Амь горилж, хандив цуглуулах нэгэн, амь дүйж эмнэлгийн дугаар хүлээх түмэн, шинжилгээний төлбөр, эм тарианы өртөгт байдгаа барж буй иргэд цөм эрүүл мэндийн тогтолцоо, энэ салбарын гажуудлын хохирогчид. Эрүүл мэндийн систем иргэдэд ээлтэй, хүмүүс төлсөн татвар, шимтгэлдээ тохирсон үйлчилгээг төрөөс төвөггүй авчихдаг байсан бол хэн ч хандив, харь орон хоёрт амь насаа даатгахгүй байсан нь лавтай.
Тогтолцооны эл гажуудлыг залруулж, эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх үүрэг бүхий хамгийн гол субъект нь УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд. Учир нь тэд хууль санаачилж, төсөв баталдаг бөгөөд бодлого зангидах учиртай. Гэвч асуудлыг гогцоодож, алдаа мадгийг нь залруулах үүрэгтэй албан тушаалтнууд нь өөрсдөө улсынхаа эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүдэд итгэдэггүй нь нууц биш. Өвдөхөөрөө харьд эмчлүүлж, үр хүүхэд нь ч гадаадад амаржиж, ач зээгээ өндөр хөгжилтэй оронд өлгийддөг явдал бүр ужиграв. Хаана эмчлүүлж, хэрхэн амаржиж, хаанаас иргэншил авах нь хувь хүний эрхийн асуудал байж болох ч төрийн түшээдийн хувьд тийм биш. Гурван сая хүний амь насыг хариуцаж буй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээ, чанар, хүртээмжийг чамбайруулах учиртай алба хаагчдад хувиа бодож, довоо шарлуулах эрх үгүй. Тэд эрүүл мэндийн салбарын “тогоо руу өнгийж”, иргэдэд тулгардаг бэрхшээлийг биеэр мэдрэхгүйгээр тогтолцооны гажуудлыг өөрчилж яавч дөнгөхгүй. Түүнчлэн өөрсдөө өнгө, мөнгөөр дулдуйдаж эрүүлжсэн хүмүүс хоногийн хоолноосоо хумсалж, эм тариагаа залгуулж буй түмний гачланг гадарлах ч үгүй. Бусдыг гадаад, дотоодод эмчлүүлсэн гэж шүүмжлэх нь учир дутагдалтай гэж бодож байвал уншигч та түр азнаарай. Эрх баригчид төрийн мөнгийг хуваарилж, түмний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй гэдгийг энд дахин тодотгоё.
Төрийн хүн түмний эрхийг хангах, хамгаалах учиртай
Бусад улс орон гаднын улсад эмчлүүлдэг, гадаадын эрүүл мэндийн даатгалд хамрагддаг төрийн түшээдтэй хэрхэн тэмцэж ирсэн жишээг нийтлэлийнхээ өмнө сийрүүлье.
Жишээ 1
Одоогоос зургаан жилийн өмнө ОХУ-д төрийн дээд албан тушаалтнуудыг гадаадад эмчлүүлэхийг хориглох тухай хуулийг Дум дахь коммунист намынхан санаачилж байв. Тэд дотоодод эмчлэх боломжгүй өвчнөөр өвдсөнөөс бусад тохиолдолд төрийн албан хаагч, тэдний эхнэр, нөхөр болон насанд хүрээгүй хүүхэд гадаадын улсад эмчилгээ хийлгэхийг хориглох тухай хуулийн заалтыг боловсруулж байсан юм. Хэрэв дотоодын бус гаднын эрүүл мэндийн салбарт итгэж, эмнэлгийн тусламж авсан тохиолдолд албан тушаалаасаа буух шаардлагатай тухай ч тусгасан байв. Энэ саналыг Ерөнхийлөгч В.Путин дэмжиж буйгаа илэрхийлж “Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад явж эмчлүүлэх нь гадаадад данстай байгаатай адил хэрэг. Хүнийг гадаадад эмчлүүлэхийг хорих нь ёс зүйгүй, хүний эрхэд халдсан байж болох ч бид Орос орондоо итгэх хэрэгтэй” гэж мэдэгдэж байлаа. Ийм хууль санаачилж, энэ асуудал өндрөө авсан нь тус улсын эрх мэдэл бүхий алба хаагчид бусад орны эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, их хэмжээний валют гадагш урсгаж эхэлсэнтэй холбоотой юм. Тухайн үед ОХУ-аас гадаадад очиж эмчлүүлдэг төрийн албан хаагчдын зардал тэрбум, тэрбум ам.доллараар тоологдож байжээ. Төрийнхөн, тэдгээрийн гэр бүлийнхний гадаадад эмчлүүлэхэд зарцуулсан зардлаар орчин үеийн техник, технологи бүхий цөөнгүй лаборатори, оношилгооний төв, эмнэлэг барьж байгуулж, хэдэн мянган эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулж болох төсөв тооцоог ч хийсэн байна. Энэ асуудлын улмаас Оросын Засгийн газар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг нь сайжруулах чиглэлд анхаарч эхэлсэн талаар гаднын хэвлэлүүдэд мэдээлжээ.
Жишээ 2
Африк тивийн удирдлагууд олон жилийн турш өөрсдийн орны эрүүл мэндийн салбарыг үл тоомсорлож ирэв. Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе Сингапур улсын эмнэлэгт нас барсан бол Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари 2017 онд тодорхойгүй өвчний улмаас Лондон хотод урт хугацааны эмчилгээ хийлгэж байжээ. Түүнчлэн тэрээр албан тушаалд очсоноосоо хойш Их Британид дөрвөн удаа эрүүл мэндийн аялал хийсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Ийн удирдах албан тушаалтнууд нь өвдсөн цагтаа харьд эмнүүлдэг байсан тул дотоодын эрүүл мэндийн салбар нь “сэхээний тасагт” орчихсон, түмэн олон нь элдэв өвчний улмаас үй олноороо амь эрстээд олон жилийн нүүр үзэж. Үүний балаг Ковид19 халдварын үед тод илэрчээ. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын таван сая хүн амын дунд ердөө гуравхан ширхэг амьсгалын аппарат байдаг тул цар тахлын үед цөөнгүй хүн амь амиа алдсан гэх статистик хэвлэлийн хуудаснаа үлджээ.
Хувиа бодож, довоо шарлуулсаар ирэв
Төрийн түшээд түмний эрх ашгийг уландаа гишгэж, амиа хоохойлсны балгаар ард иргэд нь өвчинд баригдаж, өрөнд дарагдаж буй дээрх жишээ алс биш хаяанд буй. Бүр тодруулбал, монголчууд бид сая дурдсанчлан, магадгүй үүнээс ч хүнд нөхцөлд бор хоног, шар өдрүүдийг элээж байна. Дотоодод эмчлэгдэх боломжгүй хүнд өвчнөөр өвдсөн бяцхан хүүхдүүд ард түмнээс амь горилж, аав, ээж нь хандив цуглуулахаар төв талбай тойрон гороолох зуур саарал ордны түшээд хамраа өндөрлүүлж, хацраа шөвийлгөхөөр гаднын улсыг зорьж буй тохиолдол ил, далд элбэг байна. Түүнчлэн өвчтөн зөөвөрлөхөд зориулагдсан тусгай тоног төхөөрөмж бүхий онгоцыг гаднын улсаас захиалж, эмнэлгийн багаа дагуулаад, харьд эмчлүүлсэн улстөрч ч одоогийн парламентад бий.
Монголчууд уужуу түмэн. Илаарьшиж, эрүүлжсэнд нь талархаж, хөөрхийлснөөс бидний хэд нь манай улсад ширхэг ч байхгүй, тусгай зориулалтын онгоц түрээслээд, эмнэлгийн багаа дагуулан, харьд эмнүүлэхийг бодоогүй нь лавтай. Нэг ч гэсэн монгол хүн өвчнөө давж, эрүүлжсэн нь сайн хэрэг. Гэхдээ өөртэй нь ижил нөхцөлд буй олон хүн гадаадын бүү хэл дотоодын ч эмнэлэг бараадаж чадахгүй амь тавьж буйг гадарлаж, эрүүл мэндийн салбарын асуудлыг анхаараасай гэж хүссэндээ эл нийтлэлдээ жишээллээ.
Ой гутам хийрхэл
Төрийнхөн гадаад явалгүй дотоодод эмчлүүлсэн гэх сэдэв сүүлийн бүлэгт улстөрчдийн оноо цуглуулж, олон нийтэд таалагдах нэг купон болж хувирлаа. “Тэр сайд, энэ улстөрч Монгол эмнэлгийг сонгож, эх орондоо эмчилгээ хийлгэнэ” гэх сүржин гарчигтай мэдээ, нийтлэл мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэд, хэд цацагдаж байжээ. Хөөрхий түмнээр хэтэрхий доог, тохуу хийж буйн тод илрэл энэ. Бүх насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн хэр нь эмнэлгийн дугаар хүлээх зуураа өвчнөө хүндрүүлж, амь тавьж буй хүн ганц нэгээр тогтохгүй бий. Гэтэл нийгмийн суурь салбарын “идээ бээрийг шахах” учиртай алба хаагчид нь дугаар дайрч, эрхээ дархлаад зогсохгүй “Би энд эмчлүүлж байна” гэж цээжээ дэлдэнэ гэдэг ой гутам хийрхэл.
Монгол хүний амь ийм л үнэтэй, тиймхэн үнэ цэнтэй
Зайлшгүй шаардлагаар гадаадад өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэж буй иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас дорвитой тусламж үзүүлдэг, дотоодын эмнэлгийн үйлчилгээ, хүртээмж, чанар хангалттай сайн байхад л олон хүний нуруун дээрх хүнд ачаа хөнгөрнө. Гэвч манайд аль, аль нь урвуу байна. Монголд эмчлэх боломжгүйн улмаас гаднын улсад эмчилгээ хийлгэж буй иргэдэд эмчилгээний зардлынх нь ердөө тавхан хувийг нь буцаан олгодог. Энэ мөнгийг олж авахын тулд багагүй ажил, шаггүй чирэгдэл болдог гачлантай бөгөөд эмчилгээ хийлгээд ирснийхээ дараа л хүртэх боломжтой юм. Монгол хүний амь ердөө ийм л үнэтэй, тиймхэн үнэ цэнтэй байна. Тогтолцоогоор нь өөрчлөх учиртай сайд, дарга нар нь түмний зовлонгоор улс төр хийж, боломж олдвол нэр хүндээ өсгөхөөс өөрийг боддоггүй гэхэд хилсдэхгүй. Одоогоос гурван жилийн өмнө салбар хариуцсан сайд нь элэгний архаг дутмагшил гэх оноштой, гадаадад эмчилгээ хийлгэж буй тамирчинд хувиасаа таван сая төгрөгийн хандив өгч байгаагаа цахим хуудсандаа нийтэлж, попорч байсан ч удаатай. Ингэхдээ “Эх хүний хувьд хувиасаа таван сая төгрөг хандивлаж байна. Та нар маань шүүмжлэх байх аа. Одоо үйлчилж байгаа хууль номоор гадаадад эмчлүүлээд ирснийхээ дараа л иргэн баримтаа үзүүлж тав хүртэлх сая төгрөг улсаас авдаг” гэх зэрэг “ганган” үг хачирлахаа ч мартаагүй юм.
Эрүүл мэндийн үйлчилгээний импорт
Дэлхийн ихэнх улс орон эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж, улсдаа валют даллах тал дээр хэр чинээгээрээ анхаарч, ажиллаж байна. Гэтэл бид эсрэгээр нь эрүүл мэндийн үйлчилгээг гадаад руу импортолж, багагүй хөрөнгө гадагш нь урсгасаар байгаа юм. Зөвхөн 2018 онд нийт 20969 иргэн гаднын улсад эмчилгээ, оношилгоо хийлгэж, нийт 66.9 сая ам.долларыг зарцуулсан гэх статистикийг “Гадаад улсад эмчлүүлсэн Монгол иргэдийн зардлын судалгаа 2020”-оос харж болохоор байна. Харин 2019 онд 21636 иргэн 68.6 сая ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээг гадаадаас авахдаа зарцуулжээ. Энд дурдсан зардал бол зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой гарсан зардлууд. Хамт явсан хүний зарцуулсан мөнгө, унаа, буудал, хоол хүнс зэрэгт багагүй өртөг ордог аж. Тодруулбал, 2018 онд нийт 111.6 сая ам.доллар, 2019 онд 115.3 сая ам.доллар зарцуулсан гэж дээрх судалгаанд дурдсан байв. Хэрэв дотоодын эрүүл мэндийн салбар чанар, хүртээмжтэй байсан бол энэ мөнгийг гадагш гаргахгүй, дотоодод эргэлдүүлэх бүрэн боломжтой юм. Улмаар орчин үеийн хэд хэдэн тоног төхөөрөмж худалдаж аваад зогсохгүй, баригдаж дуусахгүй дуншсаар байгаа эмнэлгүүдийг ашиглалтад оруулж өлхөн дөнгөнө.
Сайн дураараа харьд эмчлүүлэгсэд
Дээрх дурдсан тоо мэдээлэл нь дотоодод эмчлүүлэх боломжгүй, зайлшгүй харь улсад эмнүүлэх шаардлагатай иргэдийн статистик биш юм. Тэдгээрийн хэчнээн нь зайлшгүй шаардлагаар гаднын улсад эмчилгээ хийлгэсэн талаарх нэгдсэн судалгаа байхгүй ч Монголбанк, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтарч хийсэн 2020 оны судалгаагаар баримжаа авч болохоор байна. Тус судалгаанд 2018-2020 оны хооронд гадаад улсад эмчилгээ оношилгоо хийлгэсэн 421 иргэний мэдээллийг хамруулсан байна. Эдгээр иргэдийн 53 хувь нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй учраас харьд эмнүүлсэн бол үлдсэн 47 хувь нь өөрийн хүсэлтээр эмчилгээ хийлгэсэн гэж хариулжээ.
Эндээс нэг асуудлыг гогцоодож болохоор байна. Нэг хүнд ногдох дундаж зардал нь 3.2 мянган ам.доллар байхад жирийн иргэн сайн дураараа гаднын улсад эмчилгээ хийлгэнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Тиймээс энэ мөнгөний багагүй хувь нь төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхний халааснаас гарсан байж ч болзошгүй юм. Уг нь улстөрчдийн болон ойр тойрны хүмүүсийнх нь харьд эмчлүүлсэн, гоо сайхны хагалгаа хийлгэсэн хөрөнгө мөнгийг тооцоолж, судалгаа, мэдээлэл гаргах нь багагүй ач холбогдолтой. Гэвч манайд одоогоор энэ талаарх дэлгэрэнгүй судалгаа, мэдээлэл алга.
Төрийн хүн түмний эрх ашиг, эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй. Үүрэг төдийгүй эрх нь ч тэдэнд бий. Гагцхүү чин сэтгэл, үнэн зүтгэл л дутаж байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл