Эрүүл мэндийн даатгалд хамрагдмааргүй байна

Монголын фэйсбүүк сүлжээнд #Pray4Dulguun хөдөлгөөн эхлээд даруй 3 хонож буй. Өнөөдрийн байдлаар Pray4 гэсэн хаштагт 4 хүүхдийн нэр бичигдэж байна. Элэгний өвчлөл монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг тэргүүлж, элэгний өвчин “залуужиж” байгааг сануулсан Pray4Dulguun хөдөлгөөн Монгол улсын эрүүл мэндийн салбарыг, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг, эрүүл мэндийн даатгалын санг, эрүүл мэндийн сайдын ажлаа хэрхэн хийж буйг, поп-рол гэж юу болохыг таниулав.
Эх хүнийхээ хувиар хувиасаа мөнгө хандивлаж, эгч хүнийхээ хувиар өвчтэй залуугийн төлөө залбирч буйгаа мэдэгдсэн Эрүүл мэндийн сайдын пост олон хүний талархлыг хүлээсэн шигээ шүүмжлэлд ч өртөөд байна. Салбарын сайдаа бид өвдсөн иргэдийнхээ төлөө эгчийн сэтгэлээр залбирдаг биш өвчлөлийн шалтгааныг бууруулахад, иргэд нь өвдсөн нэгэндээ хандив цуглуулах гэж сошиал сүлжээг хаштагаар бөмбөгдөх биш эрүүл мэндийн даатгалд албан журмаар хураалгаж буй мөнгө нь эв санааны нэгдлийнхээ утгыг гаргаж хэрэгтэй хүнд нь очдог болтол ажиллаасай гэж л хүсдэг. Сайд нь залбирахаас өөрийг хийж мэдэхгүй, чадахгүй салбартаа manageхийх чадваргүй юм бол ЭМД-ийн санд бид сар бүр, хувьчлан байж мөнгө хураалгах хэрэг байна уу? Сайд залбирах бус элэгний өвчлөлийн талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буйгаа ахин хянаж, залуучууд руу чиглэсэн сурталчлан таниулах ажиллагаагаа эрчимжүүлж, элэгний өвчлөлөөр бид ирээдүй болсон залуусаа алдахгүйн тулд ингэж, тэгж ажиллана гэсэн урт хугацааны төлөвлөгөө боловсруулахдаа анхаарч болдоггүй юмуу?
 2017 оны арванхоёр сарын 19-нд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн сайд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд мэдээлэл хийсэн байдаг. Сайдын мэдээлэлд  “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн цагаас эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын нийт хүн амын 73.4-98.6 хувийг хамруулж, сангийн орлогын төлөвлөгөөг жил бүр биелүүлэн, сангийн орлогыг жилээс жилд нэмэгдүүлсээр ирсэн тухай дурджээ. Тухайлбал 1995 онд 7.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж байсан бол 2016 онд 302.6 тэрбум төгрөгт хүрч  сангийн орлого 40.4 дахин нэмэгдсэн байна.
“Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жил бүр зарлагаасаа давсны улмаас санд 2017 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 473.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй, үүнээс 442.2 тэрбум төгрөг нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд, 31.2 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд хэлбэрээр байршиж байгаа”  гэсэн албаны тоо баримт ч сайд дурдаж. Хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж буй эмчилгээ, үйлчилгээнд зарцуулагдах ёстой мөнгө хэрэгтэй хүнд нь очиж чадахгүй банкинд байршиж байгаа цагт, Монгол улсын ирээдүй болсон нялх балчираас эхлээд идэр залуус эмчлүүлэхдээ хандив тусламжын аян өрнүүлдэг байдал үргэлжилсээр байх юм бол эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамруулах шаардлага байна уу?
Эрүүл мэндийн даатгалаа сайн дурын болгоё л доо. Эмнэлгүүд даатгалаар үйлчилдэг, мөнгө санхүү хүрэлцэхгүй байна гээд зовлон тоочдог байхын оронд үзлэг, эмчилгээ бүртээ тогтсон ханшаар нь үйлчилдэг хувийн эмнэлгийн зарчмаар ажилладаг бол иргэдэд үүсэх түвэг чирэгдэл багасна, эмч нарт тулгардаг багаж хэрэгслээс эхлээд эм тарианы хүртээмжийн асуудал ч цэгцрэх бишүү. Нөгөө талд эмнэлэгт очих бүрдээ мөнгө урсаж байдаг болчихвол иргэд ч өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, улсад даатгал төлж байгаа юм гээд өөрийн биеийг эмч, эмнэлэгт даатгаад бухимдаж суудаг зан ч засарч магад.
Eagle.mn


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан