Өнгөрсөн долоон өдрийн хугацаанд дэлхий даяар коронавирусийн халдварын 5,5 сая тохиолдол, 90 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл болон нас баралт 4 хувиар буурсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн байна.
Хэдийгээр харьцуулсан үзүүлэлтээр ийнхүү буурч байгаа хандлага ажиглагдсан ч дэлхий даяар өвчлөл, нас баралт өндөр төвшинд хэвээр байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолсон байна. Тавдугаар сарын 12-ны өглөөний байдлаар дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 160 саяд дөхсөн бол халдварын хүндрэлийн улмаас 3,2 сая гаруй хүн нас баржээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Зүүн Өмнөд Азийн бүс нутагт өвчлөл зургаан хувиар өссөн байна. Энэ бүс нутагт ДЭМБ Энэтхэг улсыг хамааруулжээ. Харин Европт халдварын шинэ тохиолдлын тоо 23 хувь, Газрын дундад тэнгист 13 хувь, Африкт таван хувь, Хойд болон Өмнөд Америкт дөрвөн хувиар тус тус буурчээ. Нас баралтын тухайд Баруун Номхон далайн бүс нутагт 34 хувь, Зүүн Өмнөд Азид 15 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Анх Британид илэрсэн вирусийн штамм дэлхийн 149 оронд бүртгэгдсэн бол ӨАБНУ-д илэрч байсан штамм 102 оронд илэрчээ. Харин Бразил болон Японд анхлан бүртгэгдсэн вирусийн хувилбар өдгөө 60 оронд тархаж байгаа гэнэ. Өнөөгийн нөхцөлд Энэтхэг штамм "хамгийн их санаа зовоож буй хувилбар" хэмээн ДЭМБ мэдэгджээ.
Г.Бямбасүрэн