“Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэдэг үгийг би эрүүл мэндийн салбарын дээд зэргийн чанар, үйлчилгээтэй холбон ойлгож явдаг хүн. Тэгэхээр эрүүл мэндийн үйлчилгээний чанар тааруу байх нь хүн ам эрүүл саруул байхад төдийгүй эмч, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын ёс зүй, мэргэжлийн нэр төрд нь халгаатай асуудал болж таардаг. Би өөртөө болон миний ойр дотнын найз нөхдөд тохиолдсон жишээн дээр тулгуурлан манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ гаднаа гял цял, дотроо паланцаг болжээ гэж бодох болсон.
Яагаад ч юм энэ сэдвээр бичих болгонд салбарынхан нь асар их эсэргүүцэл, эгдүүцлээ илэрхийлдэг юм. Энэ бичвэрийн минь дараа ч ялгаагүй хувь, хувьсгалын чиглэлээр янз бүрээр гоочилж эхлэх нь баталгаатай биз ээ! Давтан хэлэхэд манай эмнэлгүүдийн маш чанаргүй үйлчилгээний тухай өгүүлж байгаа юм. Яагаад монгол хүн энэ хорвоо ертөнцийн хамгийн эко орчинд амьдардаг атлаа хамгийн их өвчин эмгэгээр зовж, шаналсан улс, үндэстэн болчихов доо. Элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоороо дэлхийд хоёрт, ходоодны хорт хавдарт нэрвэгдэгсдээрээ бүр нэгд цоллогдсоор яваа биш үү, бид!
Яагаад монголчууд үнэ өртөг хайрлахгүйгээр гаднын эмнэлгийн үйлчилгээг сонгодог болов оо. Энэ хандлага, урсгал яагаад татрахгүй байна вэ. Хариулт бол маш тодорхой. Монголчуудад ердөө Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ туйлын гологдож байгаа учраас л тэр. Үнэхээр бид эрүүл мэндийнхээ төлөө чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ салбарыг өөд татах нэг ч алхам хийдэггүй атлаа төсөвлөсөн хөрөнгө, мөнгө бага учраас хэмээн үйлчилгээ тааруу болсон шалтгаанаа тайлбарладаг сайд, дарга нарын үгэнд үнэн огт байдаггүй юм. Энэ бол салбараа мэддэггүй, эрүүл мэндийн үйлчилгээ гэж юу болох талаар огт ойлголтгүй явдаг хүний амнаас гардаг “жижүүр” үг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хамгийн чухал эрүүл мэндийн салбарыг иймэрхүү “жижүүр” үгнээс хальдаггүй нөхдүүд тэргүүлэх болсонд эмч, эмнэлгийн ажилтнууд ч дургүйцдэг болжээ. Монгол эмч нарын ур чадвар дэлхийд гологдохгүй гэдгийг мэднэ. Гагцхүү салбар нь сүүлийн 20 гаруй жилийн турш бодлогогүй болж, дэндүү дампуу явж ирлээ. Эрүүл мэндийн үйлчилгээнд чанар эрхэмлэхээсээ илүү мөнгийг чухалчилдаг болсон явдал монголчуудыг ёстой л “алах” болоод удлаа.
Өнөөдөр аль ч дүүргийн эмнэлгүүдээр очоод харж болох жишээ татъя. Хэвтэж эмчлүүлж байгаа өвчтнүүдэд ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг болохыг бараг бүх хүн мэддэг болсон доо. Гарын таван хуруунд багтах цөөн нэр төрлийн эмчилгээтэй болохоор тэр. Тухайн хүний биеийн байдал ямар байгаа эсэхээс үл хамаарч ерөнхий ижил эмчилгээ л хийнэ. Энэ бол эмнэлгүүдэд нийтлэг болсон үзэгдэл. Хэрэв зээ, гүтгэж байна хэмээн үзэх нэгэн байх аваас надтай заргалдаж болно. Ямар ч өвчтөнд хийж болдог хэдхэн нэр төрлийн эм тариа буй. Түүнээс нь хальж, илүү эмчилгээ, эм тариаг хүсвэл өөрөө олж ир гэсэн хариуг түгээмэл сонсох болно. Тэгээд тэрхүү эм, тариагаар үйлчилдэг газрыг уриалгахнаар зааж өгнө. Тэр газар нь тухайн эмчтэй ихэнхдээ ямар нэгэн холбоо хамааралтай байж таараад байдаг юм. Эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ бизнес болсны нэг жишээ энэ юм л даа. Тухайн өвчтөнд хийх ёстой эм, тариа улсын эмнэлгүүдэд байдаггүй, ховор хэрнээ хувийн эмнэлэг, эмийн сангуудаар дүүрэн байдаг нь сонин санагддаггүй гэж үү.
Эмнэлэг мөнгөгүй байж болох ч, эмнэлгийн ажилтнууд сэтгэлгүй байж болохгүй
Хэдхэн сарын өмнө болсон явдал санаанаас гарахгүй байсаар үүнийг бичихэд хүргэлээ. Надтай хамт эмнэлэгт хэвтэж байсан нэг настай ах миний нүдэн дээр бараг үхэх шахсан нь сэтгэлийг минь асар эмзэглүүлсэн билээ. Тэр хүний бие гэнэт л эвгүйцээд, үг яриа нь сонин болоод эхэлсэн. Өөрөө үүнийгээ сайн мэдэж байсан юм.
Тэгээд эмч, сувилагч нарт хандан миний даралт ихсээд байна, эм өгөөч гэж гуйгаад удаан тэссэн юм даг. Харин эмч, сувилагч нарт нэг ширхэг ч эм байгаагүй юм. Айл, гэр болгонд шахуу байж байдаг ердөө л нэг даралтын эм шүү дээ. Улмаар ар гэр рүүгээ утсаар ярьж байж эмээ авчруулж уунгуутаа тайвшраад унтаад өгч билээ. Тэр хүнд илэрсэн өөрчлөлт намайг үнэхээр айлгасан. Хүн тэгж шаналж байхад эмч, ажилтнуудын хэнэггүй, хайхрамжгүй байгаа байдал, хандлага түүнээс ч илүү айлгасан юм. Дургүй ч их хүрсэн. Энэ чинь эмнэлэгт болж байгаа явдал шүү дээ. Тэгээд тэсэлгүйгээр яагаад ийм арчаагүй байдгийг нь асуухад шуудхан “Эм байхгүй ээ. Энэ жилийн төсөв дууссан” гэж ямар ч цочроогүйгээр хариулсан юм даг. Тэдэнд сэтгэл үнэхээр алга байлаа. Даанч дээ гэмээр.
Хэрвээ уншигч та эмнэлэгт хэвтэж байсан бол ийм дүр зураг харсан эсэхээ санаарай. Саяхан нэг найз маань дүүргийнхээ эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлээд гарлаа. Эмнэлгийн үйлчилгээний талаар бас л үгээ барж байна билээ. Ялангуяа, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдтэй яг л мөрдөн байцаагч хэрэгтэнтэй харилцаж байгаа юм шиг хандаж байна хэмээн гомдоллож байв. Би ч гэсэн эмч, сувилагч нарын ийм хар яр хийсэн харилцааг зөндөө харсан. Өнөө цагт наад захын шаардлагатай эм, тариагаар хангагдаагүй эмнэлэгт хэвтсэн өвчтөн эдгэрэх эсэх эргэлзээтэй. Эмнэлэг мөнгөгүй байж болох ч, эмч эмнэлгийн ажилтнууд сэтгэлгүй, хүйтэн, харгис байж болохгүй. Чин сэтгэлийн, халуун дотно харилцаа ямар ч эм, тарианаас илүү тухайн өвчтөнг эдгээдэг гэдгийг эмч, эмнэлгийн ажилтнууд мартсан баймааргүй.
Хүн амын дунд зонхилж буй өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх эм бэлдмэлгүй бол аль ч улсын эрүүл мэндийн албаны төгс үйл ажиллагааг төсөөлөхөд бэрх. Гэтэл манай улсын олон эмнэлэгт эм, тарилга, бэлдмэл хангалтгүй байна. Дээр нь эмнэлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарын асуудлыг хөндөх аваас бага байна гэж байнга гомдоллоод байдаг хөрөнгө, мөнгө бол гол шалтгаан биш юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ эрүүл мэндийн үйлчилгээний чанарын баталгаажилтын амин сүнс нь хүний эрүүл мэндийг л хамгаалах асуудал байх ёстой. Тиймээс өнөөдрийн байгаа хөрөнгө нөөцийнхөө хүрээнд хамгийн дээд үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх учиртай.
Төсөв байхгүй гэж ярьж суух нь эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ёс зүй, өргөсөн тангарагт нь харш явдал. Эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргагсдын хувьд харин ч хөрөнгө, нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд өндөр түвшний чанартай үйлчилгээг хэрхэн үзүүлж чадах вэ гэдэгт хамгаас түрүүнд санаа зовж шийдлийг нь олдог баймаар байлтай. Чухам үнэндээ эрүүл мэндийн үйлчилгээний доголдсноос болж монгол хүний эрүүл мэнд хохирохоос гадна улс орны эдийн засгийн нөхцөл байдалд ч муугаар нөлөөлж байна. Хамгийн харамсалтай нь Монгол Улсын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох учиртай салбарын яам нь хүн ардад үзүүлж байх эрүүл мэндийн чанартай үйлчилгээний оронд ажил мэргэжил, албан тушаал, ашиг сонирхлын шинжтэй бизнест илүү ач холбогдол өгч, тэргүүн зэрэгт эрэмбэлдэг болоо юу даа гэсэн хар надад төрөх болсон. Хэдийгээр зарим сайн хандлага гарч байгааг үгүйсгэхгүй ч эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн хоцрогдсон, хүнд сурталтай хэвээрээ. Салбарынхаа үйл ажиллагааг зөвхөн магтуулахын төлөө хайр найргүй зарцуулдаг хөрөнгө, мөнгийг чухам л эмнэх, эмчлэх үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад зориулдаг болоосой гэж харуусмаар санагддаг.
Уг нь яг энэ асуудлаар 2017 оны арваннэгдүгээр сарын 13-нд Эрүүл мэндийн сайдын гаргасан А-477 тоот тушаал байдаг юм билээ л дээ. Эмнэлзүйн заавар, хөтөч боловсруулах журмыг шинэчлэн батлах тухай тэрхүү тушаалдаа өнөө үүссэн энэхүү эрүүл мэндийн сэтгэлгүй үйлчилгээг өөрчлөх шаардлагатайг онцлоод эмнэлзүйн зааврын талаар жагсаалт гаргаж, эмнэлгийн үйлчилгээнд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт илүү тодорхой тусгахыг холбогдох албан тушаалтнууддаа үүрэг болгосон юм билээ. Гэвч эмнэлгүүдийн үйлчилгээ дордож, эмчилгээнд шаардлагатай эм тариагаар дутагдсан хэвээрээ. “Үхвэл үх, эм байхгүй” гэсэн үйлчилгээг ард иргэд авсан хэвээр. Хэрэгждэггүй юм бол тушаал гаргаад яахсан. Энэ бол салбарт бодлого гэх зүйл огт байхгүй болсны шинж юм.
Ш.Даваадорж
Засгийн газрын мэдээ