Сэрэмжлүүлэг: “Инфинити” эмнэлэгт хамраа өндөрлүүлээд хараагүй болжээ

Сэрэмжлүүлэг: “Инфинити” эмнэлэгт хамраа өндөрлүүлээд хараагүй болжээ
Сүүлийн үед цахим орчинд гоо заслын эмнэлгүүд ихээр сурталчилгаа хийх болсон. Харамсалтай нь бүх эмнэлгийн бүх ажиллагаа амжилттай болдоггүй ажээ. Тодруулбал “Инфинити” арьс гоо заслын эмнэлэгт хөөрхөн болох гээд хараагүй болсон тохиолдол гарсан байна.
Уншигч та хэрээ анзаарсан бол нэвтрүүлэгч С.Чимгээ “Инфинити” арьс гоо заслын эмнэлгийн сурталчилгааг хийж байгаа билээ. Тэгвэл уг эмнэлгийн их эмч, эмчилгээ эрхэлсэн эмнэлгийн дарга ажилтай Ё.О нь үйлчлүүлэгчийн хамар өндөрлөх тарилга хийхдээ алдаа гаргаж хараагүй болгожээ.
Тодруулбал, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Инфинити” гоо сайхны эмнэлэгт иргэн Ц.Э-т эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдлийг нэг бүрчлэн дурьдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй. Мөн Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр байгууллагаас гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүй, хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх, Канниула буюу мохоо зүүгээр дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйн улмаас судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүсч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Энэ хэргийн талаар хохирогч Ц.Э: “… 2019 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Инфинити гэх эмнэлэгийн 77186666 гэх дугаарт залгаж хөмсөг шивдэг Март гэх эмчийг ажиллаж байгаа эсэхийг асуухад ажиллаж байгаа гэсэн бөгөөд 15:00 цагт цаг авсан. Тэгээд 15:00 цагт тус эмнэлэг дээр очиход “Март гэх эмч байхгүй, өнөөдөр амардаг өдөр, та түр хүлээгээд сууж бай” гэж хэлээд захиралтайгаа “энд өмнө нь үйлчлүүлж байсан Э гэх хүн ирчихсэн байна, давхар эрүүний өөх хайлуулах эмчилгээнд ирсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл захирал нь “О гэх эмчтэй орж уулз” гэж хэлсэн байсан. Тэгээд би О эмчтэй орж уулзаад эрүүндээ тос түрхүүлээд байж байтал О нь надад “та эрүүний өөх хайлуулж байхаар, хамраа өндөрлүүлэх юм бол гоё юм байна” гэж хэлэхээр нь би “хэдэн төгрөг вэ” гэж асуухад “450.000 төгрөг” гэж хэлсэн. Тэр үед би хариу хэлээгүй байхад миний эрүүнд тариа хийж байгаад нэг мэдсэн чинь миний хамарт тариа тарьсан, миний хамарны доод хэсэг болон дээд хэсэгт 2 удаа хатгасан. Хоёр удаа хатгаад миний хамарнаас их цус гарч байсан тэр үед О нь “судас дайрчихсан юм байхдаа, яагаад ингэж их цус гараад байгаа юм бол” гэж хэлсэн. Тэгээд миний хамранд утас гүйлгээд тэр эмэгтэй надад “таньд их хэмжээний филлер орох юм байна, шовойгоод гоё болгох юм байна” гэж хэлээд утас гүйлгэсэн нүх рүүгээ тариа шахсан.
Тариа шахаад хэдхэн секундын дараа миний нүдэнд оч манараад явсан. Нүдээ нээж үзэхэд миний зүүн нүд юм харахгүй байсан тул би “миний нүд юм харахгүй байна” гэж орилсон. Би орилоход миний хэл ам нэг л сонин болоод толгой руу хатгуулж өвдөж байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан, ухаан ороод харахад эмнэлэгийн машинд суусан байсан… 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгдо эмнэлэгийн эрчимт эмчилгээнд орсон, миний биед тариа хийлгэснээс болоод тархинд цус харвасан, мөн зүүн нүдний дор гадны биет байна гэсэн дүгнэлт гарсан…
Намайг эмнэлэгт хэвтэж байхад “Инфинити” эмнэлэгийн ажилтан гэх хүн надад “хамар өндөрлөх тариа хийлгэж утас гүйлгэхэд хурууны өндөгнөөс цус авахад ялгардаг цустай ижил хэмжээний цус гардаг судас дайрсан тохиолдолд л их хэмжээний цус гардаг.
… Би зөвхөн эрүүндээ филлер хайлуулах тариа хийлгэх гэж очсон. Урьд нь би тэр эмнэлэгт арьс чангалах эмчилгээг хоёр удаа хийлгэж байсан. Энэ үед эмнэлгийн захирал Цэрэнноров “эрүүний чинь филлер хайлахгүй бол дахиад ирээрэй, манайх үнэгүй дахиж аппаратанд оруулна” гэсэн. Ингээд 3 дахь удаа очсон нь ийм зүйл болсон. О эмч “та наад эрүү гэж байхаар хамраа өндөрлөчихөөч, ёстой гоё болно, жижигхэн царай чинь тодроод гоё болно, хөөрхөн ч нүдтэй юм байна” гэсэн. Би үнийг нь асуугаад “хэр хугацаа орох юм бэ, би буцаад ажилдаа явна шүү дээ хавдах уу хөхрөх үү” гэж асуусан. Гэтэл О нь “асуудалгүй, хавдахгүй харин жоохон хөхөрч магадгүй” гэсэн. Тэгээд би за ч гээгүй байж байтал эрүүнд 4-5 удаа тарьснаа шууд хамар луу час хийтэл хатгасан. Намайг зөвшөөрөөгүй байхад тарьсан. Мөн эрсдэл тайлбарлаагүй, гарын үсэг зуруулаагүй, тарьлаа гэж анхааруулж хэлээгүй…” гэдгийг хэлсэн юм.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгасан. Шалгалтын явцад Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8525 дугаартай: “… С.Э-ийн биед зүүн нүдний хараагүйтэл, тархины зүүн дух, зулай, дагз баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын угалзанд шарх, дух, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.21, 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт гарсан байна.
Мөн хэргийг шалгах явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Байгальмаагийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай: “… Их эмч Ё.О нь 2010 онд ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжил, болосролын бакалавр зэрэгтэй төгссөн байна. Дипломын №Д201207429 дугаартай. Эмчлэх эрхийн №0023844 дугаар бүхий 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. … Хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүйгээс хүндрэл гарч хөхрөлт, хараагүй болох, арьсны үхжилт үүссэн байгаа нь тус эмнэлэгийн даргын баталсан “Филлер тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамж, гарч болох хүндрэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх тухай” эмнэлзүйн заавар, аргачлалд заасан дараах хэсгүүд зөрчигдсөн байна. Үүнд: Хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх ёстой. Канниула буюу мохоо зүүгээр эмчилгээ хийх аюулгүй гэх боловч дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйгээс судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүссэн. Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлэгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдлийг нэг бүрчлэн дурьдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зуруулах ёстой. Үйлчлүүлэгч Ц.Э нь гоо заслын ажилбар, эмчилгээний талаар зөвшөөрч гарын үсэг зураагүй байна. Дээрх байдлаас үзэхэд эмч Ё.О нь Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмч, мэргэжилтэн нар хуулинд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн…” гэх дүгнэлт гарсан.
Энэ хэргийн талаар алдаа гаргасан эмч Ё.О: “…“2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Инфинити арьс гоо заслын эмнэлэгт байрандаа байх үед Ц.Э гэдэг үйлчлүүлэгч ирсэн. Ц.Э нь манай гоо сайханч Мартыг асууж ирсэн. Март тэр өдөр амарч байсан. Манай ресепшн Батчимэг надад “захирал сая ярилаа, энэ хүнийг эрүү хэсэгт нь аппаратанд дахиад оруулаад өгчих гэнээ” гэсэн. Би Ц.Э-эй уулзсан. Би мэдээ алдуулах судас агшаах тос, эрүү болон хамар хэсэгт нь түрхсэн. 15-20 минутын дараа эхлээд эрүүнд филлер хайлуулах тариа хийсэн. Дараа нь хамарт нь дахиад мэдээ алдуулах тариа тарьсан. Уг тариаг хамрын үзүүр болон уг хэсэгт тарьж мэдээ алдуулсан. Дараа нь бүдүүн зүүгээр хамрын үзүүрт нүх гаргасан. Энэ үед хатгасан нүхээр цус гарсан. Тэгээд цусыг тогтоогоод дараа нь коллагентэй утас хийсэн. Дараа нь толинд харуулсан. Э “хүүе ээ, ийм хурдан юм уу, хүн мэдчихгүй байгаа, би буцаад ажилдаа очих ёстой” гэж хэлж байсан. Би “бага зэрэг хавдах байх, гэхдээ хүн анзаарахаар хэмжээний өөрчлөлт байхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд хамарны уг руу филлер тарьж эхэлсэн. Тарьж эхлээд удаагүй байтал Э “нүд эвгүй болж байна” гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би тарихаа зогсоосон. Зүүгээ сугалж аваад бэлэн хажууд байсан филлер хайлуулах тариагаа хамрын угт тарьсан. Э “нүд эвгүй болоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд багш Алтанзул руу залгасан. Алтанзул багш бол Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Арьс гоо заслын багш юм. Болсон явдлыг багшид хэлтэл багш “филлер хайлуулах тариа хий, үрэвсэл харшлын эсрэг тариа хий, судас тэлэгч эм өг” гэсэн. Өөрөөр хэлбэл “дексаметазон, виагра” хэрэглэх ёстойг зааж өгсөн. Ингээд дексаметазон тариа нь бэлэн байсан учраас тариаг өгзөгний булчинд хийсэн. Виагра эм байхгүй байсан учраас сувилагчийг эмийн сан руу авчруулахаар явуулсан. Тэгээд 103-т дуудлага өгч нэгдүгээр эмнэлэгт очсон. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн өдөр шинжилгээнүүд хийсэн боловч онош тогтоогдоогүй. Маргааш нь илүү нарийвчилсан шинжилгээнд орсон чинь “тархинд нь 2-3 газар жижиг хэмжээний цус харвалт үүссэн байсан” гэсэн онош тогтоогдсон. Эмчилгээний аюулгүй байдал стандарт, тэрэн дотороо коллагентэй утсыг хамарт хийх болон филлер тарилгаар хамар өндөрлөх эмчилгээг тус эмнэлгийн даргын баталсан арга, аргачлал, эмнэлэл зүйн зааврыг баримталж ажилласан. Мөн эмчилгээ хийх бүх үйлдлийн үед ямар эмчилгээ хийх гэж байгааг дэс дарааллаар тайлбарлаж, гарч болох эрсдэлүүдийг дурьдаж, эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар арга хэрэглэх ёстой гэдгийг хэлж тайлбарлаж байсан… Э-ийн хувьд өмнө нь эрүүндээ их хэмжээний филлер шахуулж байсан нь харахад мэдэгдэж байсан. Мөн барьж үзэхэд илүү мэдрдэгдэж байсан. Хамрандаа хийлгэж байсан эсэх нь харахад мэдэгдэхгүй байсан. Гэхдээ өөрөө надад хэлэхдээ “Солонгост байхдаа 10-аад удаа хамартаа, хацартаа эрүүндээ хийлгэж байсан. Эрүүнийх үлдээд хайлахгүй далийгаад байдаг учраас энийгээ янзалмаар байна, хамарных болохоор хайлсан” гэж хэлж байсан. Надад хэн ч туслаагүй. Гоо сайхны эмчилгээг ганцаараа хийдэг. Хүндрэл үүсч байх явцад дэргэд өөр хүн байгаагүй. Харин хүндрэл гарсны дараа нэг ажилтныгаа эмийн сан руу явуулсан. Тэгээд 103-т дуудлага өгч нэгдүгээр эмнэлэгт очсон. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн өдөр шинжилгээнүүд хийсэн боловч онош тогтоогдоогүй. Маргааш нь илүү нарийвчилсан шинжилгээнд орсон чинь тархинд нь 2-3 газар жижиг хэмжээний цус харвалт үүссэн байсан гэсэн онош тогтоогдсон. Эмчилгээний аюулгүй байдал стандарт, тэрэн дотороо коллагентэй утсыг хамарт хийх болон филлер тарилгаар хамар өндөрлөх эмчилгээг тус эмнэлгийн даргын баталсан арга, аргачлал, эмнэл зүйн зааврыг баримталж ажилласан. Мөн эмчилгээ хийх бүх үйлдлийн үед ямар эмчилгээ хийх гэж байгааг дэс дараалан тайлбарлаж, гарч болох эрсдэлүүдийг дурьдан, эрсдлээс сэргийлэхийн тулд ямар арга хэрэглэх ёстой гэдгийг хэлж тайлбарлаж байсан” гэж мэдүүлэг өгсөн байна.
Үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, гоо сайханд хохирол учруулсан хэрэгт эмч Ё.О-аас гадаад, дотоод эмчилгээний зардалд 29.000.000 төгрөг, зээлийн хүүнд 4.680.000 төгрөг, нийт 33.680.000 төгрөг, “ЭМ СИ ГРАНД” ХХК-й “ИНФИНИТИ” эмнэлгээс гадаад, дотоод эмчилгээний зардалд нийт 32.414.680 төгрөг сайн дураар нөхөн төлсөн байна. Гэсэн ч үйлчлүүлэгч цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд зардал 88 360 000 вон буюу 202.344.400 төгрөг шаардлагатай байгаа аж.
Уг нь “Инфинит” эмнэлэг нь 2005 оноос эхлэн гоо сайхны салбарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2017 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрүүл мэндийн үйлчилгээний стандартыг бүрэн хангасан эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй “Инфинит” арьс гоо заслын эмнэлэг-1, Гоо сайхны нөхөн сэргээх пластик мэс заслын эмнэлэг-1, нийт-2 салбар эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Цахим орчинд асар их сурталчилгаагаа сайн хийдэг. Гэвч ийнхүү үйлчлүүлэгчээ хохироосон үйлдэлд уншигч та дүгнэлт хийх биз ээ…
Цаашлаад гоо сайхны үйлчилгээ авахдаа анхаарал болгоомжтой хандаж, болзошгүй эрсдэл бүхнийг тооцоолох хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: TAC.mn
http://tac.mn/post/41271
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан