Долоон настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг ЭХЭМҮТ-д амжилттай хийжээ


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв анх удаа долоон настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилтай хийжээ.
Тус хагалгааг УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Хүний гавьяат эмч О.Сэргэлэн, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй нараар ахлуулсан УНТЭ болон ЭХЭМҮТ-ийн хамтарсан баг хийсэн талаар ЭХЭМҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүүхэд хагалгаанаас гарч ирээд 16 хонож байгаа бөгөөд биеийн байдал сайн, бүх шинжилгээ өөрчлөлтгүй гарчээ. Мөн донор болсон ээжийнх нь биеийн байдал сайн, эдгэрээд эмнэлгээс гарсан байна.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа "ЭХЭМҮТ-д анх удаа долоон настай хүүхдэд төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдлээ. УНТЭ-ийн О.Сэргэлэн багшаар ахлуулсан хамт олонд талархсанаа илэрхийлье.
Монгол Улсын хүн амын 10 хүртэлх хувь нь элэгний хатуурал өвчтэй. Нас баралт өндөртэй улсын тоонд ордог. Сүүлийн жилүүдэд хүүхдийн элэг хатуурах өвчнөөр өвдөх тохиолдол нэмэгдсээр байна. Хүүхдэд элэг хатуурал жил ирэх тусам нэмэгдэж байгаа гол шалтгааны нь цөсний замын битүүрэл, төрөлхийн гажиг байдаг. Цөсний замын битүүрэлтэй хүүхдэд төгс эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ юм.
ЭХЭМҮТ-д 2022 оны байдлаар элэгний цирроз өвчтэй 83 хүүхэд хяналтад явдгаас есөн хүүхдэд зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа. Бид эхний байдлаар нэг хүүхдэдээ ийнхүү амжилттай элэг шилжүүлэн суулгалаа.
2014 оноос эхлэн УНТЭ-т ЭХЭМҮТ эмнэлгийн эмч нар тус эмнэлгийн эмч нартай хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж ирсэн. Хамгийн бага нь нэг нас нэг сартай хүүхдэд амжилттай элэг шилжүүлэн суулгаж байсан. Монгол Улсын хувьд УНТЭ-т нийт зургаан хүүхдэд элэг амжилттай шилжүүлж суулгасан. Манайх сая долоо дахь тохиолдол нь боллоо. Энэ долоон хүүхдийн хяналт үргэлжилж яваа" гэв.
ЭХЭМҮТ-д ойрын хугацаанд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай есөн хүүхэд байгаа аж. Иймд тус эмнэлэг УНТЭ-тэй хамтраад ойрын хугацаанд хагалгаануудыг хийхээр төлөвлөснийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлгийн ЕМЗТ-ийн эмч Л.Ганбаяр хэлсэн.
УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Хүний гавьяат эмч О.Сэргэлэн "Манай багийн хувьд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулснаас хойш бусдадаа хүртээмжтэй ажиллах бодлогыг барьж ажилласан. Өмнөх зургаан хүүхдийн хагалгааг хоёр эмнэлгийн баг хамтран УНТЭ-т хийж байсан бол энэ удаа ЭХЭМҮТ-д хийлээ. Тус эмнэлэг элэг шилжүүлэн суулгах багаж, тоног төхөөрөмж, хүний нөөц гээд бүх талаа бүрэн хангаж чаджээ. Энэ хүнд хагалгааг хийхэд хамтран ажилласан удирдлагууддаа баярлалаа.
Хагалгаанд орсон хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Эрүүл болоод чи хаашаа явах уу гэж асуухад “би хамгийн түрүүнд Солонгос явна” хэлсэн. Ямар хоол идэх үү гэхэд бас солонгос хоолны нэр хэлсэн. Өвчтэй байхад нь тэр хүүхэдтэйгээ ярилцаад нулимс унагаж байсан юм. Одоо хүүхэд маань тэр хүслээ биелүүлэх боломжтой боллоо. Хүүхдийн маань чин хүсэл олон дахин эмнэлэгт хэвтэхгүй байх гэж хэлсэн. Энэ үг тэр жижигхэн биеэс гарамгүй хэцүү үг байсан. Хүүхдийнхээ амийг аварч чадсандаа бид үнэхээр баяртай байна” гэв.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал "Өнөөдөр Монголын анагаах ухааны салбарт баярт мэдээ тохиож байна. Хагалгааг гардан хийсэн эмч, сувилагч, үйлчлэгч болон хоёр эмнэлгийнхээ нийт баг олонд хоёр эмнэлгийн удирдлагын зүгээс хамгийн сайхан бүхнийг хүсэж, тархсанаа илэрхийлье. ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, хүүхдийн бие сайжир байгаа баярт мэдээтэй байна.
Эрүүл мэндийн салбар чирэгдэл, оочир ихтэй энэ өвчлөлийг ганц эмнэлэг дээр төвлөрүүлээд байх биш бусад эмнэлгүүддээ нутагшуулж харилцан туршлага солилцож, эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэн бүрд түргэн шуурхай хүрдэг байх бодлогыг барьж яваа. Манай эмнэлэг 2011 анхны онд анхны элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан бол өдгөө 167 хагалгааг амжилттай хийсэн байна. Өмнө нь УНТЭ дээр хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байсан бол энэ удаа ЭХЭМҮТ дээр хийсэн онцлогтой.
Саяхан бид энэ бүхнийг суралцаад явж байсан бол өнөөдөр улсын лавлагаа шатлалын өөр эмнэлэгт хийж байгаа нь бид бүхний бас нэгэн том амжилт. Энэ хагалгаа ЭХЭМҮТ дээр хийгдсэн нь тус эмнэлгийн хувьд том алхам юм. Цаашид хагалгаагаа өдөр тутмын үйл ажиллагаагаа болгон явахад Нэгдүгээр төв эмнэлэг бүх талаараа тусалж дэмжинэ" хэмээв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан