүсийн дийлэнх хувийг эзэлдэг гэж байна шүү дээ. Үүний шалтгаан нь юу байна вэ?
-Залуучууд дундаа өсвөр насны хүүхдүүд болон залуу охид буюу 20 хүрч байгаа, төрөөгүй охидод тохиолдож байна. Үүний гол шалтгаан нь цус төлжилтөд чухал үүрэгтэй төмрийн бэлдмэлийн нөөц бага байдаг. Ходоод гэдсийг нь шалгаад үзэхэд ямар нэгэн шарх шархлаа, архаг эмгэг, бөөр шээсний замын халдвар байхгүй. Цус багадаад байгаа гол шалтгаан нь ерөөсөө л төмөр гэдэг элементийн дутагдалтай байгаагаа мэдэхгүй явснаас болж үүссэн хөнгөн зэргийн цус багадалтууд их байна. Мөн амьдралын буруу хэв маягтай холбоотой эмгэг бий. Хоол боловсруулах зам, ялангуяа ходоод гэдэсний шархлаат үрэвслээс болж үүссэн цус багадалт байна.
-Цус багадалттай хүмүүст элэг идэхийг зөвлөөд байдаг. Тэр зөв үү?
-Хоол хүнсэнд нэмэлт тэжээл байдлаар хэрэглэж болно. Гэвч яг цус багадалттай байгаа л бол ямар нэгэн шалтгаантай. Тэр шалтгааныг нь олж эмчлүүлэх нь л хамгийн чухал. Мэргэжлийн эмчид хандах нь зөв. Нэг удаа толгой эргэхэд, нэг хэсэг ядарч сульдахад ч тоохгүй яваад л байна. Гэтэл энэ нь ямар нэгэн өвчний дохио байдаг. Эмнэлэгт хандаж байгаа хүмүүс эмгэг өөрчлөлтийг гүнзгийрчихсэн хойно нь ханддаг. Бие махбодод ямар нэгэн өөрчлөлт гарч байгаа л бол эрт үед нь үзүүлж оношлуулж байх нь зүйтэй. Цус багадалт хоёрдогчоор үүсдэг учир шалтгааныг нь олж эмчлэх нь чухал байдаг. Угаас туниа муутай, ядруу, бие султай хүүхэд гэж байхгүй.
-Бага насны хүүхдийн хувьд цус багадах тохиолдол хэр их байдаг вэ?
-Цус багадалт бол бага насны хүүхдүүдийн суурь эмгэгт ордог. Цус багадалттай хүүхдийн өсөлт хэзээ ч гүйцэд явагдахгүй. Хэвийн жингээсээ бага жинтэй байх, бага зэрэг ачаалал авахаараа /нэгдүгээр ангид ороод/ даах чадвар султай байдаг. Хүүхдийн хувьд цус багатай байх нь өсөлтөд шууд нөлөөлдөг учир оношлуулж эмчлүүлэх нь маш чухал. Сүүлийн үеийн ээж нар хүүхдээ маш эрт хөхнөөс нь гаргадаг болчихсон. Анагаах ухаан хэзээ ч эхийн сууг орлуулах бүтээгдэхүүн хийж чадаагүй. Нэмэлт тэжээл гаргачихсан байгаа хэдий ч яг эхийн сүүнд агуулагдаж байгаа дархлаа болон цус төлжилтийг дэмжих элементүүдийг төгс үйлдвэрлэж чадаагүй. Хүүхдээ аль болох хөхөөрөө хооллож байгаарай гэж зөвлөмөөр байна.
-Цус багадалт бие даасан өвчин биш гэж байна шүү дээ. Тэгвэл ямар нэгэн өвчний суурь болж болох уу?
-Болно. Цус багадалт удаан оношлогдохгүй явснаас болоод дархлаа маш их суларна. Дархлаа суларсантай холбоотой хоёрдогч халдварууд, зүрхний суурь эмгэгтэй болох, тархины цусан хангамжийн алдагдалтай холбоотой өвчнүүдээр өвчлөх, архаг толгойн өвдөлттэй болдог. Ер нь цус очихгүй эрхтэн гэж байдаггүй учраас хараа муудахад хүртэл нөлөө үзүүлнэ. Цус багадалттай бага насны хүүхэд дахин, дахин ханиад хүрэх, бусад эрхтнүүдийн үйл ажиллагаа буурахад маш их нөлөө үзүүлнэ. Өсвөр насны охид цус багадалттай явснаас сарын тэмдгийн мөчлөг алдагдах, цаашлаад дотоод шүүрлийн эрхтнүүдэд ч өөрчлөлт орох эрсдэлтэй. Ийм учраас ч цус багадалт бол суурь эмгэг гэдэг юм.
-Цус багадалтаас сэргийлэх арга гэж байдаг уу?
-Цус багадалтаас сэргийлэх боломжтой. Хүүхдүүдийн хувьд ид өсөлт явагдаж байгаа үед нэмэлт витамин уулгахыг зөвлөдөг. Өсвөр насны охид сарын тэмдэг ирж эхлэх үеэс маш их цус багадалтад ордог. Түүнээсээ болоод хичээлийн явцад анхаарал төвлөрөхдөө муу, ядрамтгай болоод ирдэг. Тиймээс өсвөр насны охид сарын тэмдэг ирж байгаатай холбоотой цус төлжилтийг дэмжсэн витаминуудыг заавал хэрэглэхийн зөвлөдөг. Жирэмсэн болон төрөлтийн үед цусны хэрэгцээ хоёр дахин өсдөг. Жирэмсний үеийн хяналт, төрсний дараах хяналтууддаа ороод зөвлөмж авч байх нь цус багадалтаас сэргийлж байдаг. Мөн дээр хэлсэнчлэн ямар нэгэн өвчний улмаас хоёрдогчоор цус багадалтад орсон хүмүүс заавал мэргэжлийн эмчид хандан төгс эмчлүүлэх шаардлагатай. Цус багадалтаас сэргийлэхийн тулд ногоон ногоо хэрэглэж хэвшээрэй. Мөн помидор, үхрийн мах, хонины мах төмрөөр баялаг байдаг учир түлхүү хэрэглэхийг зөвлөе.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Амаржаргал
https://itoim.mn/a/2023/03/28/healthy-mongolia/fiv