Дэлхий даяар “COVID-19”-ийн өвчлөл дээд цэгтээ хүрчээ



Дэлхийн даяар коронавирусний халдварын тархалт цар тахал дэгдсэнээс хойш дээд цэгтээ хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
Өнгөрсөн пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр дэлхий даяар анх удаа нэг өдөрт 900 мянга гаруй халдварын тохиолдол илэрсэн бөгөөд ДЭМБ-ын шинжээчдийн тооцоолсноор, үүнээс хойш өдөрт бүртгэгдсэн өвчлөлийн тоо 830 мянгаас буугаагүй байна.

Энэтхэг "коронавирусний шуургад" өртөж байна
Энэтхэгт тав дахь өдрөө дараалан халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдлээ. Даваа гарагт тус улсын эрх баригчид 352 991 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн бөгөөд энэ нь нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. Энэтхэгт нийт 17.31 сая гаруй хүн халдвар авч, 195 100 гаруй нь нас барсан байна.  


Энэтхэгийн эрх баригчид тахлын нөхцөл байдлыг шуургатай зүйрлэж байгаа бол эмч нар нь ор, эм, хүчилтөрөгчийн хомсдолд орсон гэж мэдэгдэж байна. ОХУ, БНХАУ зэрэг хэд хэдэн улс Энэтхэгт тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

Түүнчлэн Турк улс халдварын голомт болсон хэвээр байна. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо 4.62 саяд хүрч, халдварын тохиолдлын тоогоор зургадугаарт бичигдэж эхэлжээ. Гэхдээ өнгөрсөн хоногт 40 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь халдвар авсан хүний тоо өдөр бүр 60 мянгаар нэмэгдэж байсан өмнөх өдрүүдийнхээс хамаагүй бага үзүүлэлт юм.

Иракт өвчлөл тус улсын хувьд дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд өдөрт 8 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улс 1 сая гаруй хүн халдвар авсан 25 дахь улс болсон бол 1 006 428 тохиолдол бүртгэгдсэн Филиппин даваа гарагт 26 дахь улс болжээ.

Америк тивийн улс орнуудын байдал
Америк тивийн улс орнуудаас Бразилд нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тус улсад өдөрт 70 мянга гаруй шинэ тохиолдол илэрч байгаа бөгөөд халдварын нийт тохиолдол 14.34 саяд хүрч, 390 800 хүн нас баржээ.


АНУ-д сүүлийн өдрүүдэд өдөрт 60 мянга орчим халдвар бүртгэгдэж байгаа боловч энэ нь нэгдүгээр сарын оргил үеийнхээс тав дахин бага үзүүлэлт юм. Тус улсад нийт 32.07 сая хүн халдвар авсан байна.

Аргентин (өдөрт 27-29 мянган тохиолдол), Колумб (20 мянга орчим), Перу (10 мянга гаруй), Чили (7 мянга гаруй) улсуудад өвчлөл өндөр хэвээр байна.

Европын орнуудын байдал
Европын ихэнх орнуудад Америкаас ялгаатай нь өвчлөл буурч байгаа боловч Франц (өдөрт 32 мянга орчим тохиолдол), Германд (оны эхнээс хойш хамгийн их буюу 25 мянга) өндөр хэвээр байна.
Италид өдөрт 13-14 мянган тохиолдол илэрч байгаа бөгөөд энэ нь гуравдугаар сарын дунд үеийнхээс хоёр дахин бага үзүүлэлт юм. Түүнчлэн Польш улсад халдварын тохиолдол сарын өмнөхөөс гурав дахин буурч, өдөрт 10 мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байна.
Халдварын тархалтын байдал сайжирч байгаатай холбогдуулан Европын зарим улс хязгаарлалтын арга хэмжээгээ аажмаар сулруулж эхэлжээ. Гуравдугаар сартай харьцуулахад өвчлөл тав дахин буурсан Чех улсад ахлах ангийн сурагчид, төгсөх ангийн оюутнууд даваа гаргаас танхимаар хичээллэж эхэлсэн бол Словакт кафенууд нээгдэж байгаа боловч коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүст үйлчлэх аж. Үүний зэрэгцээ хүн амын тоотой харьцуулбал Чех улс цар тахалд хамгийн их өртсөн орнуудын нэг хэвээр байна. Тус улсад 100 мянган хүн тутамд тохиолдох халдвар 15 100 байгаа бол нас баралт 270 байгаа юм. Харин ОХУ-д эдгээр үзүүлэлт 3200 ба 74 байна.

Кипрт эсрэгээрээ өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан гурав дахь удаагийн бөгөөд хамгийн хатуу хөл хориог даваа гарагт тогтоож, хүнсний бус дэлгүүр, кафе, ресторан, театр, кино театр, үсчин, гоо сайхны газрууд, спорт заал, хөгжим, бүжгийн сургуулиудыг хаасан байна. Түүнчлэн хөл хорих цагийг хоёр цагаар сунгаж, 21:00-05:00 цаг болгожээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан