Монгол Улсын иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоон төрлийн хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон юм. Тус хуулиар хүн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заажээ. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалж 40 ба түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа хамруулна. Мөн 40 ба түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа хамрагдах бол 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгиний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар заажээ. Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа аж. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт гэж болно. Харин 2020 он гараад, ийнхүү иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болоод байгаа юм.