Зочид буудлын өрөө болон айлын гэрт гоо сайхны тариа хийж байжээ


Зочид буудлын өрөө болон айлын гэрт гоо сайхны тариа хийж байгаа тухай иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд нэр бүхий хоёр иргэн зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу айлын гэрт эмчилгээний гоо сайхны /PRP, ботокс, филлер/ үйл ажиллагааг мэргэжлийн гоо заслын эмчийн лиценз, зөвшөөрөл, ямар нэгэн бичиг баримтгүйгээр явуулж, хүний нүүрэнд тарилга хийж байсан зөрчил илэрчээ.
Эдгээр иргэд өөрсдийгөө мэргэжлийн хяналтын байцаагч гэсэн бөгөөд хяналт шалгалтаар очсон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй байна. Мөн шалгалтын явцад хууль, дүрэм, стандартын дагуу шаардлага тавихад илэрсэн зөрчил, дутагдлыг байх ёстой зүйл мэт эсэргүүцэн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг үг хэлээр доромжилж, цахим сүлжээнд худал мэдээлэл нийтэлсэн байна.
Мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ, тарилгыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй эмч гүйцэтгэдэг бөгөөд энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хандаж өөрийн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг хууран мэхлэх, дарамтлах үйлдэл гарч байгаа тул тухай бүрт нь Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг зөвлөж байна.
С.АнарЭх Сурвалж: Olloo.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан