Коронавирусний “Дельта” омог одоогоор дэлхийн дор хаяж 96 оронд бүртгэгдэж, вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд идэвхтэй тархаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
“Дельта” хувилбар нь өнөөг хүртэл илрээд буй коронавирусний бусад омгоос илүү халдвартай гэдгээрээ дэлхий нийтийг түгшээж байгаа юм. Дэлхийн зарим оронд халдвар хамгааллын дэглэмийг сулруулахын зэрэгцээ халдварын тархалт нэмэгдэж буйг ДЭМБ-ын тэргүүн анхааруулсан байна.
Халдвар нэмэгдэх тусам эмнэлгүүд дүүрч, эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал нэмэгдэж байгаа нь эргээд нас баралт өсөх шалтгаан болж байна гэж тэрбээр онцолжээ.
Түүний хэлснээр, аливаа вирус хувьсан өөрчлөгдөж байдаг тул коронавирусний шинэ омог, хувилбар гарахад бэлтгэлтэй байх учиртай. Гэхдээ халдварын тархалтын бууруулж чадвал шинэ омог гарч ирэхээс сэргийлэх боломжтой. Тиймээс коронавирусний тархалтыг зогсоохын тулд бүхий л байгаа нөөц, боломжоо ашиглах нь эрүүл мэндийн салбарын нэн тэргүүний зорилт болоод байна гэж тэрбээр онцолсон байна.й