Монголдоо “эрчүүдийн” гэх тодотголтой цөөхөн эмнэлгийн нэг “Цэ-Пү”-гийн их эмч Ц.Ариунбаяртай түрүү булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа.
-Эр хүний хоёр дахь зүрх гэгддэг түрүү булчирхайн үрэвсэл өвчний талаар мэдээлэл өгөөч? -Юуны өмнө түрүү булчирхай гэж ямар эрхтэн болох тухай дурдъя. Түрүү булчирхай нь давсаг болон шодойн дунд байрлах манжин хэлбэртэй үржлийн эрхтэн юм. Үрийн шингэн болон шээс гадагшлуулах, үр тогтоох, үрийн шингэн үйлдвэрлэхэд чухал үүрэгтэй. Дотроо түрүү булчирхай шүүрэл гэх үрийн шингэний гуравны нэгийг бүрэлдүүлдэг шингэнийг үйлдвэрлэдэг. Зөвхөн эрэгтэй хүнд байдаг энэ эрхтэнд олон асуудал, бэрхшээл тулгардаг. Түрүү булчирхай үрэвсч, томорч, хатуурч, шохойжил чулуу үүсч, үйл ажиллагаа нь алдагдаж, улмаар хорт хавдар үүсч ч болно. Хамгийн гол нь тэр болгоныг нь ялган оношилж тохирсон эмчилгээг хийх нь чухал болоод байна. Манай улсын эрчүүдийн залуу үеийнхэнд түрүү булчирхайн үрэвсэл зонхилон тохиолдож байгаа бол, настайчуудад түрүү булчирхайн томролтой холбоотой асуудал тулгарч байна. Гэхдээ 60-70 хувь нь томрол, үрэвсэл хавсарсан байдалтай байна.
-Түрүү булчирхай өвдөх нь олон учир шалтгаантай байх нь. Манай эрчүүдэд зонхилон ямар тохиолдол их байна? -Түрүү булчирхайн үрэвсэл дотроо олон янз байдаг. Шинж тэмдэг ,шалтгаан, эмчилгээ нь хоорондоо ялгаатай. Хурц, архаг, нянгийн болон нянгийн бус гаралтай, шинж тэмдэггүй гэх мэтээр ангилдаг. Түрүү булчирхай дотор, гадны эмгэг төрөгч нян орсноос болж үрэвсч болно. Харамсалтай нь Монголд бэлгийн замын халдварт өвчин элбэг тохиолдох болж, улмаар бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэй түрүү булчирхайн үрэвсэл нэмэгдэх болсон. Ялангуяа залууст түрүү булчирхайн үрэвсэл БЗХӨ-ний хавсарсан тохиолдол их гарч байна. Дулааны улиралд хүн бие физиологийн хувьд бэлгийн амьдрал нь идвэхждэг. Тиймээс сүүлийн үед БЗХӨ-өөр өвдөх тохиолдол их гарч байна. Тэгээд өөрсдөө дур мэдэн эмчлэхийг оролдож байгаа нь хамгийн том аюул дагуулж байна. Ямар нэг байдлаар эрсдэлтэй бэлгийн хавьталд орсон, өөрт нь БЗХӨ авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэхэд мэргэжлийн эмчид хамгийн түрүүнд хандах ёстой байтал ямар нэг лабораторид хандаад шинжилгээний хариугаа авдаг. Тэндээсээ шууд дурын эмийн санчид хандаад өөрсдийгөө эмчлэх оролдлого хийж байна. БЗХӨ-үүдийг оношлох, эмчлэх амархан гэж бодоод, өөрсдийгөө эмчлэхийн тулд пенциллин уух, дур мэдэн эм тариа хэрэглэх, эмийн санчаар эмчлүүлэх гэж оролдсоны улмаас БЗХӨ-өө бүрэн эмчилж чадалгүй түрүү булчирхайндаа оруулж өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна.
-Түрүү булчирхай болон БЗХӨ-тэй холбоотой эм бэлдмэл, тариаг заавал эмчийн жороор олгох ёстой биз дээ? -Ном журмын дагуу энэ төрлийн өвчинд хэрэглэх эм тариа, антибиотикуудыг эмчийн жоргүйгээр олгох ёсгүй. Заавал эмчид үзүүлсэн, шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Гэтэл манайд энэ тогтолцоо бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Эмийн сангууд үйлчлүүлэгчийнхээ авъя гэсэн эмийг нь “май” гээд л өгчихдөг. Бараг л өөрсдөө тариад эмчилгээ хийдэг нь нууц биш. Эцсийн дүнд нь халдварын эмчилгээ хийлгэсэн, архагшсан өвчтэй эрчүүд монголоор нэг болсон. Түрүү булчирхайд нь БЗХӨ орсон эсэхийг түрүү булчирхайд нь массаж хийж, шүүрлийг нь ялгаруулсны дараа шинжилгээ авч оношилдог. Яг энэ шинжилгээг монголд ганц, хоёрхон эмнэлэг хийдэг. Өөрөөр хэлбэл, нэг ч аймагт хийдэггүй.БЗХӨ авснаас хойш 20-30 хоногийн дотор түрүү булчирхайд ордог. Тэгэхээр БЗХӨ авсан хүн энэ хугацаанаас өмнө бидэнд хандаж чадсан эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай. БЗХӨ авсан хүн эм уугаад, тариа тариулсан байсан ч БЗХӨ үүсгэгч нян нь түрүү булчирхайд орсон бол нарийн шинжилгээ хийж тогтоохгүй бол халдвар тээгчид ямар нэг зовиур, шинж тэмдэг илрэхгүйгээр түрүү булчирхайд байсаар л байдаг. Мазокийн шинжилгээ өгөхөөр ямар ч асуудалгүй гардаг. Энэ бол чимээгүй аюул. Тиймээс эрэгтэйчүүдийн эмнэлгийн чиглэлээр ажиллаж байгаа эмнэлгүүдийг түрүү булчирхайн шинжилгээг хийгээч ээ гэж 20,30 жил хэлээд нэмэр болсонгүй. Шинжилгээний хариу хараад, эмчилгээ бичээд явуулдаг хэрнээ эмчилгээнийх нь явцад хяналт тавьж бүрэн эдгэсэн эсэхэд анхаарахгүй байна. Энэ төрлийн эмчилгээнд БЗХӨ-ний үед илрэх шинж тэмдэг буурдаг нь олон хүнд БЗХӨ-нөөсөө бүрэн ангижирсан мэт сэтгэгдэл төрүүлдэг нь хорлонтой.
-Тэгэхээр түрүү булчирхайд нь нян байгааг мэдэхгүй, БЗХӨ-ний үед илрэх шинж тэмдэг нь багасчихаар өөрийгөө бүрэн эдгэрсэн хэмээн андуурч байгаа иргэд ямар эрсдэл хүлээж байна вэ? -Энэ бол ерөөсөө л БЗХӨ-ний тээгч хэвээр байгаа л гэсэн үг. Мөн Түрүү булчирхайн үрэвслийг элдэв янзын бусад нян, савханцрууд ч үүсгэдэг. Шээсний сүвний үрэвсэл, бөөрний үрэвсэл, шулуун гэдэсний үрэвсэл,тэр битгий хэл хоолой шүд үрэвсүүлсэн нянгууд ч түрүү булчирхай дотор орж үрэвсэл үүсгэдэг. Эхнэр үтрээ савны үрэвсэлтэй бол түрүү булчирхайн үрэвсэл үүсгэж ч болно. Мөн эсрэгээр нөхрийн түрүү булчирхай үрэвсэл үүсгэсэн нян эхнэрт халдаж үрэвсэл үүсгэж болно. Энэ төрлийн түрүү булчирхай үрэвслээс сэргийлэхийн тулд өөрт байгаа архаг үрэвслүүдээ сайн эмчилж, эхнэрээ бас давхар эмчлүүлэх хэрэгтэй. Гэтэл өөрийгөө БЗХӨ-гүй гэж ойлгоод байгаа хүний эхнэр нь үрэвсэлтэй байгаа нь эмэгтэйчүүдийн эмчийн дүгнэлтээр тодорхой болно. Тэгээд эмч “Чи үрэвсэлтэй бол нөхөр чинь үрэвсэлтэй л гэсэн үг. Үүнийг нөхөртөө уулга” гээд эмчилгээ бичээд өгчихдөг. Ямар ч оношилгоогүйгээр. Энэ мэтчилэн харанхуйгаар эмчлүүлдгээ болих хэрэгтэй. Түрүү булчирхайд орсон үрэвсэл яваандаа хүндэрсээр үргүйдэл, шээсний гаралтын эмгэгүүд,бэлгийн сулрал зэрэг олон хүндрэлтэй асуудлыг бий болгодог. Гуравхан сая иргэнтэй улсын эрчүүд нь үргүйдээд эхэлбэл ямар том аюул учрах нь ойлгомжтой. Уг нь түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх нь амархан л даа. БЗХӨ авахгүй байхад л болно. Харин нэгэнт авчихсан бол ном журмын дагуу эрт үе дээр нь оношилж, чанартай эмчлүүлж, эдгэсэн эсэхээ хэдэн сарын турш хянуулах хэрэгтэй. Хүмүүсийн бодож байгаа шиг 14 хоног архи уухгүй гам барихад л эдгэчихдэг өвчин биш. Эмчилгээний дараа дор хаяж гурван сар гам барьж БЗХӨ илрүүлдэг төрөл бүрийн шинжилгээ хийж эмчийн хяналтад байх ёстой.
-Түрүү булчирхайн үрэвсэлгүй үрэвслийн талаар мэдээлэл өгөөч. Заавал бас БЗХӨ-нөөс үүдэж түрүү булчирхай өвчилдөг гэж ойлгох нь буруу биз дээ? -Түрүү булчирхайн үрэвсэлгүй үрэвсэл гэж түвэгтэй онош байдаг. Элдэв нян орж үрэвсүүлээгүй, амьдралын буруу хэв маягаас болж түрүү булчирхай бас үрэвсдэг. Олон цагаар суугаа ажил эрхэлдэг, машин байнга барьдаг, компьютер зурагтын ард удаан сууснаас болж бага аарцагны цусны эргэлтийн алдагдал үүсч улмаар түрүү булчирхайн үрэвсэл үүсдэг. Одоо үед хүн бүр машин унадаг, түгжрэлд удаан явдаг, зурагт их үздэг, залуучууд компьютер их тоглодог болсон нь түрүү булчирхайн үрэвсэл элбэгших шалтгаан болсон. Энэ төрлийн түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх их амархан. Удаан хугацаагаар суухгүй байх, дасгал хөдөлгөөн хийж таргалахгүй байх. Түрүү булчирхайн үрэвслийн бас нэг том шалтгаан бол ерөнхий тогтолцооны өвчнүүд. Түрүү булчирхайд Д витамин их чухал нөлөөтэй, Д витамины дутагдлын үед түрүү булчирхайн үйл ажиллагаа муудаж үрэвсэх нөхцөл болдог. Тестостерон даавар, прогестерон даавар бол түрүү булчирхайг шууд хянадаг дааврууд. Тестостероны дутагдлын үед түрүү булчирхайн үйл ажиллагаа шууд мууддаг, тестостерон ихсэхэд шууд сэргэж эхэлдэг. Таргалалт, чихрийн шижин,инсулин тэсвэржилт бүгд түрүү булчирхайн үрэвслийн шалтгаанууд. Энэ төрлийн түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэхийн тулд дутагдсан даавар витамин эрдэсээ нөхөж,амьдралын зөв хэв маяг баримталж, биеийн тамираар хичээллэж таргалахгүй байх хэрэгтэй.
-Эрчүүдийн нас жаахан яваад ирэхээр л түрүү булчирхайн өвчтэй болж таардаг. Энэ юутай холбоотой вэ? -Түрүү булчирхайн хоргүй томролыг манай эрчүүд сайн мэддэг. Нас ахихаар түрүү булчирхай хэмжээгээрээ томорч улмаар дүлж шээнэ, ойр ойр шээнэ, шөнө босч шээх, өмдөндөө шээс алдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Түрүү булчирхайн хоргүй томрол гэдэг нь нас ахиж даавруудын дутагдалд орсноос үүдэлтэй үүсдэг өвчнүүдийн нэг нь юм. Эрчүүдийн цэвэршилт гэж насжилттай холбоотой тестостерон дааврын дутагдлыг хэлнэ. Түрүү булчирхайн хоргүй томролоос сэргийлж болно. Түрүү булчирхай томроход хүргэж буй шалтгаан болох тестостерон дааврын дутагдлаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд зөв амьдралын хэв маяг баримталж, секс тогтмол хийж, тогтмол дасгал хийж,таргалахгүй байх шаардлагатай бөгөөд мөн даавар нөхөх эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Түрүү булчирхайн өвчлөлийг ямар, ямар аргаар илрүүлж байгаа вэ. Хамгийн үр дүнтэй нь ямар арга байдаг вэ? -Түрүү булчирхайн өвчнүүдийг оношилдог үндсэн хэдэн арга байдаг.
Нэгдүгээрт, хуруугаар тэмтэрч үзэх. Америкт 50-иас дээш насныхан жил бүр заавал үзүүлэх ёстой шинжилгээний нэг нь түрүү булчирхайн хуруун үзлэг байдаг. Энэ арга маань ямар ч компьютер, сүүлийн үеийн дэвшилтэт аргуудаар орлуулшгүй чухал юм. Эмч өөрийн мэдрэмжээр түрүү булчирхайг тэмтэрч шалгаж өвчтэнтэйгөө шууд тулж харьцдагаараа давуу талтай.
Хоёрдугаарт, түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ. Түрүү булчирхайнаас ялгардаг шүүрлийг авч шинжилснээр түрүү булчирхайн үйл ажиллагаа , үрэвслийн түвшинг мэдэж авахаас гадна элдэв эмгэг төрөгч нян, архагшсан БЗХӨ илрүүлэх боломжтой.Архагшсан БЗХӨ-ийг илрүүлэхийн тулд лабораториуд үрийн шингэн авч шинжлээд байдаг. Ном журмаараа бол түрүү булчирхайн массаж хийсний дараа ялгарсан түрүү булчирхайн шүүрлийг шинжлэх ёстой байдаг.
Гуравдугаарт, хэт авиан шинжилгээ буюу ЭХО. Хэт авиан шинжилгээгээр түрүү булчирхайн үрэвслийг тогтоох илрүүлэх боломжгүй гэдгийг эхлээд хэлье. Ямар ч удирдамжинд түрүү булчирхайн үрэвслийн оношилгооны аргад хэт авиан шинжилгээ байдаггүй. Түрүү булчирхайн томрол хавдар чулуу зэргийг үзэхэд ашигладаг. Давсагны датчикаар давсаг түрүү булчирхайг ерөнхийдөө үздэг. Шулуун гэдэснийх нь түрүү булчирхайн бүтцийг илүү нарийн үздэг. Түрүү булчирхайн өвчлөл тус бүрт нь тусдаа эмчилгээ байдаг.Ганцхан эм бүгдийг нь эмчилдэггүй, боломж ч үгүй. Сүүлийн үед UPOINT зарчмаар эмчилж байгаа. Энэ нь шээсний гарц сайжруулах,үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, өвдөлтийн эсрэг, дархлаа , цусны эргэлт сайжруулах, дааврын тэнцвэрт байдалд оруулах, физик болон эмийн эмчилгээний цогц систем юм. Үрэвслийн шалтгаан төрлөөс гадна тухайн өвчтөний биеийн онцлогийг бас тооцоолж эмчилдэг. Түрүү булчирхайн томрол болон хавдрын хувьд аль болох эрт үе дээр нь эмийн эмчилгээ хийх хэрэгтэй,үр дүн гарахгүй бол мэс засал хийж түрүү булчирхайг авдаг. Түрүү булчирхайн өвчлөлүүд нийгмийн гол ажиллах хүчин болох эрчүүдэд тохиож , оношилгоо эмчилгээнд нэлээд их зардал гардаг учир нийгэм эдийн засгийн хохирол их учруулдаг гэж үздэг. Хамгийн гол нь эрчүүд маань тодорхой хэмжээний эрүүл мэндийн мэдлэгтэй байж өөрийгөө өвчлөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой боловч түүнийгээ ашиглахгүй байгаа нь энэ өвчин насны хувьд улам залуужиж байгаагаас харж болно.
-Тэгэхээр түрүү булчирхайн шинжилгээнд хэр хугацааны давтамжтай хамрагдаж байх ёстой вэ? -Нас тогтсон эрчүүд жилдээ нэг удаа, дунд үеийнхэн зургаан сард нэг удаа, 2-3 бэлгийн хавьтагчтай залуус гурван сард нэг удаа түрүү булчирхайн шинжилгээнд ордог байх нь өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд орохоос сэргийлэх юм.
П.Батзаяа
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор сонин