SOS: Хамрын филлер хийлгэсэн эмэгтэй хараагаа алдаж, тархинд нь уйланхай үүсжээ


Гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлэн, хамрандаа филлер буюу дүүргэлт үйлчилгээ хийлгэснээс болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон хэргийн талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хохирогч А-тай уулзаж, ярилцлаа. 
Тэрбээр өнгөрөгч 2021 оны долоодугаар сард нэр бүхий гоо сайхны эмнэлэгт хамар болон уруулын филлер үйлчилгээ авахаар очжээ. Түүний ярьснаар хамрын филлер үйлчилгээ авах үед нүд нь бүрэлзэж эхэлжээ. Энэ тухай эмчдээ хэлэхэд “Танд харшилж байна, удахгүй зүгээр болно” гэж хэлсэн ч эмэгтэйн баруун нүд юм харахгүй болсон тул өөр эмнэлгээс эмч дуудаж, филлер хайлуулах тариа хийгээд явуулсан байна. 
Маргаашаас нь хохирогч эмэгтэй Гэмтэл, согог судлалын төвөөс эхлээд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л эмнэлгүүдэд хандсан боловч өмнө нь ийм тохиолдол таарч байгаагүй тул эрсдэлтэй гэж үзэн, түүнийг хүлээн авах эмнэлэг олдоогүй байна.
Эмч нарын зүгээс "Аз таарвал хараа сэргэх боломжтой" гэдэг хариулт өгч байсан бөгөөд нэгэн эмчийн зөвлөснөөр маш хүчтэй дааврын эмчилгээ хийлгэхэд 14 хоногийн дараагаас харах чадвар нь сэргэж, орчин тойрныг бүдэг харах болжээ.
Гэвч энэ үед түүний хамарнаас эвгүй үнэртэй шүүс гарч эхэлснээр дахин эмнэлэгт хандах шаардлагатай болжээ. 
Удалгүй “Филлерийн хор хамрыг үхжүүлж байна” гэсэн онош тогтоогдож, дахин эмчилгээ хийлгэсэн ч эмийн гаж нөлөөнөөс үүдэн, жин нэмж эхэлжээ. Ингээд хохирогч эмэгтэй “MRI” шинжилгээнд ороход тархинд нь уйланхай үүссэн болох нь тогтоогдоод байгаа аж. 
Бусдын эрүүл мэнд, гоо сайхныг эрсдэлд оруулсан гэх эмнэлгийн зүгээс  ямар нэг хариуцлага хүлээгээгүй байгаа бөгөөд нэрээ өөрчлөн, үйл ажиллагаагаа явуулж, олон охид, эмэгтэйчүүдэд чанаргүй үйлчилгээгээ үзүүлсээр байгаа гэдгийг хохирогч бүсгүй ярьсан юм. 
Хохирсон иргэний зүгээс хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн ба дээрх эмнэлэг, эмч нарт маш их гомдолтой байгаагаа илэрхийлж байв. 
Тиймээс хэрвээ та гоо сайхны филлер болон бусад төрлийн үйлчилгээ авах гэж байгаа бол эрүүл мэнд, гоо сайхан, амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд тухайн эмнэлэг магадлан итгэмжлэгдсэн эсэх, эмч болон хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн, багаж зэргийг нягталж байх шаардлагатай гэдгийг үүгээр сэрэмжлүүлж байна. 

https://news.zindaa.mn/45qt?fbclid=IwAR2GgJug3qfOYyXnzS-f2AP2BS5t2uO4w_qGICL0oxQ8XVa2DWdArpp2P1s
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан