Оройтож унтах, хэтрүүлж идэх зэрэг нь эрүүл мэндэд муу гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл заримдаа бидний өдөр тутам хийж заншсан энгийн зуршлууд хүртэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг олон хүмүүс мэддэггүй. Жишээлбэл: Хамраа дарж эсвэл чимхэж байгаад найтаавал эмнэлэгт хүргэгдэх магадлалтай гэдгийг та мэдэх үү? Үүнээс гадна бохь ихээр зажлах үед шүдний ломбо унахаас гадна ой тогтоолт мууддаг гэдгийг мэдэж байсан уу? Энэ мэтчилэн бидний анзаардаггүй ч бие махбодод аюул учруулж байдаг зуршлуудыг танд хүргэхээр бэлтгэснийг хүлээн авна уу.
1. Хамраа чимхэж найтаах
Аюултай: Амьсгалын замын систем, толгойн судас, тархи, зарим тохиолдолд хоол боловсруулах эрхтэнд нөлөөлнө
Найтаахын үндсэн үүрэг бол биеэс нянг гадагшлуулах юм. Харин хүн найтаалтаа тэвчих үед гадагшлах ёстой байсан бүх нян гарч чадалгүйгээр биеэр эргэн тархдаг. Үүнээс гадна найтаалгах үедээ хамраа чимхвэл бүх хүч эргэн дотогш үйлчилж чихний хэнгэрэг хагарахаас эхлээд хоол боловсруулах зам ч гэмтэх өндөр магадлалтай.
2. Шүдний чигчлүүр хэрэглэх
Аюултай: Буйл
Шүдний эмч нар шүдний чигчлүүр хэрэглэхийг төдийлөн таашаадаггүй. Учир нь шүдний чигчлүүр шүдэнд муу нөлөө үзүүлэхгүй ч буйл гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг. Мөн шүдний чигчлүүр шүдний завсар дахь бохирдлыг хэзээ ч гүйцэд цэвэрлэж чадахгүй. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйгаа бодоод шүдний утсыг зөв ашиглаж сурахыг зөвлөж байна.
3. Нүүрээ дэрэн дээрээ нааж унтах
Аюултай: Амьсгал, цусан хангамж, нуруу нугас, нүүрний арьс
Нүүрээ дэрэндээ нааж унтах нь тухтай хэдий ч эрүүл мэндэд хортой байдаг. Ийм байрлалтайгаар унтах үед амьсгалахад хүндрэлтэй байхаас гадна хүзүүнд их хэмжээний ачаалал ирж байдаг. Үүнээс гадна нүүрэн дээр маш их үрчлээ үүсэх магадлалтай.
4. Хар самар шүдээрээ хагалах
Аюултай: Шүд, цөс
Хар самар амттай бас эрүүл мэндэд тустай. Харин бид хар самрыг цөмөхдөө л алдаа гаргаж эхэлдэг бөгөөд шүдээрээ биш гараараа цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Учир нь ингэж цөмөх нь шүдний завсар яс орох шүдэнд завсар гаргах гэх мэт олон асуудал дагуулж байдаг. Мөн түүнчлэн цөсний асуудалтай хүмүүст хар самар идэхийг хориглодог бөгөөд 100гр хар самар 500ккал илчлэгтэй байдаг байна.
5.Ямар нэгэн зүйл мэрэх
Аюултай: Буйл, шүд, амны хөндий
Ямар нэгэн хатуу зүйл мэрэх, хазах зуршилтай хүмүүсийн шүдний эмаль нь маш ихээр гэмтсэн байдаг. Тиймээс хатуу зүйлийг шүдээрээ онгойлгох, самар хазаж хагалах, хатуу чихэр хазаж идэх хэрэггүй. Ингэж чадвал та шүдээ гэмтэхээс хамгаалахаас гадна гэдэсний савханцар тусах эрсдэлээс сэргийлж чадна.
6.Өтгөн, шингэнээ гаргахгүй удах
Аюултай: Бөөр, шээсний зам, бүдүүн гэдэс
2018 онд Их Британид нэгэн хүү компьютерын тоглоом тасралтгүй 8 цаг тоглохдоо нэг ч удаа бие засаагүйн улмаас эмнэлэгт хүргэгджээ. Хүүгийн бүдүүн гэдэс болон давсаг нь маш их хөөсөн байдалтай байсан бөгөөд түүнийг хавдартай хэмээн таамаглахад хүрсэн аж. Харин энэ үйл явдал хүмүүст өтгөн, шингэнээ тэсэх нь эмч нарын хэлдэг шиг асар их хор, нөлөөтэй гэдгийг баталж өгсөн юм. Учир нь бид бие засахгүй хэт удвал биеийн булчин суларч, ажиллагаагүй болох аюултай байдаг байна.
7.Халуун усаар толгойгоо угаах
Аюултай: Тархины судас, толгойн арьс
Хэрвээ та халуун усанд шүршүүрт орох дуртай бол энэ зуршлаасаа салаарай. Нэгдүгээрт, хэт халуун усанд толгойгоо угаах нь толгой эргэх, толгой өвдөх шалтгаан болдог. Хоёрдугаарт, тосны булчирхай эрчимтэй ажиллаж, эргээд үс хурдан бохирдох болно.
8.Гараараа нүүр, нүдээ оролдох
Аюултай: Нүүрний арьс, нүд
Нүүрэн дээр батга гарах нь гаран дээрх бохирдол нүүрний арьсанд наалдсантай холбоотой байж болно. Түүнчлэн бохир гараараа нүдээ нухвал нүдний өвчин тусах магадлал өндөр болдог. Тиймээс бохир гараараа нүд болон нүүрэндээ хүрэх хэрэггүй.
9.Удаан хугацаагаар бохь зажлах
Аюултай: Ходоод, шүд, ой санамж
Бохийг урт хугацаанд зажлах нь дараах сөрөг үр дагаврыг авчирна. Үүнд:
Бохь зажлах үед ходоодны шүүс ихээр ялгардаг бөгөөд энэ нь ходоодны шарх, ходоод үрэвсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Бохь нь шүдэнд муугаар нөлөөлнө. Удаан хугацааны турш бохь зажлахад их хэмжээний шүлс ялгарч, шүдний ломбыг гэмтээдэг. Үүнээс гадна завж эрчимтэй хөдөлж байгаа учир амны хөндий гэмтэнэ.
Бохь нь ой санамжид нөлөөлдөг. Бохь зажлах үед ямарваа нэгэн зүйлд төвлөрөхөд тустай боловч богино хугацааны ой санамжийг муутгадаг байна.
10.Хэвтээгээрээ унших
Аюултай: Нүд, нуруу, хүзүү
Хэвтээгээрээ ямар нэг зүйл уншиж байх үедээ дараах дүрмийг баримтлаарай. Үүнд:
Номоо нүдтэйгээ хэт ойр барихгүй байх /25см-ээс цааш/
Бөгтийж хүзүүндээ ачаалал өгөхгүй байх
Хажуу талаараа хэвтэж уншихгүй байх. Нүдэнд өгөх ачаалал нэмэгдэх болно.
Гэдсэн дээрээ буюу доошоо харж уншихгүй байх
Хэдийгээр эдгээр зөвлөгөөг дагахад хэцүү ч өөрийн эрүүл мэндийн төлөө хичээгээд үзээрэй.
11.Жижиг шархыг долоох, үлээх
Аюултай: Нөхөн төлжихүй
Хуруугаа зүсчихээд хамгийн түрүүнд та юу хийдэг вэ? Хуруугаа долоох эсвэл үлээдэг.
Харвардын Их Сургуулийн эрдэмтэд хүний аман дотор 600 төрлийн бичил биет байдаг болохыг тогтоосон бөгөөд хурууны долоосон цус нь эдгээр нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс ямар ч тохиолдолд жижиг шархыг амандаа хийж, долоож болохгүй.
12.Шивнэж ярих
Аюултай: Хоолой
Дуучин Роберт Саталоффын үзэж байгаагаар хүмүүс шивнэж ярих үедээ хоолойгоо маш ихээр шахаж, хоолойдоо их хэмжээний ачаалал өгдөг гэнэ. Энэ нь хоолойд жижиг бэртэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Ялангуяа их ярьдаг хүмүүсийн хувьд нэлээд ноцтой асуудал юм.
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | solongonews.mn |