Бамбай булчирхайн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Тэр дундаа 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн 80 хувьд нь бамбай булчирхайн зангилаат эмгэг илэрдэг байна. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Толгой хүзүүний нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч С.Денистэй ярилцлаа.
-Манай улсад бамбай булчирхай өвчлөл ихсэж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Энэ чиглэлээр мэргэшсэн эмчийн хувьд бамбайн хавдрын өвчлөл нэмэгдэж байна уу?
-Хавдар судлал үндэсний төвийн Толгой хүзүү нөхөн сэргээх тасаг жилдээ 9000 гаруй үзлэг оношилгоо хийдэг. Үүний 50 орчим хувь нь бамбай булчирхайн хортой болон хоргүй зангилаат эмгэгтэй хүмүүс байдаг. Манай улсад эрт илрүүлгийн үзлэг эхэлсэнтэй холбоотойгоор бамбай зангилаат эмгэг түгээмэл оношлогдож байна. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдож байгаа асуудал биш юм. Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар 45 наснаас дээш эмэгтэйчүүдийн 80 хувь нь бамбай зангилаат эмгэгтэй байдаг гэж гарсан. Үүнээсээ 10 хүрэхгүй хувь нь хортой хавдар байдаг. Ерөнхийдөө бамбай булчирхайн хортой болон хоргүй зангилаат эмгэгүүдийг хооронд ялгах оношилгоо болон үүсгэж буй шалтгааныг тогтоох нь дэлхийд тулгамдаж байгаа асуудал юм.
-Бамбай булчирхайн эмгэг ийм их байгаа нь юунаас үүдэлтэй гэж харж байгаа вэ?
-Монгол Улсад дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд нь сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн цаашдаа ч ихсэх хандлагатай харагдаж байна. Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг үүсгэж байгаа шалтгааныг тодорхойлоход их хэцүү байдаг. Шинжлэх ухаан энэ эмгэгийг бүрэн судалж амжаагүй байна. Гэхдээ нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлс бий. Нэгд цацраг идэвхт бодис болон хортой нөхцөлд ойрхон ажилладаг хүмүүс бамбай булчирхайн авдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Жишээ нь рентгений эмч нар их өвчлөх магадлалтай. Хоёрт, удамшлаас үүдсэн өвчлөл. Судалгаагаар бамбай булчирхайгаар өвчилсөн эмэгтэй дараагийн удамдаа дамжуулдаг гэдэг нь нотлогдсон байдаг. Тийм ч учраас нэг гэр бүлийн эмэгтэйчүүд бамбай булчирхайн эмгэгээр өвчлөх нь их байдаг.
-Эмэгтэйчүүд яагаад их өвчилдөг вэ?
-Эмэгтэйчүүдийн хувьд дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо нь эрчүүдийнхээс өвөрмөц байдаг байдаг учраас илүү өвчлөмтгий байдаг болов уу. Учир нь эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт, төрөлт зэрэгтэй холбоотой байнгын дааврын өөрчлөлт орж байдаг.
-Бамбай булчирхайн эмгэг эхэн үедээ хүний биед ямар шинж тэмдэг өгдөг вэ?
-Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдаагүй үед зангилаатай байсан ч ямар ч шинж тэмдэг өгөхгүй. Дээр хэлсэнчлэн 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн 80 хувь нь бамбай булчирхайн эмгэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, гудамжаар алхаж байгаа бамбай булчирхайн ямар ч зовуурьгүй 10 эмэгтэйг шинжлэхэд 8-аас илэрнэ гэсэн үг юм. Гэхдээ эмэгтэйчүүдэд их тохиолддог энэ зангилаа нь хортой хавдар болох магадлал маш бага. Харин эрчүүдэд бамбай булчирхайн зангилаат эмгэг ховор тохиолддог ч оношлогдсон тохиолдлуудаас хортой хавдар байх магадлал маш өндөр байдаг.
-Хүмүүс бамбай булчирхайн эмгэгийг төдийлөн аюултай гарж хардаггүй. Энэ эрхтэн хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Яагаад бамбай булчирхайгаа хамгаалах хэрэгтэй вэ?
-Бамбай булчирхай нь дотоод шүүрлийн булчирхайнуудын нэг учир бусад булчирхайнуудтайгаа адил өөрийн гэсэн гормонуудыг ялгаруулдаг. Үүнийгээ цус руу хаядаг. Цусанд цугларсан бүх гормон хүний биеийн бүх эд эрхтэнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл толгойноос хөлийн хурууны үзүүр хүртэл нөлөөлж үйл ажиллагааг дэмжиж байдаг юм. Тийм учраас бамбай булчирхай маш хэрэгтэй эрхтэн. Бамбай булчирхайн зарим эмгэгээс болж мэс заслын заалтаар бүтэн авах тохиолдол гардаг. Ийм хагалгаанд орсон хүмүүс дараа нь заавал бамбай булчирхайн гормоныг эмийн хэлбэрээр орлуулах эсвэл эмийн хэлбэрээр дарангуйлах гэсэн хоёр янзын тунгаар байнга ууж байх шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл насан туршдаа эмийн хараат болдог гэсэн үг юм. Хэрвээ эм уухгүй байх тохиолдолд гормоны дутагдалд орж эд эрхтний үйл ажиллагаа саатаж зовуурь бий болдог. Ийм бамбай булчирхайгаа хамгаалах хэрэгтэй. Бамбай булчирхайн эмгэгийг үүсгэдэг цацраг идэвхтэй орчноос хол байх жил бүр шинжилгээ өгч байх хэрэгтэй юм.
-Бамбай булчирхайн эмгэгээ эмчлүүлэхгүй явбал ямар эрсдэл учрах вэ?
-Бамбай булчирхайн зангилаат эмгэгүүдийн ихэнх тохиолдол хоргүй. Тийм учраас хүний биед ямар ч зовуурь учруулахгүй, аюулгүй гэж хэлж болно. Зарим тохиолдолд тэр зангилаа хэмжээгээрээ томрох гээд байдаг. Ингэснээр хүзүүний урд доод хэсэгт овгор, товгор зүйл үүснэ. Зарим тохиолдолд томорсонтой холбоотойгоор хажуу зэргэлдээ байгаа эрхтнийг дарж эхэлдэг. Үүнд хамгийн түрүүнд улаан хоолой дарагдаж юм залгихад торох зовуурь илэрнэ. Мөн бамбай булчирхайн ойр байрладаг олон эрхтний нэг болох дуу авиа, төвөнхийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн хэсгийг дарсан тохиолдолд хоолой сөөнгө болох шингэн зүйл уух тохиолдолд буруу хоолой руу орж хахаж, цацдаг болох гэсэн олон зовууриуд бий болно.
Бамбай булчирхайн зангилаатай бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эход харуулж хортой хоргүйг ялгаж салгах хэрэгтэй. Бамбай булчирхайн зангилаа бүрийг эмчлэх шаардлагагүй, хагалах шаардлагагүй байдаг учир хамгийн түрүүнд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.