Ковидоор халдварласан хүүхдүүд менингит тусч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болжээ


Улсын эмнэлгүүд ачааллаа даахаа больж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж буй талаар энэ удаагийн өдрийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна. Сүүлийн үед Ковид19 цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж, Улаанбаатар болон орон нутагт тархац их байгааг ЭМЯ-аас мэдээлээд байгаа. Энэ үетэй зэрэгцэн улсын эмнэлгийн ачаалал болон иргэдийн байр суурийг онцлохыг хүссэн юм.Улсын хэмжээнд өмнөө барьдаг хүүхдийн эмнэлэг бол ЭХЭМҮТ билээ. Тус төвд орон нутаг болон Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгээс шилжин ирсэн болон яаралтай хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг эмчилдэг. Энэ хүрээнд бид ЭХЭМҮТ-ийн ачаалал ямар байгаа  талаар тодруулахаар зорив. 
        Яаралтай тусламжийн лавлагаа, угтах үйлчилгээний үүдний хэсгийн гадна ч дотор ч хүүхдээ тэвэрсэн ээж, аав нар багтаж ядсан дүр зураг биднийг угтав. “Хамгийн сүүлийн оочир хаана вэ” гэж асуухад хариулах хүн байсангүй. Цааш явсаар мэдээллийн ажилтнаас “Үйлчлүүлэх иргэд их байгаа бололтой. Хариуцаж буй эмчтэй хэрхэн уулзах вэ” гэхэд “Иргэд цахимаар цаг аваагүй эмнэлэг дээр ирснээс болж оочир үүссэн” гэв. Үйлчлүүлж буй иргэдийг харвал бүгд л ямар нэгэн зовиуртай хүүхдээ дагуулан, эмнэлэгт үзүүлж мэргэжлийн эмчийг зорин ирсэн нь илт. "Үүдний хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй байсан ч хэвтэн эмчлүүлэх тасгийн ойр, орчимд хэвийн байгаа" гэж мэргэжилтэн хэлэв.

Аагим халуун өдөр эмнэлгийн үүдэнд үр хүүхдийнхээ төлөө хөлсөө дуслуулан зогсох ээж, аавууд өрөвдөлтэй бас тэвчээртэй харагдана. Суух газар ч хомс эмнэлгийн үүдний гадна талбайд байрлах сааданд хүүхэд хөгшидгүй чихэлдэж, ямар нэгэн зүйлийг хүлээж байв. Эрүүл болгочихвол гэсэн итгэл найдварыг тээж байгаа гэлтэй. 

        Энэ үеэр бид Г.Эрдэнэцэцэгтэй уулзаж эмнэлгийн байгууллагын үйлчилгээг авах болсон шалтгааныг тодруулсан юм. Тэрбээр “Охин маань ой нэг сартай. Манай гэр бүл Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд мал маллан амьдардаг. Би хоёр хүүхэдтэй. Гэр бүлийнхэн маань бүгд хотод ирсэн. Ирээд долоо хонож байна. Бага охин минь таталт өгөөд, яасан нь тодорхойгүй болоод аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгсэн эмч “Хотод очоод тархины нарийн шинжилгээ хийлгэж зураг авхуулах хэрэгтэй” гэсэн. Тэгээд л улсын эмнэлэгт үйлчилгээ авах гээд ирээд байна. Гурван хоног хөөцөлдлөө. Өнөөдөр л үзүүллээ. Одоо шинжилгээний хариугаа хүлээж байгаа. Гайгүй байгаасай гэж бодож байгаа ч тийм ч сайн биш байгаад сэтгэл зовж байна. Охин минь юунаас болсон нь мэдэгдэхгүй өдөр 3-4 удаа таталт өгөөд байгаа. Эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг их хэцүү санагдлаа. Хүн ихтэй, эмч нарийн ачаалал арай л хэтэрхий байдаг юм байна. Өглөөний хамгийн эхний цаг аваад, цагтаа ирсэн ч арван цаг дөхүүлээд үзүүлсэн. Энэ мэт нааш, цааш явахаас өгсүүлээд цаг зарах зүйл олон байдаг юм байна. Орон нутагт амьдардаг иргэд олон хоног таних айлгүй газар байна гэдэг хэцүүхэн л юм. Охиноо зүгээр болгож байвал л болоо гээд гүрийж байна” гэсэн юм.  
   Орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирэх иргэд байрлах газар ч үгүй хэдэн өдөр эмнэлгийн үйлчилгээ авах гэж хүлээсэн тухай өгүүлсэн юм. Хөдөө мал маллан амьдардаг иргэд хэрхэн цахимаар цаг авч үйлчлүүлэх ёстойгоо мэдэхгүй учир биелэн ирээд үйлчилгээ авч байгаа нь харамсалтай. Арай хийж олдсон цагтаа үйлчилгээ автал ахиад нэг нэмэлт шинжилгээ өг гэж шаардах вий гэхээд тэд халширч сууна.

“Эмчид үзүүлчих юм сан” гэсэн итгэл тээж, эмнэлгийн коридороор цуван зогсох хүмүүс дунд, нэлээн хүнд бэртчихсэн хүүхдээ тэврээд уйлж суугаа нэгэн хүртэл байсан юм. 

       ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт есөн настай хүүгээ асар буй ээж Д.Алтанчимэгтэй уулзсан юм. Тэрбээр “Манай хүү тоглоомын талбайд байсан төмөр рүү бөгсөөрөө унаад “Шулуун гэдэс нь задарсан” гэх оноштойгоор хагалгаанд орсон. Биеийн байдал нь муу байна. Саяхан хагалгаанд орсон ч өтгөнөө гэдсээрээ гадагшлуулж байгаа. Олигтой ярьж ч чадахгүй. Зүгээр л тоглох гээд гэрээсээ гарсан хүү минь өнөөдөр эмнэлгийн орон дээр гэдсээ яруулчихсан, хэцүү нөхцөлд байна. Эмч нар яаралтайгаар цаг алдалгүй мэс засал хийсэн ч хоёр сарын дараа дахин хагалгаанд орно гэсэн. Хэвийн амьдралдаа хэзээ орохоо ч мэдэхгүй байна. Би хоёр хүүхэдтэй. Бага хүүхдээ ээж, ааваараа харуулаад том хүүгийнхээ дэргэдээс холдох боломжгүй нөхцөл байдалд орсон. Эмч нар “Бохир оруулах юм бол амиа алдах эрсдэлтэй. Танай хүүхэдтэй адилхан оношоор өвдсөн хүүхдүүд бохир оруулаад эндэж байсан тохиолдол их” гэсэн. Эмч нар чадах бүхнээрээ л сайн ажиллаж байна. Тэгсэн ч хүүхдийн өвчлөл арай л их болжээ. Хүүхдийнхээ биеийн байдлыг дээрдүүлээд инээгээд сууж байхыг нь хармаар байна. Байнгын өвчин намдаагч хийлгэж, хэвтрийн байдалтай байна. Баянзүрх дүүргийн 22-р хорооны тоглоомын талбайд тоглож байгаад, унахад нь бөгс рүү нь төмөр ороод  шулуун гэдэс нь задарсан. Би мэдмэгцээ шууд эмнэлэгт ирсэн. Манай дүү нар хорооны ажилтанд хэлсэн байх. Одоо цаашдаа яах ёстойгоо мэдэхгүй байна” хэмээн цөхөрсөн байдалтай нөхцөл байдлаа хуваалцсан юм.  
   Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амар тайван амьдрах боломж алга. Хамгийн аюулгүй эрсдэл багатай байх ёстой тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байх ёстой. Гэтэл бэртэж гэмтээд мэс засалд орж байна. Гаднын улсад энэ бол байж боломгүй зүйл. Харин манай улсад хэвийн зүйл болжээ. Эрүүл монгол иргэн байхын тулд илүү амьтай байх ёстой гэж үү.
  Төгсгөл нь үл харагдах хүүхдээ тэвэрсэн ээж, аавуудыг цуваа, амь нь тэмцэн уйлж буй хүүхдийг харсан хэн бэ гуйад ч эмчид үзүүлэх ёстой алтан цагнаас хомслох бодол төрөхгүй гэдэгт итгэлтэй байна. ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж байр суурийг тодруулсны дараагаар Улаанбаатар хотод хүүхдийн эмчилгээ, оншллогоонд хоёрдугаарт бичигддэг гэх СХД-ийн нэгдсэн эмнэлгийг зорив.
      СХД-ийн нэгдсэн эмнэлгийн үүдэнд ирэхэд яаралтай хүлээн авах хэсгийн хөл, хөдөлгөөн харьцангуй бага, сэлүүхэн байв. Үйлчлүүлэхээр ирсэн иргэд хамгийн түрүүнд эрэмбэлэх ажилтнуудад хандаж, ямар үйлчилгээ авахаар ирсэн тухайгаа хэлж, оочир авч харагдана. “Хүн бага үеэр хүрээд ирэв үү” гэж бодож цааш алхтал амаргүй нөхцөл байдал бий болж буйг харах нь тэр. Насанд хүрэгч болон хүүхэд гэсэн хоёр жигүүрт үйлчлүүлэх гэж хүлээх иргэд олон байв. Иргэдэд мэдээлэл өгч буй ажилтныг харвал өмнөө тавьсан бичиг цаас, үйлчлүүлэгчдийн дараалалд нэлээн ядарсан шинжтэй нааш, цааш холхино. Асуусан асуулт бүрд хариулт өгөх амаргүй ажлыг хийдэг болохоор тэр байх.

“Хүн багатай, ачаалал бага байна” гэсэн бодол минь хормын төдийд өөрчлөгдөх нь тэр. Хүүхдийн эмчийн үзлэгийн өрөөний гадна байрлах шинэхэн сандал дээр хэсэгхэн хугацаанд суух гэсэн хүн цөөнгүй. Нэг хүн босов уу үгүй юу, дараагийн хүн хүүхдээ тэврэн ээлжлэн суух дүр зураг анзаарагдав. Харин зарим нь эмчийн өрөөний шилэн хаалганы гадна түгшсэн янзтай шал руу ширтэн зогсоно.

      Үйлчлүүж буй хүмүүсийг анзааран харвал хэдхэн сартай нярай хүүхдээ цээжиндээ нааж, халууцан зогсох ээжүүд давамгайлна.СХД-ын нэгдсэн эмнэлэг нь ашиглалтад ороод удаагүй цэлгэр том барилгатай учраас үйлчлүүж буй хүмүүс бага харагдаж, сэлүүхэн мэт санагдав уу гэмээр. Улсын эмнэлгийн байдаг л нэг дүр төрхөнд агаар сэлгэсэн гэлтэй цэвэрхэн зохион байгуулалт, тав тухтай орчинг бүрдүүлэн ажиллаж байсан нь үйлчлүүлж буй иргэдэд ч таалагддаг байх. Нярай хүүхэдтэй ээжүүд хүүхдээ хөхүүлэх булан, живх солих хэсэг Яаралтай тусламжийн үүдэнд байсан. Энэ мэт шинэлэг зүйлс хэд хэд анзаарагдсан. 
Улсын эмнэлэг ч бас ийм байж боддог гэдгийг харуулсан тохижилтыг бий болгосон анхны эмнэлэг гэхэд хилсдэхгүй байх. 

       Шинээр баригдсан эмнэлгийн эмчийн өрөөний үүдээр үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн хөдөлгөөн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл үргэлжилдэг гэж Яаралтай тусламжийн сувилагч онцолсон юм. Харин хүүхдийн эмчийн үзлэгийн өрөөний гадна дөнгөж төрсөн, нярайгаас эхлээд өсвөр насны хүүхдүүд ээж, аавын хамт хүлээж байв. Дийлэнхдээ л өвдөж ядарсан шинжтэй, зовиуртай харагдана. Зарим эцэг, эхчүүд үзлэгийн өрөөний гадна “Хаанаас ямар өвчнөө чирээд ирэв дээ” гээд хүүхдээ загнаж, бухимдаж байв. 

      Энэ үеэр бид СХД-ийн нэгдсэн эмнэлгийн бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга С.Чагнаадоржтой уулзаж тус эмнэлгийн ачааллын талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай эмнэлэг шинэ байрандаа ороод нэг жил гаруй болжээ. СХД бол хүн ам ихтэй. Энэ хэрээр өвчлөлд өртөх магадлал, эрсдэл их бий. Эмч ажилтнууд хангалттай сайн ажилсан ч зарим үед ачааллаа даахгүй үе гардаг. Ялангуяа сүүлийн хоёр өдөр томчууд, хүүхдүүдийн дунд Ковид19 цар тахлын илэрц ихсэж байна. Манай эмнэлэг харьялалтай томчуудад үйлчилгээ үзүүлдэг. Харин хүүхдүүдэд харьялал харгалзахгүйгээр анхан шатны тусламж үйлчилгээ, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна. 43 хорооны бүх хүүхдүүдийг хариуцан ажилладаг. Өчигдрийн байдлаар яаралтай тусламжаар 177 хүүхэд мэргэжлийн эмчид үзүүлсэн бөгөөд үүнээс  19 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн 45 хүүхдэд анхан шатны шаардлагатай тусламжийг үзүүлсэн. Дээд шатлалын эрүүл мэндийн байгууллага руу гурван хүүхдийг шилжүүлсэн. Мөн сүүлийн үед Ковид19 цар тахлын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой 50 ортой тасгийг нээж, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Ирж буй хүүхдүүдэд ковидын шинжилгээ хийж байгаа.
  • Өнөөдрийн байдлаар 140 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.Үүнээс:
  • Амьсгалын замын өвчлөл: 66 хүүхэд
  • Гэдэс, хэвлийн өвчлөл: 43 хүүхэд
  • Ханиад томууны хүндрэл, хоёрдогч менингит: 31 хүүхэд байна.
     Эрчимт эмчилгээний тасагт маш хүнд:12 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ жилийн хувьд ханиад томуу буураагүй. СХД-ийн нэгдсэн эмнэлэгт өдөртөө 160-200 хүүхэд үйлчлүүлдэг. Манай эмнэлэгт хүүхдийн 17 эмч ажилладаг. Гэсэн хэдий ч ачааллаа даахгүй үе цөөнгүй. Иргэдийн зүгээс хүлээцтэй байдал дутмаг, эмч нарын ачаалалтай нөхцөл байдлыг ойлгодоггүй. Эмнэлгийн байгууллагын эмч, ажилтад та бүхний төлөө цаг наргүй, ажилладаг гэдгийг ойлгож, хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэж байна” гэсэн юм. 
           Тус эмнэлгийн ачааллыг тодруулах зуур хүлээн авах хэсэгт яаралтай өвчтөн ирэв. 50 нэлээн гарсан эмэгтэй сандарч, Яаралтай тусламжийн эмчийн дэргэдээс холдож чадахгүй байсан нь тэнд үйлчлүүлж буй иргэдийн анхаарлыг татсан юм. Юу болсон талаар тодруулахад “Намайг Б.Цэвмядаг гэдэг. Дархан-Уул аймгаас дүүгийнх нь бие муудаад яаралтай ирсэн. Дүү минь зүрхний титэм судасны нарийсал өвчинтэй түргэний машинаар зүрхний хэм алдагдаад сая ирсэн. Эмч нар яаралтай арга хэмжээ авч байна. Ухаан санаа нь орон гаран, хэцүүхэн байна” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм. Түүнтэй хэсэгхэн хугацаанд ярилцаж байх хооронд дүүгийнх нь биеийн байдал хүндэрч, хүлээн авах тасгаас эрчимч эмчилгээний тасагт шилжилэхээр болов.           Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд дунд эмч нараас аврал хайж, талархсан хүмүүс байхад харааж, доромжлох хүн ч байсан. Харин хүүхдийн эмчийн үзлэгийн өрөөний гадна нүд хальтрам хүндхэн үйл явдал болж байв. Дөнгөж гаднаас орж ирээд үзүүлэх цагаа хүлээнгээ зогсож байхад хүүхэд нь гэнэтхэн цусархаг зүйлээр бөөлжиж, өмссөн хувцас барьсан цүнхийг нь бохирлуулж, байс хийгээд л бөөлжиж сандаргана. Арай гэж эмчийн өрөө рүү орох гэтэл гаднаас ухаангүй болсон нярайг тэвэрсэн эмэгтэй уйлан ирээд  эмчийн өрөөнд шууд орж, дахин хүлээх болно. Хүүхдээ л үзүүлчих юм сан гэсэн ээжүүд ээлж, дарааллаа хүлээн нааш, цааш холхино. 
 
        Дарааллаа хүлээн суух ээж А.Халиун “Манай охин одоо настай. Өнөө өглөөнөөс эхлээд юу ч идэж уусан бөөлжөөд эхэлсэн. Эхлээд өрхийн эмнэлэг орсон ч “СХД-ийн нэгдсэн эмнэлэг ор” гэсэн. Ирээд л оочир аваад хүлээгээд сууж байна. Яаралтай хүлээн авахын эмч нар ачаалал ихтэй болохоор удаан хүлээгээд байна. Ирж байгаа хүүхдүүд дунд манай хүүхэд шиг ижил шинж тэмдэг илрээд шууд бөөлжиж байгаа хэд хэдэн хүүхдүүд харлаа.  Зүв зүгээр л байсан, одоо өвчин намдаах лаа хийж унтуулж байна. Сэрчих юм бол шууд усаар бөөлжинө. Яг ямар оноштойг нь мэдэхгүй болохоор сэтгэлээр унахаас өөр хийж чадах юм алга” гэв. 
      Яаралтай тусламжийн тасгийн хөл хөдөлгөөн дуусахгүй. Эмч нар амрах завгүй, ирсэн өвчтөнүүдэд үзлэг хийнэ. Бүгд л нэг ч болтугай хүнийг үзчихсэн юм сан гэсэн сэтгэлээр хандана. Харин үүнийг ойлгох ч хүмүүс байна. Ойлгохгүй уурлах нэгэн ч байсан юм.
         Ингэж явсаар үдшийн 19:00 цагийн үед Яаралтай тусламжийн эмч ээлжээ солимогц бид хэсэгхэн хугацаанд ярилцах боломж олдсон юм. Тэрбээр “Намайг Д.Очирбат гэдэг. СХД-ийн Яаралтай тусламжийн эмчээр ажилладаг. Ерөнхийдөө насанд хүрэгчдийн анхан шатны үзлэг оношлогоог хийдэг. Баяр наадмын өдрүүдээс хойш хэвлийн өвчлөл, нойр булчирхай, гүйлгэлт, бөөлжилт ихэсч байна. Энэ нь буруу хооллолт, анхаарал болгоомжгүй байдлаас үүсэж байгаа. Мөн Ковид19 цар тахлын шинэ давлагаа өмнө нь илэрч байснаас арай өөр хэлбэрээр илэрч байна. Тодруулбал, үе мөчөөр өвдөх, толгойны ар хэсгээр хатгуулах гэх мэт. Иргэдийн хувьд тоохгүй, дур мэдэн эм ууж буруу эмчилгээг хийж хүндрүүлэх тохиолдлууд байдаг. Шинж тэмдэг илэрсэн л бол яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Хайхрамжгүй байдлаас болж аливаа өвчлөл хүндрэх эхлэл тавигддаг. СХД-ийн Яаралтай тусламжийн нэг эмч өдөрт 25-35 хүнийг үздэг. Ер нь эмч  нар маш их ачаалалтай байдаг. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байдгаас болж эмчийг доромжлох үл хүндэтгэх зүйлс анзаарагддаг. Аль аль талдаа л эрүүл энх байхын тулд хичээж байгаа учир хүндлэл чухал юм шиг санагддаг” гэсэн юм. 
         Зуны улиралд ханиад томуу, халдварт өвчин намжиж эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо багасдаг атал энэ жил тэгсэнгүй. Баяр наадмын өдрүүдэд ч эмч нарт амралт авах сөхөө өгсөнгүй ар, араасаа үйлчлүүлэх иргэдийн цуваа татарсангүй. Өвчлөлийн үндсэн суурь шалтгаан юунд байна вэ гэдгийг тоо баримт нь дээр тулгуурлан нарийн гэгч нь судлахгүй бол Монгол Улсын бүх иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай нөхцөл байдалд ойртон иржээ. 
      Нэг эмнэлгээс нөгөө рүү зөөвөрлөх шаталсан тогтолцоондоо бид дассан мэт. Алслагдсан аймаг дүүрэгт шаардлагатай тоног төхөөрөмж боловсон хүчнийг бэлтгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Хаа байсан хэдэн зуун км-ийн цаанаас нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гэж ирээд хэдэн өдөр хүлээх зуур хэчнээн хүн ямар их өвдөлтийг мэдэрч, зовж байгаа бол. Аймшигтай, бид хөгжиж байна гэдэг гэтэл эмнэлгийн оочир дараалал, эмч нарийн ачааллыг бууруулах тал дээр дорвитой шийдэлд хүрсэнгүй. 
     Ковид19 цар тахал хурдацтай тархаж, өдөрт л 1000, 1000-р нэмэгдэж байх үед нийтээрээ эмнэлгийн хүртээмж, иргэдэд үйлчлэх хүчин чадал тун сул гэдгийг мэдэрсэн. Тухайн цагт л шийдвэрлэнэ гэсэн атал өөрчлөгдсөн зүйл огтхон ч алга.

https://ergelt.mn/news/165/single/23486
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан