Эрүүл мэндийн сайд С.Энхболд тав дахь тунгийн тухай өнөөдөр эрт илрүүлгийн оношилгоо, шинжилгээ, “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөх үеэрээ дурьдав. Тэрбээр “Вакцин хадгалах стандартад нийцсэн агуулахтай болсон. Тавдугаар сарын дундуур эмийн агуулах ашиглалтад орно. 2023 оны гуравдугаар сард хугацаа нь дуусах нэг сая тун Файзер, 2022 оны намар хугацаа нь дуусах 800 мянган тун Синофарм үйлдвэрийн вакцин байна. Цар тахлын нөхцөл байдал намар ямар байхыг хэн ч таашгүй. Тиймээс хариу арга хэмжээнд бэлдэж байна. Магадгүй тав дахь тун ч юм уу хүүхдийн нэмэлт тунг хийлгэх талаар зарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ байх. Хүүхдийн нэмэлт тун хийлгэх тухай тушаал удахгүй гарах байх. Иргэд өөрсдөө хүсвэл хийлгэж болно” гэв.
Н.Чинзориг