Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна


Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээний талаар цаг үеийн асуудлаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Монгол Улс нийт иргэдээсээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ авах ажлыг энэ сарын 1-нээс эхлэн зохион байгуулж байна. Энэ ажлын явцын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдээ эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотой тоон мэдээллийг бид долоо хоног бүрийн пүрэв гарагт нэгтгэж байгаа. 2022 оны тавдугаар сарын 1-6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 13754 иргэн хамрагдсан байна. Үүний 54.8 хувь буюу 7540 нь эрэгтэйчүүд, 45.2 хувь нь буюу 6214 нь эмэгтэйчүүд байна. Иргэдээ зургаан насны бүлэгт хувааж, нас насанд нь тохирсон үзлэг шинжилгээнд хамруулж байгаа. Өмнөх жилүүдийн эрт илрүүлгээс юугаараа ялгаатай юм бэ гэхээр хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийж байгаагаарай онцлогтой. Мөн 18-аас дээш насанд үзлэг, шинжилгээ оношилгооны төрөл нэмэгдсэн байгаа.
n/a
n/a 
-Иргэдийн идэвхийг насны бүлгээр нь авч үзвэл аль насныхны идэвх сул байна вэ?
-Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болсон. Тэр ч утгаараа өмнө жилүүдээс идэвх сайн байна. Яг одоогоор тэр насныхан идэвх сул байна гэж хэлэхэд хэцүү. Үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоон статистикаас харахад бага насныхны идэвх их байна. Энэ нь үзлэгт хамрагдахад зарцуулах хугацаатай холбоотой. 0-17 насныхан нэг өдөрт бүх үзлэгтээ хамрагдаж байхад 18-30 насныхан 2-3 өдөр зарцуулах жишээтэй. Насны бүлэг ахих тусам үзлэг шинжилгээ нэмэгдэж, зарцуулах хоног нь олон болж байгаа учраас хамрагдсан хүний тоо бага байгаа гэж ойлгож болно.
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар, Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 28.4 хувь буюу 3901 нь 0-5 насны хүүхдүүд. 42.1 хувь буюу 5787 нь 6-17 насныхан, 14.8 хувь буюу 2031 нь 18-30 насныхан, 5.9 хувь буюу 811 нь 31-45 насны, 5.1 хувь буюу 705 нь 46-60 насныхан, 3.8 хувь буюу 518 нь 61-ээс дээш насны иргэд байна. Нийт үзлэгийн дийлэнх буюу 42 хувь нь 6-17 насны хүүхдүүд байгаа ба Улаанбаатар хотод 64.6 хувь, Дархан-Уул аймаг 10.7 хувь, Дорноговь аймаг 9.6 хувь байна.
n/a
-Хүүхдийн эрт илрүүлэгтэй холбоотой шүүмжлэл их байна. Тухайлбал, "Нэг хүүхдээс 150 мянган төгрөгийн үнэ бүхий шинжилгээ авч байж, өндөр жинг нь үзэхээс хэтрэхгүй байна" хэмээн бухимдах хүн олон байгаа. Үүн дээр тайлбар өгч болох уу?
-Хүүхдийн эрт илрүүлгийг 0-5 нас, 6-17 нас гэсэн хоёр багц болгон хувааж үзлэг шинжилгээнд хамруулж байгаа. 0-5 насны хүүхдийн багцад биеийн бүрдмэл үзлэг буюу эмчийн үзлэгүүд, хараа, сонсголын эрхтний үзлэг, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлох шинжилгээнүүд орно. 16-17 насныханд биеийн бүрдмэл үзлэг дээр нэмэгдээд хараа, сонсгол, амны хөндийин үзлэг, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг хийж байна. Нэмэгдээд сүрьеэгийн асуумж, тандалт явж байгаа. Иргэд нэг зүйлийг буруу ойлгоод байна. Эрт илрүүлгийн багц бүгд 150 мянган төгрөгийн өртөгтэй гэж. Тиймээс хүүхдийн үзлэг 150 мянган төгрөгийн төсөвтэй байж өндөр, жин л хэмжиж байна гэсэн асуудал ярьж байгаа. Энэ бол буруу. Үүнд тайлбар өгөх нь зүйтэй байх. Нэгдүгээрт, 0-17 насны хүүхдийн үзлэг шинжилгээ, эрт илрүүлгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу өрх, сумын эрүүл мэндийн төвүүд ямар ч нэмэлт санхүүжилтгүйгээр өөрсдийн төсвөөрөө хийж байгаа. Нэр төрлийн тухайд гэвэл, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарийн санал дүгнэлтэд тулгуурлаж, тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон илрүүлгийг явуулж байна. Товчхондоо бол, хүүхэд насанд хүрэгчдийг бодвол харьцангүй эрүүл бүлэг учраас хүүхэд болгоныг хатгаж, цусны шинжилгээ аваад, томограф, рентген харах зэргээр цахилгаан соронзон орны үйлчлэлд оруулах шаардлага байхгүй. Харин үзлэг шинжилгээгээр өөрчлөлт ажиглагдвал нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулна.
0-5 насны хүүхдүүдийн тухайд, хараа, амны хөндий, сонсголын асуудал болон манайхны шүүмжлээд байгаа өндөр, жинг хэмжих нь хамгийн чухал. Учир нь дээрх үзлэгээр хүүхдийн өсөлт бойжилт, жингийн илүүдлийг тодорхойлдог. Бага насны хүүхэд жингийн илүүдэлтэй байна гэдэг нь цаашлаад насанд хүрэхдээ зүрх судасны болон бусад өвчин бий болгох эрсдэлтэй. Мөн амны хөндийн үзлэг маш чухал. Учир нь шүдний өвчлөл Монгол Улсын хэмжээнд маш өндөр байгаа. Үүнийг илрүүлснээрээ эмчилгээнд эрт оруулах, эмчилгээнд эрт орсноороо амны хөндий эрүүлжиж, суурь өвчлөлийг бий болгохгүй байх давуу талтай.
-Насанд хүрэгчдийн үзлэг шинжилгээний тухайд багцууд нь харилцан адилгүй байсан. Хүн амын дийлэнх хувийг эзэлдэг 18-30 насны залуучуудын үзлэг шинжилгээ бусдаасаа цөөхөн байгаа харагдсан?
-Насанд хүрэгчдийн тухайд гэвэл дөрвөн насны ангилалаар үзлэг, шинжилгээнд хамруулж байна. Ингэхдээ нас насанд нь тохирсон багцуудыг гаргаж байгаа. 18-30 насны иргэд 60 мянган төгрөгийн багцаар халдварт болон халдварт бус өвчний илрүүлгэд хамрагдаж байгаа бол 31-45 насныханд дээрх өвчлөл дээр нэмээд хавдрын илрүүлгүүд орж ирж байгаа учраас багц нь 150 мянган төгрөгийн өртөгтэй болж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, тухайн насанд зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдэд үндэслэж эдгээр багцийг бий болгосон.
Манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн дийлэнх нь халдварын бус гаралтай өвчлөл буюу зүрх судас, хавдар, хоол боловсруулах замын эмгэгүүд байдаг. Эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор хийгдэж байгаа учраас иргэдийн дундаж наслалтыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой.
-Иргэдэд шинжилгээнд хамрагдах хугацаатай холбоотой мэдээллийг ямар байдлаар хүргүүлж байгаа вэ?
-Иргэд хорооноос зохион байгуулсны дагуу хуваарилсан эмнэлэгт очиж шинжилгээнд хамрагдана. Үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдтэй утсаар холбогдож, мэдээллэл хүргүүлэн урилга илгээж байгаа. Урилга ирсний дараа, товлосон өдрөө очиж шинжилгээнд хамрагдах ёстой. Бүтэн жил үргэлжлэх учраас яарах шаардлагагүй. Зарим иргэд урилга ирээгүй байхад өөрийн хүслээрээ очиж, эрүүл мэндийн байгууллагуудын ажилд хүндрэл учруулах тохиолдол гарч байгаа. Тиймээс урилга ирэхээс өмнө очсон иргэдэд үйлчлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Иргэдийг хүлээгдэл чирэгдэлгүй хурдан хугацаанд хамруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Зарим иргэд үзлэг шинжилгээнд хамрагдахын тулд олон хоног зарцуулж байна хэмээн бухимдаж байгаа харагдсан?
-Эрүүл мэндийн яамнаас барьж байгаа гол бодлого бол иргэдийг олон эмнэлгээр дамжуулж явуулахгүй байхыг зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд, 13 аймаг, дөрвөн дүүрэг Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулсан. Цаашдаа үлдсэн аймаг дүүргүүдэд энэ төв байгуулагдана. Эрүүл мэндийг дэмжих төвүүд иргэдийг олон тийшээ явуулахгүйгээр бүх үзлэг шинжилгээр нэг дор авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Зарим иргэд өглөө ирээд бүх үзлэг шинжилгээндээ хамрагдаад үдээс хойш нь дуусчихна гэсэн ойлголттой ирж байгаа. Гэтэл тийм боломж байхгүй. Хамгийн багадаа 1-2 хоног зарцуулна гэж ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс өнөөдөр шинжилгээ өгчихөөд маргааш өгөх ёстой шинжилгээнүүдээ өгдөггүй. Алга болчихдог. Гэтэл нэг хүн 20 хоногийн дотор бүх шинжилгээнүүдээ өгөөд дүгнэлт гарчихсан байх ёстой гэсэн журам байдаг. Тийм учраас багцын шинжилгээндээ бүрэн хамрагдаж, зөвлөгөө дүгнэлтээ сонсоод албан ёсоор дуусгах шаардлагатай гэдгийг хүн бүр бүрнээ ухамсарлаж, хариуцлагатай байх хэрэгтэй байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан