Өвлийн улиралд агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, үүнийг дагаад хүн амын амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Гэтэл агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын тогтолцоот өвчнөөс гадна хавдар, зүрхний өвчлөл, архаг хууч өвчний сэдрэлтэд нөлөөлдөг байна.
Бид агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны ЭША О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар НЭМҮТ-өөс хийсэн судалгаа, тоо баримтаас бидэнд танилцуулаач?
- Бид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тодорхой үе шаттайгаар, 40 гаруй судалгааны ажил гүйцэтгэж, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлийг тодорхойлсон баримт нотолгоонуудыг бий болгосон. Мөн үүнийгээ үе үеийн шийдвэр гарагчдад зориулж гарын авлага болгон хүргүүлсэн.
Улаанбаатар хотын хүн амд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийн талаарх судалгаанаас дурдвал,
- Агаарын бохирдол нь хүн амын амьсгалын замын өвчлөлийн 20-30 хувьд,
- Зүрх судасны эмгэгийн 20 хувьд,
- Уушги, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтын 28.8 хувьд,
- Уушгины хавдрын 39.9 хувьд нөлөөлдөг болохыг тогтоосон.
Түүнчлэн нийслэлийн хүн амын нас баралтын 9.2 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэйг тогтоосон.
Агаар дахь хар тугалганы агууламж 10-16 насны хүүхдүүдэд зөвлөмж хэмжээнээс өндөр байгаа талаар дүгнэлт ч гарсан. Тодруулбал, агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөс гадна, амьсгал, зүрх судасны өвчлөл, хавдар үүсэхэд нөлөөлөгч гол хүчин зүйл болж байгаа юм.
- Дотоод орчны бохирдлын талаар ярьвал?
- Хүн амьдарлынхаа 85-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчинд агаарыг бохирдуулах олон эх үүсвэр байдаг бөгөөд агаар сэлгэлт хийхгүй бол тэнд бохирдуулагчдын хуримтлал үүсдэг.
Тамхи татах, гал түлэх, хоол хийх зэрэг нь дотоод орчны агаарын чанарт нөлөөлдөг. Мөн барилга, тавилгын материал хүртэл дотоод орчны чанарт нөлөөлнө.
Дотоод орчны агаарын чанарыг хянахад чиглэсэн сүүлийн үеийн судалгаанаас дурдвал, гал түлж, тамхи татаж л байгаа бол тухайн өрхийн дотоод орчинд PM тоосонцор, угаарын хий зэрэг бохирдуулагч зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин их байна. Мөн дотоод орчинд барилгын материалуудаас ялгардаг дэгдэмхий органик нэгдлүүд ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээнээс илүү илэрч байна. Энэ талаар бид одоо гүнзгийрүүлэн судалж байгаа бөгөөд олон улсад хийсэн судалгааны үр дүнгүүдээс харахад, барилгын материалаас ялгардаг бензол, формальдегид зэрэг нь хорт хавдрын шалтгаан болж байгааг тогтоосон.
Тиймээс олон улсад дээрх бодисуудыг ялгаруулдаг материалын үйлдвэрлэл хэрэглээнд хяналт тавьж, тодорхой чанарын стандартыг мөрдүүлж эхэлсэн байдаг. Харин манай оронд үүнийг хянах стандарт байдаггүй учир НЭМҮТ-өөс “Дотоод орчны агаарын чанар-техникийн шаардлага” үндэсний стандартыг боловсруулж, стандартын хорооны холбогдох мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн.
-Агаарын бохирдол ямар түвшинд хүрсэн үед эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц болдог вэ. Улаанбаатар хотын өвлийн улирлын агаарын бохирдол, утаа тэрхүү ноцтой хэмжээнд хүрдэг үү?
-Одоо үед хүн бүр байгаа орчныхоо агаарын чанарын индексийг харж хянах боломж бүрдсэн. Тухайлбал, "agaar.mn" сайтаар ороод агаарын чанарын индекс гэсэн хэсэгээс өөрийн байгаа газар болон очих газрынхаа агаарын нөхцөл байдлыг харах боломжтой.
Агаарын чанарын индексийн тоон утга 0-50 буюу өнгөн үзүүлэлт нь ногоон байвал агаар цэвэр, 51-100 буюу шар тохиолдолд агаар хэвийн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, өнгөөр илэрхийлсэн үзүүлэлт шар, ногоон биш л бол тухайн орчны агаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Улбар шараас дээш улаан гэх мэт өнгөнд хүрсэн бол нийт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх учир агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй.
Агаарын чанар хүний эрүүл мэндэд өвөл, зунгүй сөргөөр нөлөөлж байна.
Үүний эх үүсвэр нь олон янз. Жишээ нь, хөдөлгөөнт эх үүсвэр нь автомашин, автобус зэрэг байдаг. Авто хөдөлгүүр ажиллаж байгаа цагт түлшний шаталтаас азотын давхар исэл, тоос тоосонцор, хүхэрлэг хий зэрэг ялгарч, өвөл гэлтгүй зуны зарим өдөрт ч байх ёстой стандартаас давдаг тохиолдол бий. Азотын давхар исэл нь багтраа (астма) өвчний шинэ тохиолдлыг нэмэгдүүлдэг ба мөн багтраа (астма) өвчнийг сэрээдэг талтай.
-Сүүлийн үед хүмүүс гэрээсээ гарахаар толгой өвдөж, ханиалгаж, дотор муухайрч байна гэж ярих болсон. Энэ нь утаанаас үүдэлтэй юү?
-Энэ шинж тэмдэг нь олон шалтгаантай. Тухайлбал, ханиад эдгэхгүй удвал энэ шинж илэрч болно. Харин ханиадыг хүндрэхэд агаарын бохирдол нөлөөлж буй эсэхийг авч үзэх ёстой.
Агаарын бохирдол аливаа өвчний хүндрэл, эдгэхгүй удах, мөн амьдралын дадал хэвшилд ч нөлөөлнө. Тиймээс гадаа ажиллахдаа, гадуур явахдаа агаарын бохирдолд өртөх өртөлтөө бууруулах арга замыг мэдэх, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. Үүнд, амны хаалт хэрэглэх, тамхи татахгүй байх, амралтаа зөв зохицуулах, гараа тогтмол угаах, хоол унд, хувцасаа тохируулах зэрэг орно. Мөн PM 2.5 тоосонцор шүүдэг амны хаалтыг тогтмол, зөв хэрэглэж сурах зайлшгүй шаардлагатай.
“Ковид 19”-с болж бид амны хаалт зүүж, гараа угааж дадсан. Гэтэл одоо энэ дадлуудаа бид мартсан. Маш их утаатай байхад амны хаалтгүй л яваад байна. Энгийн амны хаалт нарийн ширхэгт тоосонцроос 20 хувь хүртэл, N95 амны хаалт 90 хүртэлх хувь хамгаалдаг. Хамгийн гол нь зөв зүүх шаардлагатай.
-Хүүхэд ханиалгах, нус цэр гаргах үед хар өнгөтэй зүйл гарч байгаа зураг цахим орчинд тарсан. Утаанаас болоод хүний хамар залгиурт хар тортог үлдэж байгаа хэрэг үү?
-Тийм ээ, энэ бол тортог. Хамрын үс болон бусад салстуудад тунаж үлдэн хамрын шингэн, нустай гадагшилж байгаа хэрэг. Тортогтой хамт маш олон химийн бохирдуусууд болон түгээмэл бохирдуулагчид хүний амьсгалын эрхтэн системд нэвтэрч байна гэсэн үг. Нүүрс түлэх, машин унах зэрэг байнгын шаталтын үйл явц явагдаж байгаа тохиолдолд гадаад, дотоод орчинд ийм тортог үүснэ. Тиймээс гэртээ тамхи татахгүй, зуух яндангийнхаа битүүмжлэлийг сайжруулах, автомшиныхаа тос, тосолгооны солих үйлийг цаг тухайд нь хийх, гэрээ дулаалах /олон дахин гал түлэх үйлдлийг багасгана/, хог хаягдал, хатуу хуванцар, дугуй зэргийг шатаахгүйгээр дахин боловсруулах нь бид өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, агаарын бохирдолд өртөхөөс сэргийлж байгаа хэрэг.
-Утаатай орчинд олон жил амьдрах нь ирээдүйд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Агаарын чанарыг сайжруулахгүй энэ хэвээр байвал суурь өвчтэй насанд хүрсэн иргэдийн тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл,
Үргэлж ханиад хүрдаг, хатгаа болдог, дархлаа султай хүүхдүүд ирэх 10-20 жилд астма, архаг бронхиттой болохоос гадна хар тугалганы нөлөөгөөр тэдний сэтгэн бодох чадвар хүртэл доройтно гэдгийг судлаачид тогтоосон.
Иймээс орчны эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудлийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь асуудал гэж үздэг. Харин манай бодлого боловсруулагчид болон иргэд өөрөөс нь их хол ойлголт шиг хүлээж авдаг талтай. Үүнд хүн бүхний оролцоо чухал. Иргэдийн идэвхитэй оролцоо бодлогод тун чухал.
-Утаанаас өөрсдийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Агаарын бохирдуулагч бодисуудын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хувь хүний болон бодлогын түвшинд вч үздэг.
Бодлогын түвшинд, агаарын чанарт нөлөөлдөг бүхий л эх үүсвэрийг бууруулах, хүн амын эдийн засгийн чадавхийг сайжруулах, төвлөрлийг сааруулах, нүүрс зэрэг бохир түлшнээс цэвэр түлш рүү шилжих, сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн нийгмийн эрүүүл мэндийн судалгаа шинжилгээний ажлыг нэмэгдүүлэхэд санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүн амын хоол хүнс, амьдрах орчныг сайжруулах бүхий л нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Мөн хяналт, шаардлага хангуулах үндэсний стандартуудыг үе шаттайгаар мөрдүүлэх, нөхцөл эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй.
Хувь хүний зүгээс, хүхэрлэг хийнээс өөрийгөө хамгаалахын тулд хүхэр агуулсан түлшний /нүүрс, дизел зэрэг/ шаталтыг үүсгэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл гал түлэхгүй, машин унахгүй байх асуудал тулгарч байгаа юм. Гал түлж, машин унаж байгаа цагт хүхэрлэг хий ялгарсаар л байх болно.
Түүнчлэн ханиад, томуу, хатгааны хүндэрлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн улиралын томуугийн болон хатгааны вакциныг хийлгэх, шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжих нь тустай. Хамгийн энгийн дадал болох гараа тогтмол угаах дадлыг хэвшүүлэх, хүүхдийг 21.00 цагаас өмнө унтуулж сургах, амны эрүүл ахуйг сахих шаардлагатай. Дээр хэлсэнчлэн гэрээ дулаалах, зуух яндангаа сайжруулах зэргээр өөрсдөөс хамаарах бүх зүйлсийг хийх хэрэгтэй. Энэ бол бохирдлыг бууруулах, өөрсдийгөө хамгаалахад чиглэсэн наад захын арга хэмжээ юм.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Ж.Мишээл
Ньюспресс.мн