Ичмээр. Монголын хүүхдүүд шалан дээр эмчлүүлж байна!


  • Эмнэлэгт дунджаар 250-300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
  • БЗД-ийн эмнэлэгт чих дөжрөм уйлаан дунд хүүхдүүд хамгийн багадаа хоёр цаг хүлээж байж эмнэлгийн тусламж авч байна
  • Шөнө оройн цагаар нэг цэгт хэт их нягтрал бий болгож тэр нь эргээд шинэ төрлийн вирусээр өвчлөх голомт болж байна. Та хүлээн авахаар орж ирэхдээ ямар ачаалалтай байгааг харсан байх
  • Энэ сарын 20-ноос томууны идэвхжил нэмэгдэж хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд эмнэлгийн ачаалал одоогийнхоос дахиад 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг
Ханиад, томууны улиралд эмнэлгүүдийн ор хүрэлцэхээ байж, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ коридорт эвхдэг ор тавиад хэвтэх нь хэвийн үзэгдэл болсон. Ид хүйтэрч, ханиад томуу дэгдсэнээс эмнэлгүүдийн ачаалал хүндэрч байгаа. Нөхцөл байдлыг бид сурвалжиллаа. Сурвалжлагын эхэнд нэг зүйлийг зориуд онцлохыг хүсэв. Жил бүр ханиад томуутай хүүхдүүдийг багтааж ядсан эмнэлгүүд аргаа барахдаа коридорт ор тавиад хэвтүүлдэг. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газраас аль болох коридорт хэвтүүлэхгүй байх чиглэл өгчээ. Тиймээс дүүргийн эмнэлгүүд том хүн хэвтэн эмчлүүлдэг тасгууд, мөн хурлын заал зэргээ суллаж хүүхдийн өрөө болгожээ. Уг нь ханиад томууны улирал эхлэх гэж байна. Гэтэл дөнгөж эхэлж байхад ор хүрэлцэхгүй байгаа нь бүр дэгдсэн хойно яах вэ гэдэг бодол төрүүлэв. Дүүргийн эмнэлгийн ачааллыг улсын чанартай томоохон эмнэлгүүд үүрэлцэж эхэлснийг сурвалжлагын эхэнд дурдах нь зүйтэй биз. Эмнэлэг бүрийн үүдэнд томуу, томуу төст өвчин ихэссэн тул гадуур хүүхдээ дагуулж явахгүй байх анхааруулга хаджээ. Бид хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр орлоо. Тус эмнэлэгт дунджаар 250-300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ нь үндсэн нормоос хоёр дахин ачаалалтай бөгөөд ийм үед эмч, сувилагч нар нэмэлтээр ажиллаж байгаа гэнэ. Зөвхөн ганц хоногт л 60 орчим хүүхэд шинээр ирж хэвтэн эмчлүүлж байгаа нь ачаалал ямар байгааг харуулж буй хэрэг. Нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг нь Баянзүрх. Тэр хэрээр эмнэлгийн ачаалал их байв. Уг эмнэлэг байж болох бүх бололцоогоо ашиглан ор гаргажээ. Өргөтгөл, нэгдүгээр давхраас эхлээд нэмэлтээр 120 орчим ор тавьж хүүхдүүдийг хүлээн авч байна. Гэхдээ зөвхөн зайлшгүй хэвтэх шаардлагатай хүүхдийг л авч байгаа тухай Баянзүрх дүүргийн хүүхдийн их эмч Н.Ариунзул ярилаа. Тэрбээр “Ачаалал нэлээд их байна. Уг нь яг томууны улирал хараахан эхлээгүй ачаалал хэд дахин нэмэгдсэн. Хүүхдүүд маш их хүндэрч ирж байна. Гадаад  орчны нөлөө, асаргаа сувилгаа, гэрээр хийж буй эм тариаг буруу хэрэглэснээс болж томуу нь хүндэрч байна” гэв. Мөн “эцэг, эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвдөө очих нь бага байна. Ажилтай гэдгээрээ шалтаглаж өдөржин хүүхдээ эмээр аргалж байгаад ажлын цаг дуусангуут шууд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт аваад ирж байна. Ингэж ачааллыг улам нэмэгдүүлж, тэр хэрээр орчныхоо агаарыг бохирдуулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нь энгийн үзэгдэл болсон. Ханиад хүрч, халуурсан л бол яаралтай өрхийн эмчдээ хандах хэрэгтэй. Тэгээд эм бэлдмэлээ эмчийн заавраар, зөв хэрэглэж, асаргаа сувилгааг сайн хийвэл томуу, томуу төст өвчнийг хүндрүүлэхгүй байх боломжтой. Гэтэл эцэг, эхчүүд ажлаараа далимдуулан шөнө оройн цагаар нэг цэгт хэт их нягтрал бий болгож, тэр нь эргээд шинэ төрлийн вирусээр өвчлөх голомт болоод байна.Хүлээн авах асар их ачаалалтай байгаа.Тиймээс шинэ төрлийн вирусээс сэргийлж, хүүхдээ өвдсөн даруйд нь гэртээ асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй” гэв. Ер нь Баянзүрх дүүргийн эмнэлэг жилийн дөрвөн улирлын турш ачаалал ихтэй байдаг аж. Зуны улиралд өвлийг бодвол арай багасдаг ч тасгууд дүүрэн хүүхэдтэй байдаг нь өнөөгийн байгаль, цаг уур, орчны бохирдолдтой шууд холбоотойг тэрбээр тайлбарласан юм. Зуны цагт ханиад томуу багасдаг ч эсрэгээрээ суулгалт нэмэгддэг байна. Хүлээн авахын үүдэнд хүүхдүүдийн уйлах дуу хадаж, эцэг, эхчүүд удаан дугаарласандаа бухимдаж унтууцсан дүр зураг илт. Ингээд тус эмнэлгээс гараад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг шууд зорилоо. Эмнэлгийн даргаас зөвшөөрөл аваагүй тул сурвалжилга хийлгэх боломжгүй гэнэ. Гэхдээ жижүүр эмч товч мэдээлэл өгөв. Тус дүүрэг мөн л ачаалал ихтэй байв. Хүүхдүүдээ коридорт гаргахгүйн тулд 2-6 дугаар давхраа тэр чигээр нь хүүхдийн тасаг болгожээ. Гэсэн ч ачаалал ихтэй байгаа учраас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт дүүргийнхээ 1-6 дугаар хороонд харьяалалтай хүүхдүүдийг хэвтүүлэх зохицуулалт хийсэн байна. Коридорт хүүхэд хэвтүүлэхгүй байх чиглэл яамнаас өгсөн тул зайлшгүй хэвтүүлэх шаардлагатайг нь авахаас аргагүйд хүрч байгааг хэллээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн иргэн Б.Ганбат “Манай хүүхэд долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд гарсан. Гэтэл одоо буцаад ирж байна. Уг нь эмчилгээ их сайн хийсэн гэж бодсон. Уржигдраас бага зэрэг ханиалгахад нь эмнэлэгт уулгаж байсан эмийг үргэлжлүүлээд өгсөн. Гэтэл 40 хэм хүрч халуураад, бүр таталт өглөө. Ингээд ирээд үзүүлтэл дахиад хэвтэхээр боллоо. Яах ёстойгоо ойлгохгүй байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос шалтгаалж олон төрлийн вирус дэгдэж байгаа нь хүүхдэд амархан халдаж байна” гэв. Түүнчлэн энэ жилийн ачаалал өмнөх жилүүдээс хоёр дахин их болсныг эмч онцолж байлаа. Тус эмнэлгээс гараад нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг зорив. Тус дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг 165 ортой бөгөөд 113 мянган хүүхдэд үйлчилдэг юм байна. Дүүргийнхээ Эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторийн байрыг чөлөөлж 110 ор, мөн ажилчдын амрах байр, чийрэгжүүлэлтийн өрөөгөө чөлөөлж, 300 орчим ор бий болгожээ. Гэсэн хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо хоёрхон өдрийн дотор 300-г давсан тул дахин ор нэмж гаргажээ. Зөвхөн уржигдар л гэхэд 19:00 цагаас хойш 280 орчим хүүхэд тус дүүргийн амбулаториор үйлчлүүлсэн байгаа юм. Амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн ачаалал ажлын өдрийнхөөс даруй 3-4 дахин нэмэгддэг аж. Учир нь бямба, ням гарагт өрхийн эмнэлгүүд ажилладаггүй учраас 24 цагийн турш ачаалал нэмэгддэг байна. Энэ нь зөвхөн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт л тохиолдож буй хэрэг биш. Нийслэлийн бүхий л дүүргийн эмнэлгүүдийн ачаалал амралтын өдрөөр хэд дахин ихэсдэгийг тус эмнэлгийн ээлжийн ахлагч эмч онцоллоо. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн А.Чимидмаа “Нийслэлд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муу байгааг өвөл болохоор л мэдрэх юм. Бага насны хүүхдээ өвдөхөөр учраа олохоо больдог. Дүүргийн эмнэлэг дээр ирэхээр давчуу, агаар муутай орчинд хоёр цаг орчим дугаарлаж байж үзүүлдэг. Манай охин өндөр халуурч, суулгаад намждаггүй. Уг нь өрхийн эмчээс зөвлөгөө авч гэрээр эмчлэх гэж оролдсон ч улам хүндрүүлчих шиг боллоо. Одоо дөрвөн хүүхдийн дараа үзүүлэх гээд хүлээж байна” гэв. Харин Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн “Оношилгооны эмч” гэсэн өрөөнд ганцаараа хэвтэж буй иргэн М.Тунгалаг “Ор байхгүй хэцүү байх шиг байна. Ямар ч байсан ийм өрөөнд хэвтээд авлаа. Эмч нар хамаг чадлаараа л ажиллаж байх шиг байна. Гадуур ханиад томуу их байгаа учраас хүүхдээ аль болох гэртээ асарч сувилаарай гэж хэлмээр байна. Миний охин 40 хэм хүргэж халуу раад, яаралтай хэвтсэн” гэв. Сонгинохайрхан дүүргийн шинэ жишиг эмнэлгийг ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад оруулах ба хүүхэд, гэмтэл, эмэгтэйчүүд, уламжлалт эмчилгээ, дотор, мэдрэл, мэс засал зэрэг долоогоос дээш төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх аж. Шинэ жишиг эмнэлэг ашиглалтад орвол хүүхдийн эмнэлгийн хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх юм байна. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэг ачаалал ихтэй байна. Тус дүүрэгт улсын чанартай томоохон эмнэлэг байдаггүй. Тиймээс дүүргийн эмнэлэг бүх ачааллаа өөрсдөө зохицуулах хэрэг гарч байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг хичээвч ачаалал их тул аргагүйн эрхэнд коридортоо нэмэлт ор тавьж өвчтөнүүдээ хүлээн авах болжээ. Хүүхдийн эмч нар эцэг, эхчүүдэд ханиад, томууны улирал эхэлж буйтай холбогдуулан хүүхэддээ тавих анхаарал, халамжаа улам дээшлүүлэхийг хүсэж байв. Орчны агаарын бохирдлын улмаас олон төрлийн вирус үүсэж буй тул хүүхдээ хамгаалахад эцэг, эхийн асаргаа хамгийн чухал гэнэ. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүүхдийнхээ уруул, амны ойролцоо үнсэхгүй байх, гэрийнхээ агаарыг тогтмол сэлбэх, хувийн ариун цэврийг сайтар сахих зэрэг энгийн дэглэмүүдийг хэрэгжүүлж чадвал томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг анхааруулж байна. Эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдийг 1-2 хоногийн дараа шууд цэцэрлэгт явуулдаг байдлыг эмч нар буруутгаж, наад зах нь 14 хоног асарч, дархлааг нь дэмжих хэрэгтэйг зөвлөлөө. 
Эмнэлгийн хүртээмж муугаас болж хувийн эмнэлэгт хагас сая төгрөгөө алдмааргүй байна
Нийслэлд улсын чанартай хүүхдийн томоохон эмнэлэг нэлээд хэд хэрэгтэй байгааг эмч нар төдийгүй, эцэг, эхчүүд байнга учирлаж байна. Үнэхээр хүүхдийн эмнэлгийн ачаалал туйлдаа хүрч, зарим үед эмч, эцэг, эхчүүд аргаа бардаг. Харин төрийн өндөрлөгүүд, салбарын удирдлагууд ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай. Агаарын бохирдол сүүлийн 10 жилийн хугацаанд зургаа дахин нэмэгдсэн байхад хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муудахаас ч яах билээ. Учир нь Баянгол дүүрэгт ашиглалтад орсон хүүхэд, ахмадын эмнэлгийг эс тооцвол өөр “хүүхдийн” тодотголтой эмнэлэг огт барьсангүй. Агаарын бохирдлоо дийлэхээ больсон Улаанбаатарт хүүхдийн эмнэлгийг даруй бариулахын төлөө тэмцмээр ч юм шиг. Өнөөдөр нэг өрөөнд багадаа л 5-6 хүүхэд эмчлүүлж байна. Ийм байхад өрөөний агааржуулалтын талаар яриад ч хэрэггүй биз. 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс хүүхдийн эмнэлэг нэхье. Багадаа 1000 хүүхэд хүлээн авах чадалтай зөвхөн хүүхдийн эмнэлэг нийслэлд баривал том бүтээн байгуулалт болох нь зайлшгүй. Зургаан дүүргийн эмнэлгийн ачааллаас улсын чанартай томоохон эмнэлгүүд үүрэлцэж байгаа нь сайшаалтай ч бас л хангалттай бус байна. Эмч нарын хэлснээр ханиад, томууны улирал дөнгөж эхэлж байгаа. Гэтэл энэ сарын 20-ноос идэвхжил нь нэмэгдэж хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх өндөр идэвхжлийн үед ачаалал одоогийнхоос дахиад 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ийм үед яах вэ. Яамнаас коридорт хүүхэд гаргаж болохгүй гэсэн чиглэл өгөөд ч нэмэргүй болох нь ойлгомжтой. “Коридорт битгий ав гэсэн. Хүлээж авахгүй” гээд явуулах эрх эмч хүнд байхгүй. Тиймээс хүүхдийн эмнэлэг яаралтай барихыг төр, засгийн удирдлагуудаас хүсэмжлээд байгаа хэрэг. Одоогоос таван жилийн өмнө Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэг 100 ортой хүүхдийн эмнэлэг барина гэж байлаа. Тэгвэл Баянгол дүүрэгт ганц эмнэлэг ашиглалтад орсныг эс тооцвол зангууны үлгэр болоод мартагджээ. Дүүрэг бүрт 50 ортой хүүхдийн эмнэлэг барихын оронд улсын чанартай томоохон эмнэлгийн төсөл боловсруулж, нэгдсэн эмнэлэг барих ёстой бус уу. Тэртээ, тэргүй хүүхдийн ачаалал нэмэгдэнэ, дүүргийн эмнэлгүүд авдаг арга хэмжээгээ л авна. Хэдий болтол хурлын заал, эмчилгээний өрөө, сувилагчийн постыг чөлөөлж хүүхэд хэвтүүлэх вэ. Өнөөдөр нэг өрөөнд 10-12 хүүхэд хэвтэж буй жишгийг зөвхөн Монголоос харж болно. Эцэг, эхчүүд дургүй байлаа ч аргагүйн эрхэнд тух муутай, агааржуулалтгүй өрөөнд олуулаа хэвтэж байна. Хувийн гэх тодотголтой хүүхдийн эмнэлгүүд нь ашиг хонжоо хайж, хэт өндөр төлбөртэй байгаад иргэд бухимддаг. Долоо хоног эмчлүүлэхэд доод тал нь 500- 600 мянган төгрөг төлж байна. Тиймээс нийслэлчүүд хүүхдийн томоохон эмнэлэгтэй болох зайлшгүй шаардлага байгаагийн тод жишээг эмнэлгүүдийн ачааллаас харж болно.
Б. Мөнхзул
ЗГМ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан