Агаарын бохирдол нь тамхидалтаас илүү үхлийн аюултай болохыг эрдэмтдийн судалгаа харуулж байна. Герман болон Киприйн шинжээчдийн тооцоолсноор 2015 онд агаарын бохирдлын нөлөөгөөр 8.8 сая хүн нас баржээ.
Энэ нь өмнөх тооцооллоос хоёр дахин өндөр дүн болж байна. Европт хамгийн их буюу 790 мянган хүн амиа алдсанаас 40-80 хувь нь зүрхний шигдээс, харвалт зэрэг зүрх судалсны өвчнөөр нас баржээ. Үүнд нөлөөлсөн гол шалтгаан шатах түлшний хэрэглээ гэж судлаачид тайлбарлаж байна. Үүнийг яаралтай зогсоож, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар Европт агаарын бохирдолтой холбоотой нас баралтыг 55 хувиар бууруулах боломжтой гэж “Cyprus Institute” тооцоолжээ.
Харин тамхидалтын нөлөөгөөр жилд долоон сая гаруй хүн нас барж байна. Үүний зургаан сая нь архаг тамхичид байдаг бол 890 мянга орчим нь дам тамхидалтын улмаас амиа алдсан хүмүүс байгаа ажээ. Дэлхийн хэмжээнд тамхи татдаг хүмүүсийн тоо 1.1 тэрбум даваад байгаа бөгөөд гурван улс тутмын нэг нь тамхины хэрэглээнд мониторинг хийдэг.
Ингэхдээ хамгийн багадаа таван жил тутамдаа судалгаа хийдэг байна. Тамхины утаанд 4000 гаруй химийн бодис агуулагддаг. Үүнээс дор хаяж 250 нь хүний биед маш сөрөг нөлөөтэй, 50 нь хорт хавдар үүсгэдэг байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
BloombergTV.mn