Ө.Золбоо: 30-50 насны эрчүүд түрүү булчирхайгаа онцгой анхаар, үзлэгт байнга хамрагд


Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо тэр дундаа түрүү булчирхайн эмгэг эрс нэмэгдэж байгаа аж. Энэ талаар Улсын хоёрдугаар эмнэлгийн Эрэгтэйчүүдийн мэс заслын эмч Ө.Золбоотой ярилцлаа.
-Түрүү булчирхайн үүргийг эхлээд уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-Түрүү булчирхай нь давсагны доод талд байрлалтай, зөвхөн эрэгтэй хүнд байдаг эрхтэн. Уг булчирхай нь 20г орчим жинтэй 2.5-3.5 см диаметрийн булчирхайлаг эрхтэн. Түрүү булчирхайн үүрэг нь шүүрэл ялгаруулдаг, бэлгийн харилцааны үед үрийн шингэн 20-30 хувийг эзэлдэг бөгөөд булчирхайн зөв үйл ажиллагаа нь эрэгтэй хүний бэлгийн чадамжид чухал үүрэгтэй юм. Түрүү булчирхайн шингэн нь эр бэлгийн эсийг амьдрах боломж олгодог бодис агуулдгаараа онцлогтой.
-Эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн үрэвсэл ямар шалтгаанаас үүсдэг вэ?
-Эмэгтэйчүүдэд ихэнхдээ тохиолддог цистис шээс давсгийн үрэвсэл байдаг шиг эрэгтэйчүүдэд тийм үрэвсэл мөн байдаг. Гэхдээ эрэгтэйчүүд цистит тусах магадлал тун бага. Түрүү булчирхай үрэвслийг үүсгэгч нь эрэгтэй хүнд цистит үүсгэдэг. Эрэгтэй хүний шээсний сүв эмэгтэй хүнийхийг бодвол илүү урт байдаг. Тэгэхээр шээсний сүвний үрэвсэл нь доороосоо даарах, янз бүрийн халдвараас болдог. Хэрвээ эрэгтэй хүн циститтэй гэж оношлогдох юм бол заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл эрэгтэй хүний цистит илүү аюултай өвчин. Цистит нь түрүү булчирхай, давсаг үрэвсүүлдэг. 
Мөн түрүү булчирхайн үрэвсэл үүсгэж байгаа гол шалтгаан нь шээсний зогсонгшил буюу түрүү булчирхайн томрол юм. Энгийн томрол үүссэн байвал давсагт шээс үлддэг. Давсагтаа удаан шээсээ хуримтлуулаад байх юм бол шээсний замын халдвар үүсдэг. Шээсэнд халдвар үүсвэл яваанд түрүү булчирхай руу үрэвсүүлдэг.
Дараагийн шалтгаан нь бэлгийн харьцаа. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос болж бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчин тусаад, үүнийгээ эрт оношлуулахгүй, оношлуулаад, эмчлүүллээ гэхэд бүрэн эмчлэгдсэн гэдгээ мэдэхгүй байснаар түрүү булчирхай үрэвслийг архагшуулаад байдаг. Энэ нь дөнгөж насанд хүрсэн залуучууд цочмогоор өвддөг архаг байдал. Нэг ёсондоо шинж тэмдэг нь цочмогоор төмсөг өвдөх, хошногоор өвдөх зэрэг зовуурьтай байлаа гэж үзэхэд нэн тэрүүнд шинжилгээ өгнө. Үүний даараагаар эмчилгээ хийнэ. Эмчилгээ дууссаны дараа дахин давтан шинжилгээ өгөх байтал өөрсдийгөө эдгэсэн гэж үзээд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноороо түрүү булчирхайн үрэвсэл өмнөхөөсөө илүү хурдан өвчилдөг. Ингэснээрээ түрүү булчирхайн үрэвслээ архагшуулаад байна гэсэн үг.
-Түрүү булчирхайн үрэвсэхэд ямар, ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Шээс тасалдах, бие засахад хүндрэл учрах, шээсний сүвээр хорсож өвдөх, шээсний хүч сул байх, бие засахад өвдөлт өгөх, ойр ойрхон бие засах, дүлж шээх, хэвлий, цавь, нурууны доод хэсгээр өвдөлт өгөх, шодой төмсөг хошного хавиар өвдөх, дур тавихад өвдөх, хөвчрөл сул байх, хурдан дур тавих, халуурах, сэтгэл зүйн хувьд стресстэй, уур уцаартай, өөртөө итгэх итгэл буурах, ханиад хүрсэн мэт болох зэрэг олон  шинж тэмдгээр илэрдэг.
-Түрүү булчирхай үрэвслийг ямар аргаар илрүүлэн оношилдог вэ?
-Ямар шалтгааны улмаас түрүү булчирхай үрэвсэж, хэр хүндэрснийг тодорхойлсны дараагаар эмчилгээ хийх бөгөөд эмчилгээнээс өмнө шинжилгээнүүд өгнө. Хамгийн эхлээд түрүү булчирхай шүүрлийн шинжилгээ авдаг. Энэ нь түрүү булчирхайнаас гарч байгаа шүүрлээс авна. Цусны болон шээсний бүх ерөнхий шинжилгээг авна. Хэрвээ түрүү булчирхайн үрэвсэл удсан тохиолдолд түрүү булчирхайд бугалаа үүсдэг. Үүссэн тохиолдолд түрүү булчирхай академик шинжилгээ буюу эхо шинжилгээгээр үзэхэд ямар нэгэн буглаагүй эсвэл уйланхайд уутлагдсан байгаа шингэн харагддаг. Үүнээс гадна давсгаа суллаж чадаж байгаа эсэхийг шинжлэх, хэт авиан шинжилгээ, түрүү булчирхайг хуруугаар тэмтэрч үзэх зэрэг шинжилгээгээр оношлогдож байдаг.
-Түрүү булчирхай үрэвсэл эмчилгээ хийгдээд дууслаа гэж үзэхэд эргээд сэдрэх тохиолдол байдаг уу?
-Бүрэн эмчлэгдээд эргээд сэдрэх тохиолдол бол байхгүй. Сэдрээх шалтгаанаа өвчтөн өөрөө хийхгүй бол дахин сэдрэнэ гэсэн ойлголт байдаггүй. Доороосоо даарахгүй, дулаан явж, бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэвэл нь сэдрэх магадлал бага байна. Ерөнхийдөө өвчтөн сэдрээх зүйлээ өөрөө хийхгүй байх хэрэгтэй.
-Түрүү булчирхай үрэвсэлд өртөхгүй байх, урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Залуучуудын хувьд доороосоо даарахгүй байх, хамгаалалттай бэлгийн харилцаанд орох, шингэн зүйл сайн уух, түрүү булчирхай орчимд массаж хийж цусан хангамжийг сайжруулах, хүчиллэг хүнс, халуун ногоотой хоол зэргээс татгалзах, удаан суухгүй байх, ялангуяа нөхөн үржихүйн идэвхтэй насны 30-50 насныхан түрүү булчирхайдаа онцгой анхаарч, жилдээ үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.
-Ярилцсан баярлалаа.
 
                                                                                                                                             Н.Туул
https://itoim.mn/a/2023/03/17/healthy-mongolia/kzx
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан